Кпопын эргэн тойронд: Хөл хорионы дэглэм зөрчсөн хэмээн Jennie-г буруутгав


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2021-04-19

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН ХЭМЭЭН JENNIE-Г БУРУУТГАВ + YG ЭНТЕРТАЙНМЕНТИЙН ТАЙЛБАР

BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie-г хөл хорионы дэглэм зөрчсөн байж болзошгүй хэмээн олон хүмүүс шүүмжилсэн бөгөөд үүнд YG энтертайнмент албан ёсоор тайлбар өгчээ.

Jennie дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Кёнги мужид байрлах мод үржүүлгийн газарт очсон бөгөөд Инстаграмдаа зайрмаг барьсан долоон хүний зураг нийтэлсэн нь олон нийтээс шүүмжлэл дагуулсан юм. Учир нь одоогоор Өмнөд Солонгост хөл хорио тогтоосон байгаа бөгөөд тав болон түүнээс дээш тооны хүн цугларахыг зөвшөөрөөгүй аж.

Харин YG энтертайнментаас, “Jennie зураг авалт хийлгэх гэж мод үржүүлгийн газарт очсон” гэсэн тайлбар өгсөн байна.

Мөн Jennie-гийн зүгээс шүүмж дагуулсан зургуудаа устгажээ.

BTS ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

BTS хамтлаг тавдугаар сард шинэ уран бүтээл гаргахаар болжээ.

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр BTS хамтлагийг тавдугаар сарын 21-ний өдөр шинэ уран бүтээл гаргана хэмээн мэдээлсэн байна. Харин Big Hit энтертайнментаас, “Бид уран бүтээлчдийнхээ төлөвлөгөөг эцэслэн шийдсэнийхээ дараа албан ёсоор мэдээлэх болно” гэсэн хариулт өгчээ.

“ALLURE” СЭТГҮҮЛ CL-ИЙГ ОНЦЛОВ

Allure сэтгүүлийн тавдугаар сарын дугаарт дуучин CL онцгой зочноор оролцжээ. Тус сэтгүүлийн “The Best of Global Beauty” дугаар нь гурван өөр зочинтой, гурван өөр хавтастайгаар худалдаанд гарах аж.

Өмнөд Солонгосын шилдэг хамтлаг болох 2NE1 хамтлагийн ахлагчаар дуучны карьераа эхлүүлсэн CL өдгөө соло уран бүтээл туурвиж байгаа билээ. Тэрээр Allure сэтгүүлд цаашдын төлөвлөгөө болон залуу үеийнхэнд өөртөө итгэлтэй байх талаар зөвлөгөө өгсөн байна. Ингэхдээ:

- “Хэрвээ нүүрээ давхарлаж будаад, мэс засал хийлгэмээр байвал өөртөө “чи байгаагаараа л хөөрхөн” гэж байнга хэлж бай. Би өөртөө тэгж хэлж сануулдаг юм” гэжээ.

Мөн “Хүмүүс намайг кпоп дуучин гэж боддог байх. Харин заримынх нь хувьд алдартай дуучин аль эсвэл сайн эгч, дотнын найз нь байх. Би хэний ч бодлыг өөрчлөхийг хүсэхгүй байна. Нэг хайрцагт баригдаж амьдрахыг хүсдэггүй болохоор хүмүүс зүгээр л хүссэнээрээ бодох хэрэгтэй” гэжээ.

B.I ШҮТЭН БИШРЭГЧДЭДЭЭ БАЯРТАЙ МЭДЭЭ ДУУЛГАЛАА

iKON хамтлагийн ахлагч асан Hanbin буюу B.I дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “ID” (BE IDENTITY/아이디) нэртэй фэнклубээ байгуулж буйгаа мэдэгджээ.

Фэнклуб нь кпоп оддын хувьд бараг л уламжлал болсон ойлголт бөгөөд ихэнх алдартнууд өөрсдийн албан ёсны фэнклубээ байгуулж, шүтэн бишрэгчидтэйгээ холбоо тогтоодог аж. B.I:

- “Та бүхнийг сайн байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байна.

Цэцэгс дэлбээлж эхэлсэн болоод ч тэр юм уу, та нарыгаа илүү их санаж байна.

“Re-Birth” дуугаа цаг зав ихтэй байхдаа зохиосон юм. Энэ бол миний чин сэтгэлээ зориулж бичсэн захидал шиг уран бүтээл байгаа юм. Миний сэтгэлийг мэдэрсэн байх гэж найдаж байна.

ID гэдэг нь “Be Identity” гэсэн үгийн товчлол бөгөөд та нар намайг бүрэн гүйцэд болгодог гэсэн утгатай. Шинэ нэр таалагдсан байх. Хамтдаа илүү гэрэл гэгээтэй маргаашийг бүтээцгээе” гэжээ.

BLACK6IX ХАМТЛАГ ТАРЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр BLACKHOLE энтертайнментаас BLACK6IX хамтлаг тарах гэж буйг мэдэгдлээ. Тус энтертайнментаас:

- “Сайн байна уу? BLACKHOLE энтертайнмент байна.

Юун түрүүнд BLACK6IX хамтлагийг дэмжиж байсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

BLACKHOLE энтертайнментийн BLACK6IX хамтлагийн гишүүдтэй хийсэн гэрээний хугацаа дууссан тул цаашид уг хамтлагийн албан ёсны үйл ажиллагаа дуусаж байгааг мэдэгдье.

BLACK6IX хамтлагийг дэмжиж хайрлаж байсан бүх хүнд баярлалаа” гэжээ.

BLACK6IX хамтлаг 2017 онд “Please” нэртэй анхны уран бүтээлээрээ кпоп ертөнцөд хөл тавьж байжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд