"ОСКАР-2021": Chadwick Boseman Шилдэг эрэгтэй дүрийн шагналаа алдлаа


Миау | YOLO.MN
2021-04-26

Бидний нэрлэж заншсанаар Оскарын наадмын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслол өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн Академийн шагнал гардуулах ёслол ялагчдаа тодруулахаасаа ч өмнө түүхийн хуудсыг шинэчилжээ. Тухайлбал түүхэндээ анх удаа Африк-Америк гаралтай уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн продюсерийн багийнхан “Шилдэг кино” номинацид, Ази гаралтай хоёр ч жүжигчин “Шилдэг эрэгтэй дүр” номинацид, хоёр эмэгтэй найруулагч “Шилдэг найруулагч” номинацид тус тус нэр дэвшээд байгаа билээ. Үүнээс бид дэлхий дахин жил ирэх тусам соёлын олон талт байдлыг хүлээн зөвшөөрдөг болж байгааг харж болох юм.

Ингээд уг наадамд ялалт байгуулсан онцлох бүтээлүүдийг танилцуулж байна. 


ШИЛДЭГ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ АНИМЭЙШН – “IF ANYTHING HAPPENS I LOVE YOU”

Нийт 12 минутын турш үргэлжлэх “If Anything Happens I Love You” богино хэмжээний анимэйшний зохиолч, найруулагчаар нь Will McCormack болон Michael Govier нар ажиллажээ.

Үйл явдлын тухайд хайртай ганц охин нь сургууль дээрээ буудуулан нас барсны дараа шаналан хоцорч, энэ үйл явдалтай нүүр тулах гэж хичээж буй хосыг харуулдаг. Трейлэрийг нь үзэхэд л нүдэнд нулимс цийлэгнэх энэхүү уран бүтээлийг бид видео стрийминг үйлчилгээний Netflix сүлжээнээс үзэх боломжтой юм.

Хэрэв та Netflix-д бүртгэлтэй бол энэхүү богино хэмжээний анимэйшнийг ЭНД дарж бүрэн эхээр нь хүлээн аваарай.


ШИЛДЭГ АНИМЭЙШН – “SOUL”

Хүний амьдралын утга учир, хүсэл мөрөөдөл, аз жаргалыг мэдрүүлсэн "Soul" анимэйшн нээлтээ хийсэн даруйдаа кино шүүмжлэгч болон үзэгчдээс өндөр үнэлгээ, сэтгэгдлийг хүлээн аваад байсан билээ. Тиймдээ ч энэ удаагийн наадамд уг бүтээл "Шилдэг анимэйшн", "Шилдэг киноны хөгжим" төрөлд ялалт байгуулах нь бараг л тодорхой байсан гэж хэлж болох юм. 

Хэрэв та "Soul" анимэйшнийг одоо хүртэл үзэж амжаагүй байгаа бол заавал үзэхийг зөвлөж байна. 


ШИЛДЭГ ЭФФЕКТ - “TENET”

Бүх цаг үеийн шилдэг найруулагчдын нэгт зүй ёсоор багтах Christopher Nolan-ий ээлжит бүтээл “Tenet” энэ жилийн Оскарын наадмын “Шилдэг эффект” шагналыг хүртлээ.

Сонирхуулан хэлэхэд тэрээр уг киноны санааг бүтэн 20 жилийн турш толгойдоо бодсон гэдэг. 


ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР - YOUN YUH-JUNG

Өнөөдрийг хүртэл 130 гаруй кино уран бүтээлд дүрээ мөнхөлсөн алдарт жүжигчин Youn Yuh-Jung 93 дахь удаагийн Оскарын наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналын эзнээр тодорлоо.

Тэртээ 1967 онд буюу 20 настай кино урлагийн ертөнцөд хөл тавьж байсан тэрээр энэ бүх жилүүдэд солонгос олон ангит цувралыг шимтэн үзэгчдийн дунд алдартай нэгэн байсан ч дэлхий дахинд хараахан танигдаагүй байсан юм. Харин “Minari” (2020) түүнийг ийнхүү дэлхийд таниулж чадлаа. 


ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР - ANTHONY HOPKINS

Өнгөрсөн оны наймдугаар сард жүжигчин Chadwick Boseman бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас нас барсан нь олон сая хүмүүсийн сэтгэлийг шархлуулсан билээ. Тэрээр нас барахаасаа өмнө “Ma Rainey’s Black Bottom” хэмээх уран бүтээлд Levee гэх хөгжимчин залуугийн дүрийг бүтээсэн ба уг дүрээрээ “Алтан бөмбөрцөг” тэргүүтэй олон наадмаас “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн.

Тиймдээ ч ихэнх хүмүүс түүнийг Оскарын наадмаас ч мөн хамгийн нэр хүндтэй шагналыг нь хүртэнэ хэмээн найдаж байсан ч уг шагналыг ахмад жүжигчин Anthony Hopkins “The Father” киноны дүрээрээ авлаа. 

Эх сурвалж: CNBC

#Кино урлаг #Оскар #2021