ЗАХИДАЛ: Дөрөвдүгээр сарын захидлын хариу №6


ССҮТөв | YOLO.MN
2021-04-19

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Өөрийгөө жул гэж бодох юм

Сайн байна уу? Би 15 настай. Гунигаа ойрын нэг жил шахуу дотроо тээн явлаа. Ээж маань зүрх муутай. Уурлавал намайг хүний муугаар хэлж зүхдэг. Мөн найзууд маань надаас нууцаар групп нээсэн гэдгийг саяхан олж мэдсэн. Цаг үргэлж жийгдсэн мэдрэмж авдаг гэвэл хилсдэхгүй.

Бас зарим хүмүүс дургүйг нь хүргэвэл амандаа бувтнан хараана. Цаг ямагт намайг шоовдорлох мэт харьцдаг. Амиа хорлох талаар бодож эхэллээ. Хичээл дээр мөн сонирхолгүй болж бүр мэргэжлээ ч сонгож чадахгүй өөрийгөө жул гэж бодох юм.

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ илэрхийлж байгаарай

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Бусад хүмүүс чамтай сайхан харилцаасай, чамтай эелдэг дотно байж, дулаан мэдрэмж төрүүлээсэй гэж хүсэж байгаа юм шиг санагдлаа. Жилийн хугацаанд таагүй мэдрэмжтэй явсан нь чамд амаргүй байсныг ойлголоо.

Чамд тулгараад байгаа асуудлыг илүү тодорхой болгохын тулд дараах асуултыг асуулаа. Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай. Чи найзуудаасаа ямар шалтгааны улмаас нууцаар групп нээсэн талаар асуусан уу? Энэ нь чамд таагүй санагдаж байгаа талаар хэлсэн болов уу? Тэдний чамтай харилцаж байгаа байдал нь чамд таагүй мэдрэмж төрүүлж байгаа талаар хэлж, хоорондоо ярилцаж үзсэн үү? Мөн ээжийнх нь уурлахдаа хэлсэн үгс нь чамайг гуниглуулсан талаар хэлсэн болов уу?

Захидлаас уншихад чи өөрт төрж буй мэдрэмжээ төдийлөн илэрхийлдэггүй юм шиг санагдлаа. Өөрт төрж байгаа таатай, таагүй гээд бүхий л мэдрэмжээ бусдад илэрхийлж байх нь сэтгэл санааг тайван, тогтвортой болгодог. Тиймээс өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлж байхыг хичээгээрэй. Ингэхдээ тайван дуу хоолойн өнгөөр өөрт төрсөн сэтгэгдлээ хэлж болно. Тухайлбал, “Таныг тэр үед уурласан байсныг ойлгож байна. Гэхдээ таны хэлсэн тэдгээр үгс намайг гомдоосон. Таныг надтай ингэж ... харилцаасай гэж хүсэж байна” гэх мэт. Ингэснээр бусад хүмүүс чамайг юу мэдэрч, юу хүсэж байгааг мэдэх боломжтой. Мөн бусдад хэлэхийг хүсэхгүй байгаа өөрт төрсөн бодол мэдрэмжээ бичиж байхыг хичээгээрэй. Энэ нь сэтгэл санааг тайван байхад тусалдаг. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Дандаа миний буруу болж төгсөөд байгаад үнэхээр гомдолтой санагддаг

Сайн байна уу? Нэгдүгээрт, би энэ жил 11-р анги. Хөл хорионы үеэр суралцах нь их хүнд сорилт болж байна. Анагаахын чиглэлээр суралцах бодолтой байгаа ч яг юунаас эхлэхээ мэдэхгүй байна. Ангидаа тэргүүлэх сурагч ч гэсэн хэзээ ч өөртөө сэтгэл хангалуун байгаагүй.

Хоёрдугаарт, би бусад хүмүүсээс арай өөр юм шиг санагддаг боллоо. Хүмүүстэй харилцах надад улам л хэцүү болж байна. Хүмүүст хэлэх гэж байгаа зүйлээ сайн ойлгуулж чадахгүй байгаа юм шиг санагдаж, үүнээсээ болоод зүгээр л ярихаа болихоор шийдсэн. Бусдад тайлбарлаж ойлгуулмаар байсан ч ойлголцохгүй юм шиг болохоор амаа хамхиад өнгөрдөг болсон. Бас ойрд хар дарж зүүдлэх нь ихсэх боллоо. Ойр дотнын хайртай хүмүүс маань үхэж байна гэж зүүдэлж, уйлж сэрэх болсон.

Гуравдугаарт, гэр бүлтэйгээ ялангуяа дүүтэйгээ ойлголцох хэцүү болж байна. Аав, ээж дүүтэйгээ сайхан харьцаатай бай гэдэг ч үнэхээр ядаргаатай санагддаг. Миний зөв байхад ерөөсөө дүүд үг хэлдэггүй. Би тэд нарт үргэлж л сайн сайхныг хүсэж зөв шаардлага тавихыг хичээдэг. Ярилцах гэж хичээсэн ч ээж бас л уурлаад өнгөрсөн. Явж явж дан миний л буруу болж төгсөөд байгаад үнэхээр гомдолтой санагддаг.

ЗӨВЛӨГӨӨ: Тэд мэдэхгүй байгаа ч юм билүү? 

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Ойр дотнын хүмүүс чинь чамайг ойлгоосой, дэмжээсэй, чамд шударга хандаасай гэж хүсэж байгааг ойлголоо. Захидалд өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй байгаа юм шиг санагдсан гэж бичжээ. Юу чамд ийм мэдрэмж төрүүлсэн бэ? Хэзээнээс чамд өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрөх болсон бэ?

Хэд хэдэн шалтгаанаас болж бид өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Бусдад шүүмжлүүлэхээс санаа зовж байгаа үед, бусдад итгэхгүй байгаа үед бид өөрсдийгөө ойлгуулж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж авдаг. Тэгэхээр чиний хувьд аль нь байх боломжтой вэ? Гэвч бид өөрсдийгөө илэрхийлж, мэдрэмжээ гадагшлуулах нь харилцаанд үл ойлголцол үүсгэхээс сэргийлж, сэтгэл санааг тайван, тогтвортой байхад тусалдаг. Тиймээс бага зэрэг хүндрэлтэй байж болох хэдий ч өөрийгөө бусдад илэрхийлж байхыг хичээгээрэй. Аав ээжийнх нь үйлдэл чамд ямар мэдрэмж төрүүлж байгааг тэд өөрсдөө мэдэхгүй байгаа ч юм билүү? Тийм болохоор захидал бичих эсвэл тайван дуу хоолойн өнгөөр хоорондоо дахин ярилцаад үзээрэй. Учир нь нэг удаагийн оролдлого бус олон удаагийн оролдлого хүнд хүрч, тодорхой хэмжээний мэдрэмж төрүүлдэг.

Мөн өөрийгөө бусдад ойлгуулахын тулд өөрийгөө юу мэдэрч байна вэ, юу хүсэж байна вэ, юу бодож байна вэ гэдгээ ойлгож тодорхойлсон байх хэрэгтэй байдаг. Учир нь чи өөрийгөө ойлгосноор бусдад өөрийгөө ойлгуулахад илүү хялбар байдаг. Мөн биеийн хэлэмж маш их мэдээллийг дамжуулж байдаг учир өөрийн биеийн хэлэмж, нүүрний хувирал чинь чамайг ярьж байхад ямар байна вэ гэдгээ анзаараарай.

Захидалд анагаахын чиглэлээр суралцах бодолтой байгаа гэж бичжээ. Ямар учраас анагаахын чиглэлийг сонирхож байгаа вэ? Хэрэв энэ чиглэлээр сонирхож байвал биологи болон химийн чиглэлээр ЭЕШ өгөх боломжтой. Мөн энэ талаар ангийн багш эсвэл холбогдох хичээлийн багш нараасаа мэдээлэл аваарай. Мөн АШУҮИС-ийн сургалтын албатай холбогдон мэдэхгүй зүйлээ асуугаарай. Элсэлттэй холбоотой мэдээллийг ЭНД дарж уншаарай. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


АСУУДАЛ: Сайн найзыгаа алдахаас айж байна

Сайн байна уу? Би 7-р ангийн сурагч, 12 настай охин байна. Би бага ангидаа маш олон найзуудтай байсан. Бас бүх хичээлдээ онц авдаг байлаа. Жил болгон ямар нэг зүйлийн дарга болдог байсан. Нэгдүгээр ангидаа ангийн дарга, хоёрдугаар ангидаа ариун цэврийн дарга, гурав, дөрөв, тавдугаар ангидаа салааны дарга гээд л.

Одоо бол юуны ч дарга биш. Тэгээд дунд ангид ороод сурлага маань муудсан. Яагаад гэвэл хичээл сургууль орохгүй бараг л хоёр жил болсон. Теле хичээл орж байгаа ч анхаарал төвлөрөхгүй, ойлгохгүй, зүгээр л хийсэн зүйлээ багш руугаа яараад явуулчихдаг. Хэрвээ явуулахгүй нэг өдөр болчихвол ээждээ загнуулдаг болсон. Би онц сурах ёстойгоо мэдэж байгаа ч нэг л залхуу болчихсон байсан.

Би үеийнхээ охидоос намхан бас тарган. Үүнээс болоод би нэг хэсэг жаахан гадуурхагдсан. Дасгал хийж, дэглэм барьсан ч миний биеийн онцлогоос болоод турж өгөхгүй л байна. Дунд ангид орсны дараа найзууд маань надтай найзлах хүсэлгүй байгаа юм шиг надаас холдоод байдаг болсон. Одоо найзалж байгаа найзууд маань надтай хэрэг гарахаар л холбогддог. Жишээ нь хэдэн долоо хоног сураггүй байснаа гэнэтхэн л "Хичээлээ хийсэн үү?" гэх мэт. Харин хичээл сургуулиар орж байх үед "Даалгавраа хуулуулаач, Мөнгө байна уу?" л гэдэг байсан. Намайг цайны мөнгөгүй ирсэн өдөр бол тоох ч үгүй. Гэхдээ би найзуудаа алдахыг хүсээгүй учраас байнга "За" гэж хэлдэг байсан. Гэхдээ тэд намайг найзаа гэж боддоггүй байх.

Гэхдээ муугийн хажуугаар сайн зүйл байдаг шиг надад нэг маш сайн найз байдаг юм. Бид хоёр бага ангидаа тийм сайн найзууд биш байсан ч одоо бол зүү орохын аргагүй сайн найзууд. Бид хоёрыг юу ойртуулсан бэ гэвэл тэр бага ангидаа яг л одооны над шиг хэцүү зүйл туулж байсан. Би сайн найзыгаа алдахаас хамгийн их айж байна. Тэр надад байгаа ганц сайн найз маань шүү дээ. Яаж энэ айдсаас салах вэ? Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Сонирхолтой байдлаар хичээллээрэй

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Найзууд чинь чамтай чин сэтгэлээсээ харилцаасай гэж хүсэж байна гэж ойлголоо. Хүмүүс хоорондоо найзалж байгаа үедээ бие биенээ дэмжиж, санаа тавьж, бие биетэйгээ бодол мэдрэмж, хийх дуртай зүйл, сонирхлоо хуваалцдаг. Харин найзууд чинь чамтай бодол мэдрэмжээ хэр их хуваалцдаг вэ? Захидалд бичсэн шиг тэд чамаас зөвхөн даалгавар асуух, мөнгө зээлэх гэх мэт байдлаар холбогдож харилцдаг бол энэ нь нөхөрлөлийн харилцаа гэж хэлэх төдийлөн боломжгүй. Тиймээс чамд эдгээр нь таагүй санагдаж байвал найзуудтайгаа ярилцаад үзээрэй. Магадгүй тэд чамд ийм сэтгэгдэл төрүүлснээ мэдэхгүй байгаа ч юм билүү? Ингэхдээ найзуудынх нь ямар үйлдэл чамд ямар санагдсан бэ? Мөн яагаад ингэсэн бэ гэдгийг асуух боломжтой. Ингэснээр тэд чамд ямар мэдрэмж төрж байгааг мэднэ. Мөн тэд чамайг найзаа гэж боддог ч эсэхийг мэдэх боломжтой. Хүмүүс өөрсдөд нь санаа тавьж, бодол мэдрэмжийг нь сонсож, ойлгох хүн байгаа үед ганцаардах нь бага байдаг. Тийм болохоор чамайг ойлгодог, сонсдог, чи ч гэсэн түүнийг ойлгож сонсдог, хамт байхад тухтай найздаа цагаа зарцуулах нь чамайг ганцаардахгүй байхад тусална.

Харин сайн найзтайгаа мэдрэмжээ чөлөөтэй хуваалцдаг юм шиг санагдлаа. Ямар учраас сайн найзаа алдах вий гэж айж байна вэ? Энэ талаар найзтайгаа ярилцаж үзсэн болов уу? Өөрт төрж байгаа мэдрэмжээ найздаа илэрхийлэхийг хичээгээрэй. Ингэснээр найз чинь чамд ямар мэдрэмж төрж байгааг мэдэхээс гадна хэрхэн даван туулах талаар хамтдаа ярилцан шийдвэрлэх боломжтой.

Харин хичээлээ хийх тухайд найз нөхөдтэйгөө хамтран хичээлээ хийх нь сурах сонирхлыг бий болгодог. Тийм болохоор даалгавраа хийхдээ найзтайгаа видео дуудлага хийгээрэй. Ойлгоогүй зүйлсээ хоорондоо ярилцаж, багшийнхаа и-мэйл рүү захидал бичиж эсвэл утсаар ярьж асуух боломжтой. Тиймээс өөрийгөө залхуу болж байна гэж голохгүйгээр найзтайгаа хамт эсвэл хамт хичээлээ давтах боломжтой хүүхэдтэй хамт сонирхолтой байдлаар хичээлээ хийгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter