ҮЗЭЭД ҮЗ: “Sell Your Haunted House”


Бид өмнөх нийтлэлдээ “Taxi Driver” (2021) олон ангит киног танилцуулсан. Тэгвэл энэ удаа KBS телевизийн “Sell Your Haunted House” цувралыг санал болгож байна. Нийтлэлд маань ямар ч спойлер агуулагдаагүй шүү!

“SELL YOUR HAUNTED HOUSE” ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү бүтээл нь 16 ангитай бөгөөд энэ сарын 14-нд үзэгч олны хүртээл болсон юм. Инээдмийн, уран зөгнөлт төрлөөр хийгдсэн тус бүтээлийн найруулагчаар “School 2017” киноны Park Jin Seok ажиллажээ.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Муу ёрын сүнс, чөтгөр шүглэсэн байшинг л худалдан авдаг үл хөдлөх хөрөнгийн компани байдаг бол яах вэ? Тэгвэл та энэхүү киноноос сүнстэй тулалдагчдын адал явдлыг үзэх болно.

Үргэлжлүүлэн тус цувралын тухай сонирхолтой долоон баримтыг хүргэе.

1. JANG NA RA-ГИЙН ШИНЭ ТӨРХ

“Successful Story of Bright Girl” (2002) буюу “Сэргэлэн Охин Ян Сун”-ы дүрээрээ та бидний сэтгэлд хоногшсон жүжигчин Jang Na Ra нь энэхүү цувралд гол дүр бүтээж байгаа юм. Гэвч энэ удаа тэрээр хөгжилтэй, өхөөрдөм бус хүйтэн хөндий, сүнстэй тулалдагч эмэгтэйн дүрээр эргэн иржээ. Тэрээр өөрийн дүрийн тухай:

- “Хүчирхэг, бие даасан, шийдэмгий эмэгтэйн дүрд тоглохыг үргэлж хүсдэг байлаа. Энэ дүр нэг талаараа миний чадварыг сорьж байгаа гэж бодож байна. Би дүр дээрээ маш их хичээж ажилласан. Түүний үйл хөдлөл бүр нь эрэмгий, өөртөө итгэлтэй байх ёстой учраас дуу хоолойноос эхлээд л доод өнгөөр ярих хэрэгтэй болсон. Хамгийн их бэлдсэн хэсэг нь нүдний харц байлаа. Үзэгчидтэйгээ өөрийн шинэ төрхөөрөө уулзаж байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ.

2. ДУУЧИН, ЖҮЖИГЧИН JUNG YONG HWA

CNBLUE хамтлагийн дуучин Jung Yong Hwa нь 2009 оноос кино урлагийн ертөнцөд хөл тавьсан юм. Тэрээр “You’re Beautiful” (2009), “Heartstrings” (2011) зэрэг уран бүтээлүүдэд тоглосон туршлагатай нэгэн билээ. Yong Hwa мөн л цоо шинэ дүр төрхийг бүтээж байгаа бөгөөд энэ тухай:

- “Юун түрүүнд муу ёрын сүнс зайлуулагчийн тухай шинэхэн цувралд дүр бүтээх болсондоо туйлын баяртай байна. Миний дүр бол зөвхөн өнөөдөртөө бүхнээ зориулдаг, гэнэн цайлган төрлийн залуу. Би муу ёрын сүнс, чөтгөрийн тухай цуврал, жүжиг гээд бараг бүгдийг нь үзсэн шүү. Харин тэдгээрээс миний дүр хамгийн гэгээлэг, хөгжилтэй гэдгээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшоосой гэж хүсэж байна” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр киноныхоо “I Got Ya” нэртэй дууг дуулжээ.

3.  ЖҮЖИГЧДИЙН ХАРИЛЦАА

Аливаа уран бүтээлийн амжилт нь жүжигчдийн харилцаа, хоорондын ойлголцлоос шууд хамаардаг. Тэгвэл “Sell Your Haunted House” киноны гол дүрийн жүжигчид бие биенийхээ тухай ийнхүү ярьжээ.

Jang Na Ra: Yong Hwa бол үнэхээр гэгээлэг зан чанартай, хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг жүжигчин. Тэр кино зураг авалтын үеэр үргэлж эерэг уур амьсгал бий болгодог болохоор түүнээс урам зориг их авсан шүү!

Jung Yong Hwa: Jang Na Ra бол маш туршлагатай жүжигчин. Бид бие биенээ илүү сайн мэддэг болохын тулд олон зүйлийн тухай ярилцаж суусан. Тиймээс бид маш сайхан харилцаатай байдаг. Харин энэхүү харилцаа маань дэлгэцэнд хэрхэн буусныг үзэгчдэдээ хурдхан харуулмаар байна” хэмээн тус тус ярьсан юм.

4. КИНО БАГИЙНХНЫ ҮНЭЛГЭЭ

Кино багийн продюсерүүдийн хэлж буйгаар “Jang Na Ra бол хайрцагнаас гарч сэтгэдэг жүжигчин. Тэр энэхүү киногоор өмнө нь харуулж байгаагүй сэтгэл татам шинэ төрхөө харуулах бөгөөд үзэгчид ч түүний энэ байдалд татагдах нь гарцаагүй” хэмээсэн юм.

Харин найруулагч Park Jin Seok “Jang Na Ra-г хүмүүс яагаад биширдгийг би зураг авалтын үеэр илүү их ойлгосон. Тэр кино багийн бүх л хүнтэй эелдэг харьцахын зэрэгцээ кино багаас хамгийн хичээнгүй ажилласан хүн нь байсан” гэж ярьжээ.

5. ҮЗЭГЧДИЙН ХУВЬ

Өөрсдийн гэсэн өнгө төрхийг солонгосын кино ертөнцөд бий болгосон Jung Yong Hwa, Jang Na Ra нарын цоо шинэ төрхийг харуулах энэхүү цуврал нь орон даяар 5.6 хувийн үзүүлэлттэй байгаа юм.

Кино багийн хэлж буйгаар “Онцгой дүрүүд шигээ гүн утга агуулгатай түүх, мэдрэмжтэй зураг авалттай учраас та бүхэн заавал үзээрэй” гэжээ.

6. ЖҮЖИГЧИН KANG MAL GEUM

2010 онд жүжигчний гараагаа эхэлсэн бөгөөд энэхүү бүтээлд таван хэлээр төгс ярьдаг, чадварлаг эмэгтэйн дүрийг бүтээж байгаа юм. Түүний тухай сонирхолтой баримтаас дурдахад тэрээр “Mouse” (2021) цувралын Ba Reum-ийн авга эгчийн дүрд тоглож байгаа билээ. Жүжигчин Kang Mal Geum өөрийн бүтээж буй дүрийн тухай,

- “Энэ бол миний анхны том дүр учраас үнэхээр догдолж байна. Би гайхалтай зохиол болон найруулагчдаа маш их итгэж байгаа. Энэ бүтээл амьдралын минь гайхалтай дурсамжуудын нэг байх болно” хэмээн ярьжээ.

7. ЧАДВАРЛАГ УРАН БҮТЭЭЛЧИД

“Sell Your Haunted House” бүтээлээс үзэгч та бүхэн зураг авалтын гайхалтай шийдлүүдийг үзэх болно. Тэр дундаа сүнстэй тулалдаж буй хэсгүүдийг шимтэн үзээрэй.

Уран зөгнөлт хэсгийн компьютер графикийг “Hotel Del Luna” (2019), “Memories of the Alhambra” (2018), “Train to Busan” (2016) зэрэг уран бүтээлүүдийн баг хамт олон хийжээ. Мөн тулааны урлагийн хэсгүүдэд “Arthdal Chronicles” (2019), “Vagabond” (2019) бүтээлүүдийн хөдөлгөөний багш нар ажилласан юм.

Та хэрвээ “Сэргэлэн Охин Ян Сун”-ы ширүүн төрхийг харахыг хүсвэл “Sell Your Haunted House” олон ангит киног яг одоо эхлүүлээрэй. Цувралын албан ёсны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Soompi

#Кино урлаг #Үзээд үз #Sell Your Haunted House