Түүний над руу хардаг ХАРЦ НЬ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨГДЖЭЭ, яах вэ?


Сондор | YOLO.MN
2016-09-27

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Бид одоо салж ч магадгүй болчихоод байна

Би түүнийг алдахыг үнэхээр хүсэхгүй байна. Би түүндээ маш их хайртай. Гэтэл одоо салж ч магадгүй болчихоод байна. Яах вэ?

Би найз хөвгүүндээ үнэхээр хайртай. Хэдий үерхээд сар хагас л болж байгаа ч гэсэн би хайртай. Гэтэл сүүлийн үед тэр надаас хөндийрөөд байгаа нь мэдрэгдэх болсон. Надруу хардаг тэр нүдний харц өөрчлөгдөх үед л би ямар нэгэн зүйл болохгүй байгааг ойлгосон. Би түүнийг алдмааргүй байна. Түүний сэтгэл хөрчихсөн юм болов уу? Гэтэл тэр саяхан "Хоёулаа нэг сар харьцахгүй байх уу?" гэж асуусан.

Надад үнэхээр хайртай эсэхээ мэдмээр байна гэсэн учраас би түүнд зөвшөөрсөн. Тэр өчигдөр өөр охинтой авахуулсан зургаа фэйсбүүкд тавьснаас болж манай найз элдэв юм ярьж тэр охинтой муудалцсан. Уг нь би тоохгүй байх гэсэн юм. Тэгээд тэр надаас ингэж асуусан. "Бид цаашаа явж чадах болов уу?". Түүнийг ингэж хэлэх үед тэнгэр нураад уначих шиг л болсон.

Гэхдээ бид ярьснаараа нэг сараа өнгөрөөхөөр болсон. Тэр сүүлд нь "Би бас чамайг алдмааргүй л байна" гэсэн. Тэр үнэхээр надад хайртай хэвээрээ болов уу? Би түүний хувьд хэн юм бол оо? Нэг сарын дараа бид ямар байдалтай байх бол? Би түүнийг алдахыг үнэхээр хүсэхгүй байна. Би түүндээ маш их хайртай. Гэтэл одоо салж ч магадгүй болчихоод байна. Яах вэ? Би түүнийг хажуудаа байлгахын тулд юу хийх хэрэгтэй юм бол оо?


ЗӨВЛӨГӨӨ:  Болоогүй зүйлийг болох мэтээр бодож өөрийгөө зовоож болохгүй

Хэрвээ танд гарах үр дүн нь тодорой мэт санагдаж байгаа бол тохиролцсон хугацаа дууссаны дараа тийм зүйл болох болсон шалтгааныг тодруулах нь зөв шүү.    

Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Та хоёрын хооронд ярилцаж тохиролцсон зүйл байгаа юм байна шүү дээ. Тиймээс юун түрүүнд тохирсон хугацаагаа дуусгах хэрэгтэй болов уу? Түүний дараагийн гарсан шийдвэрээс шалтгаалж дараа дараагийн алхмыг хийсэн нь дээр.  Харин танд зөвлөх зөвлөгөө маань энэ хугацаанд ямар нэгэн болчимгүй алхам хийж, болоогүй зүйлийг болох мэтээр бодож өөрийгөө зовоож болохгүй. Хэрвээ танд гарах үр дүн нь тодорой мэт санагдаж байгаа бол тохиролцсон хугацаа дууссаны дараа тийм зүйл болох болсон шалтгааныг тодруулах нь зөв шүү.                                  

Танд амжилт хүсье.                 
              


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers