Өөрийгөө олж, мэргэжлээ сонгоход тань туслах ТАВАН сорил


Цэцээ | YOLO.MN
2021-04-29

Төгсөх ангийн сурагчдад тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол ямар чиглэлээр ажиллах вэ гэдгээ сонгох буюу ирээдүйн мэргэжлээ зөв тодорхойлох. Хүн бүр л “хүссэн юмаа хий” “сонирхолтой зүйлээ л дага” гэж хэлдэг боловч өсвөр насанд үүнийг тодорхойлох хэцүү байдаг.

Хэрэв танд ийм асуудал байгаа бол өөрийгөө танихад тань бага ч атугай туслах таван үнэгүй цахим сорилыг танилцуулж байна.

/Жич: Нэрэн дээр дарахад цахим сорил руу үсэрнэ./

16 PERSONALITIES

Энэхүү сорил нь нийт 100 асуултаас бүрдэнэ. Бүтцийн хувьд “Бусдад өөрийгөө танилцуулах хэцүү байдаг” гэх мэт асуултад 1-7 оноо өгөн хариулна. Хариулж дууссаны дараа таны ерөнхий зан чанар, сайн муу талууд, хайр сэтгэл болон ажил дээрх харилцаа, тохиромжтой мэргэжил зэргийг харуулна.

Мөн тантай адил сэтгэлзүйн хэв шинжтэй олны танил хүмүүсийг ч харуулдаг. Сонирхолтой бөгөөд маш найдвартай сорил тул 15 минут зарцуулахаасаа бүү залхуураарай!


TEST COLOR

Дараагийн танилцуулах сорил маш сонирхолтой хэрнээ үр дүнтэй. Та зүгээр л гарч ирэх өнгөнүүдээс дуртайгаа эхэлж сонгосоор дургүйгээ хамгийн сүүлд нь сонгоход л болно. Утгагүй мэт санагдаж болох ч хоёрхон минутын дотор сонгосон өнгүүдээр таны зан чанарыг хангалттай хэмжээнд сонжих аж. 

 


VISUALDNA

Энэ сорил нь дан зургаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл та өгөгдсөн зурагнуудаас л сонгоно. Бөглөхөд 5-6 минут шаардагдах ба дууссаны дараа таны ерөнхий зан чанар, амьдралд хандах хандлага зэргийг харуулна.


SOKANU

Сокану сорил асуултад хэрхэн хариулж байгаа дээр тань үндэслэн тохирох мэргэжлийг санал болгоно. Эхний асуултад хариулахад л танд тохирох 15 мэргэжил гарч ирдэг. Ийнхүү асуултад хариулах тусам танд илүү тохирсон сонголтууд гарч ирэх болно.  

 


AREALME

EQ буюу сэтгэл хөдлөлийн чадвар нь өнөө үед хүнийг IQ буюу сэтгэн бодох чадвараас илүү тодорхойлдог гэж үзээд байгаа билээ. Харин энэхүү сорил нь асуулт асуухаас илүүтэйгээр тодорхой нэг нөхцөл байдалд таныг хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг асууна.

Энэ бүх сорилыг бөглөх нь танд бага ч атугай тусална гэж найдаж байна. Ханиа зөв сонгох нь сайхан амьдралын хагас. Харин мэргэжлээ зөв сонгох нь сайхан амьдрахын нөгөө хагас гэдэг шүү дээ. Тиймээс мэргэжлээ анхааралтай зөв сонгохыг хүсье.

#Хувь хүний хөгжил #Мэргэжил сонголт #Боловсрол