Б.Билгүүнзаяа: Танд тулгамдаж буй асуудал БУСДАД ч бас тулгамдаж байгаа


Иргэний Боловсролын Төв ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төсөлд оролцож байгаа багууд өөрийн амьдарч буй орон нутаг, сургууль, анги, сурагчдад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тусгасан төсөл бэлтгэн, түүгээрээ шийдвэр гаргагчдад нөлөөлөх замаар бодит өөрчлөлтийг бий болгодог онцлогтой. 

Бид энэхүү нийтлэлээрээ “Иргэн төсөл”-ийн оролцогч Б.Билгүүнзаяагийн түүхийг хуваалцаж байна. Тэрээр 2018 онд Эрдэнэт хотын 13-р бүрэн дунд сургуулийг төгссөн бөгөөд өдгөө Шинжлэх ухаан технологийн их сургуулийн компьютер график дизайны ангид суралцаж байгаа юм. Б.Билгүүнзаяа сургуулийнхаа дэргэдэх автомашины зогсоолын асуудлыг хэрхэн шийдэж, энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлага, суралцсан зүйлсээ бидэнтэй хуваалцсаныг хүлээн авна уу.


Сургуулиа төгсөх дөхсөн сурагчийн хөнгөн гуниг, их сургуулийн оюутан болох гэж яарсан догдлол хоёр зэрэгцэж ядан байсан тэр үед надад азаар ч гэх үү, хувь тавилангаар ч гэх үү “Иргэн төсөл”-д хамрагдах боломж тохиосон юм. Салхи шуургатай атлаа цаанаа л нэг хаврын урь орсон дулаахан өглөө сургуулийнхаа хаалгаар орж явахдаа өмнө нь ийм л байх ёстой мэтээр хүлээж авч, хэзээ ч асуудал гэж хүлээн авч байгаагүй тэр нэгэн зүйлээ олж харлаа. Тэр бол сургуулийн маань дэргэдэх автомашины зогсоол байсан юм. Яг л нүдээ боолгож байгаад боолтоо авахуулчихсан мэт тийм мэдрэмж төрсөн дөө.

Хамгийн сонирхолтой нь би энэ сургуульд бүтэн гурван жил сурахдаа үүнийг асуудал гэж ганц ч удаа хараагүй, шийдвэрлүүлэхээр нэг ч алхам хийж байгаагүйдээ хамгийн их урам хугарсан. Хэрвээ тэдгээр завгүй өдрүүдэд минь “Иргэн төсөл”-д хамрагдах боломж тохиогоогүй бол манай баг төслөө хэрэгжүүлэх нь битгий хэл сургуулийнхаа машины зогсоолыг асуудалтай байна хэмээн хүлээн зөвшөөрөөгүй явж байх байсан гэж би хааяа боддог юм.

Төсөл хэрэгжихээс өмнөх байдал

Одоо сургуулийнхаа гадаа очоод харахад өмнө нь байсан давчуу зогсоол, зориулалтын бус зам, энхэл донхол гэмтлүүд, замын түгжрэл, хүүхдүүдийн шуугиантай зэрэгцэх машины дуут дохио, замын тэмдэг тэмдэглэгээгүй байдал гээд олон бэрхшээл, асуудлуудаас үлдэж хоцорсон зүйл нь тэр бүх дүр зургийг шингээсэн бидний дурсамж юм болов уу.

Харин одоо тэр давчуу зогсоол хүрэлцээтэй болж, түгжрэл үүсгээд байсан замыг бүрэн хучилттай, нэг урсгалтай болгож, замын тэмдэг тэмдэглэгээг нэмжээ. Өмнө нь эрсдэлээр дүүрэн байсан тэр зам дүү нар маань сургуулийнхаа орчинд аюулгүй сурахад бага ч болов хувь нэмэр болсон гэж боддог.

Сургуулийн дэргэдэх автомашины зогсоолыг шинэчилж буй явц

Анх сумынхаа засаг даргын өрөөнд ороод асуудлаа ярьж эхлэхэд тэр хүн бидний яриаг тэгтлээ сайн сонсож, тэр дорхноо “Одоо шууд танай сургууль руу очъё” гэж хэлнэ чинээ төсөөлөөгүй. Бидэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж чадах эрх мэдэлтэй хүмүүс бидний дуу хоолойг сонсохгүй байх вий, асуудлыг маань шийдэхгүй байх вий гэж яагаад тэгтлээ их эмээдэг юм бол оо. Тэр айдсаасаа болоод бид яагаад ямар ч үйлдэл хийхгүй шүүмжлээд л, шүүмжлээд л байдаг юм бол оо гэж тэр үед бодож байсансан. Харин энэ төсөлд хамрагдаад хэн нэгнийг буруутгахгүйгээр асуудлыг хамтдаа шийдэж, шийдэж чадахгүй бол чадах хүнд нь дуу хоолойгоо хүргэж болдог гэдгийг маш сайн ойлгосон.

Энэ нийтлэлийг уншиж байгаа та заавал над шиг төсөл, сургалтад хамрагдаж дуу хоолойгоо хүргэх талаар суралцах бус өөрт тулгамдаж байгаа аливаа асуудлаар дуу хоолойгоо хүргэдэг байгаасай хэмээн уриалж байна. Учир нь танд тулгамдаж байгаа асуудал бусдад ч бас тулгамддаг гэсэн үг юм шүү дээ.

Төгсөх ангийн завгүй сурагчийн дүрээр бус, аль эсхүл төслийн уралдаанд ороод байр эзэлчихье гэсэн амбицтай охины дүрээр ч бус, дүү нар минь үлдэх, ирээдүй минь суралцах сургууль минь хэмээн бид бага ч болов аюулгүй орчинг бий болгохоор зорьсон. Хэрвээ би ганцаараа байсан бол хэзээ ч ийм үр дүнд хүрэхгүй байх байсан байх. Харин багаараа, хамтаараа байсан болохоор ийм үр дүн, амжилт гаргасан гэдгийг тэмдэглэхийг хүсэж байна.

Би хүүхэд болохоор мэдэхгүй, чадахгүй, болохгүй гэж дахиж хэзээ ч бодож чадахгүй байх аа. Харин ч хүүхэд болохоор чадна гэж хэлнэ. Би аливаа зүйлд зөвхөн өөрийгөө бодож хандахаасаа илүү “энэ нь бусдад хэрхэн нөлөөлөх бол оо” гэж өөрөөсөө асуудаг, боддог болсон минь хүртэл энэ төсөлд оролцсоны үр дүн.

Хэрвээ хэн нэгэн надаас сурагч насандаа суралцсан хамгийн чухал зүйл юу вэ хэмээн асуувал би багийн ажиллагаа, тэр дундаа энэхүү төсөлд оролцсон баг маань байсан хэмээн хариулна. Дан ганц миний амьдралд нөлөө үзүүлээд зогсохгүй өөрсдийгөө олон талаар хөгжүүлэх ямар ач холбогдолтойг анги хамт олондоо, сургуулийнхандаа үлгэрлэж чадсан маань бидний ажлын хамгийн чухал үр дүн хэмээн бодож байна.

Ингээд эцэст нь хэлэхэд энэ төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Иргэний боловсрол төв, төслийн удирдагч багш, сургагч багш нар болон сэтгэл гарган ажилласан Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт нарт үгээр хэлэмгүй их талархаж буйгаа илэрхийлье. Төслийн хугацаанд бидний оролдлого болгон алт шиг үнэт дурсамж байсан гэдгийг хэлэхэд таатай байна.

#Мэдээ #Хувь хүний хөгжил #Иргэн төсөл