ҮЗЭЭД ҮЗ: “Girl From Nowhere”


Уншигч таны чөлөөт цагт зориулан бэлтгэдэг “Үзээд үз” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт Тайландын “Girl From Nowhere” олон ангит киног санал болгож байна.

2018 онд үзэгчдийн анхаарлыг ихээхэн татсан энэхүү бүтээлийн хоёрдугаар бүлэг энэ сарын 7-нд Netflix-д нээлтээ хийх гэж байгаа юм. Харин та үүнээс урьтаж нэгдүгээр бүлгийг нь амжиж үзээрэй. Мэдээж энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй шүү.

“GIRL FROM NOWHERE” ГЭЖ ЮУ ВЭ?

Цувралын нэгдүгээр бүлэг нийт 13 ангитай бөгөөд Тайландын GMM 25 телевизээр 2018 оны наймдугаар сарын 8-нд, Netflix-ээр мөн оны аравдугаар сарын 31-нд үзэгчдэд хүрсэн юм. IMDb-гийн 7.7 үнэлгээтэй уг цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Нууцлаг, уран зөгнөлт энэхүү бүтээл нь ахлах сургуулийн орчинд үйлдэгддэг хүчирхийллийн тухай өгүүлэх юм. Та “Girl From Nowhere” цувралаас “гэм буруутай хэн ч болов уучлалт гуйх ёстой” гэж боддог охины түүхийг үзэх болно.

Үргэлжлүүлэн тус киноны тухай сонирхолтой долоон баримтыг хүргэе.

1. БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭВ

Ахлах сургуулийн амьдрал үргэлж гэгээлэг байдаггүй гэдгийг энэ бүтээлд тод томруунаар харуулсан. Өөрөөр хэлбэл, “Girl From Nowhere” цувралд гарч буй бүх хэрэг бодит амьдрал дээр болсон явдал бөгөөд кино зохиолыг үе тэнгийнхний дээрэлхэлт, бэлгийн дарамт зэрэг сургуулийн орчинд үйлдэгдсэн хүчирхийллийн хэргүүдээс сэдэвлэн бичжээ.

2. ЖҮЖИГЧИН KITTY

Өдгөө 28 настай жүжигчин Chicha Kitty Amatayakul нь кино урлагийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө Kiss Me Five хамтлагийн дуучин байсан билээ. Харин энэхүү кинонд гол дүрийн Nanno охины дүрийг бүтээж байгаа юм. Тэрээр дүрээ илэрхийлэхдээ “Hell Girl” нэртэй анимийн гол дүрээс санаа авсан тухайгаа хэлжээ. Та түүний жихүүдэс хүргэм төрхийг заавал үзээрэй.

Мэдээж Kitty хэмээх нэр та бүхний сонирхлыг татаж буй биз. Энэ тухай тэрээр “Намайг дөнгөж төрөхөд аав минь Японд байсан гэдэг. Аав минь ээж бид хоёрт бэлэг авах гээд хайж явахад нь Hello Kitty тоглоом хаа сайгүй байж л дээ. Тухайн үед Hello Kitty маш алдартай байсан болохоор надад Kitty гэдэг нэр өгсөн гэсэн” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байжээ. Мөн тэрээр хэзээ нэгэн цагт Joker-ийн дүрийг бүтээхийг хүсдэг аж.

3. 13 АНГИ 13 ӨӨР НАЙРУУЛАГЧ

Та энэхүү цувралын анги бүрээс шинэлэг мэдрэмж авах болно. Учир нь тус бүтээл дээр 13 өөр найруулагч ажиллажээ. Жүжигчдийн хувьд ч мөн адил шинэлэг байсан бөгөөд долоо хоног бүр шинэ ур чадварт суралцаж байсан тухайгаа ярьсан юм.

4. KITTY БА NANNO

Гол дүрийн жүжигчин Kitty “Nanno-г Сатаны охин гэж тодорхойлбол тохиромжтой байх. Миний хувьд дүрээ ойлгоход багагүй хугацааг зарцуулсан. Нэгэнт Nanno ямар ч гомдох, гэмших мэдрэмжгүй учраас би ч бас тийм зан чанарыг харуулах гэж их хичээлээ” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр киноныхоо дууг өөрөө дуулжээ.

5. БИДНИЙ ДОТОРХ “NANNO”

Бүх хүний дотор Nanno бий. Өөрөөр хэлбэл, тэр бол хүн бүрийн эго бас бусдаас нуухыг хүсдэг нэг тал нь гэсэн үг. Жүжигчин Kitty-гийн тодорхойлсноор “Тэр юу зөв, юу буруу гэдгийг шийддэггүй ч бусдын бурууг шүүх дуртай. Хийсэн алдааныхаа төлөө хэн ч болов шангаа хүртэх ёстой гэж боддог бидний доторх нэгэн хэсэг” хэмээсэн юм.

6. БҮТЭЭЛИЙН ХАМГИЙН ЧУХАЛ САНАА

Тайландын телевизийн цувралууд дундаа зохиолын өвөрмөц шийдлээрээ ялгарсан уг бүтээл сургуулийн орчны хүчирхийлэл, дарамт болон өсвөр үеийнхэнд тулгардаг бусад асуудлуудыг маш зоригтойгоор харуулсан. Мөн феминизмийн өнгө аяс ч багтжээ. Өөрөөр хэлбэл, ямар ч хүчирхийллийн гол хохирогч нь үргэлж эмэгтэй хүн байх ёсгүй бөгөөд тэд ч бас хариу тэмцэж чаддаг гэдгийг үзүүлэхээр зорьсон аж.

Кино багийнхан “Үйлийн үрээс хүчтэй зүйл гэж үгүй. Энэ бол бидний хэлэхийг хүссэн хамгийн чухал мессеж” хэмээжээ.

7. ХОЁРДУГААР БҮЛЭГТ...

Энэхүү цувралын хоёрдугаар бүлэг найман ангитай бөгөөд киноны үйл явдал цоо шинэ сургууль, хэний ч мэдэхгүй хэргүүд, хамгийн хэрцгий өшөө авалтуудаар үргэлжлэх юм. Уншигч таны заавал үзэх цувралуудын нэг гэдгийг дахин сануулъя.

“Girl From Nowhere” киноны нэгдүгээр бүлгийн танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Wikipedia, Cosmopolitan

#Кино урлаг #Үзээд үз #Girl From Nowhere