ҮЗЭЭД ҮЗ: Өшөө авагч “Taxi Driver”


“Үзээд үз” цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт SBS телевизийн “Taxi Driver” (2021) цувралыг танилцуулахаар бэлдлээ. Гэмт хэрэг, уран зөгнөлт кинонд дуртай уншигчдадаа уг бүтээлийг тусгайлан санал болгож байна. Мэдээж энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй.

“TAXI DRIVER” ГЭЖ ЮУ ВЭ?

“Taxi Driver” олон ангит кино нь “Penthouse” цувралын хоёрдугаар бүлгийн дараа үргэлжлэн гарч байгаа юм. Энэ сарын 9-ний өдөр нэгдүгээр ангиа үзэгчдийн хүртээл болгосон ба нийт 16 ангитай. Ижил нэрт вэбтүүнээс сэдэвлэсэн энэхүү цувралын кино зохиолчоор “Fabricated City” (2017) киноны Oh Sang Ho, найруулагчаар “Doctor Detective” (2019) цувралын Park Joon Woo нар ажиллажээ.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Хуулийн дагуу хариуцлага хүлээгээгүй гэмт хэрэгтэнд шийтгэл өгдөг тусгай байгууллагын тухай өгүүлэх онц сонирхолтой кино юм. Таны өмнөөс өшөөг тань авах тусгай таксины жолоочид тохиолдох адал явдлыг “Taxi Driver” цувралаас үзээрэй.

Үргэлжлүүлэн уг олон ангит киноны тухай сонирхолтой долоон баримтыг хүргэе.

1. ПОСТЕР ЗУРГУУДЫН УТГА

Танилцуулга зурагнаасаа эхлээд л сонирхол татахуйц шинэ цуврал...

Энэхүү кино нь үндсэн гурван постер зурагтай бөгөөд тус бүрт өөр дүрслэл байгааг ажиглаарай.

  • ТАНИЛЦУУЛГА ЗУРАГ 1

“Rainbow” такси үйлчилгээний багийнхан инээмсэглэн зогсох энэхүү зургийн дээд хэсэгт “Үхэж болохгүй. Өшөөгөө ав! Бид асуудлыг тань шийдэж өгье” гэсэн бичиг харагдаж байна. Хуульд итгэхээ больж, аргаа мухардсан хохирогчдын асуудлыг шийдэхэд тусална гэсэн утгатай зураг аж.

  • ТАНИЛЦУУЛГА ЗУРАГ 2

Хоёр дахь зурагт тэд шударга ёсны төлөө тэмцэхээр явж байна. Мөн зургийн дээд хэсэгт “Ганцхан удаа залгахад л хангалттай” гэсэн үг бичжээ. Сайтар ажиглаваас киноны бас нэгэн дүр тэднийг ажиглан зогсож байна.

  • ТАНИЛЦУУЛГА ЗУРАГ 3

Харин энэхүү зурагт “Та надад хэлж чадах уу? Яагаад үхмээр санагдтал хэцүү байсныг...” хэмээн бичжээ.

2. ХОЁР ЖИЛИЙН ДАРААХ ЭРГЭН ИРЭЛТ

Жүжигчин Esom хоёр жилийн дараа телевизийн олон ангит киногоор эргэн ирж байна. Энэхүү цувралд тэрээр Kang Ha Na-гийн дүрийг бүтээж байгаа бөгөөд дүрийнхээ тухай ийнхүү ярьжээ:

- “Кино зохиол маань надад үнэхээр таалагдсан. Миний дүр их сэтгэл татам байсан учраас энэ бүтээлд тоглохыг эргэлзэлгүйгээр зөвшөөрсөн л дөө. Kang Ha Na бол шийдэмгий, зоригтой, эхлүүлсэн ажлаа заавал дуусгадаг төрлийн эмэгтэй. Аливаа зүйлд богино хугацаанд хариу үйлдэл үзүүлж, өөртөө итгэлтэй байдаг нь түүнийг сэтгэл татам харагдуулдаг гэж бодож байна” хэмээн хэлсэн юм.

3. ЖҮЖИГЧИН LEE JE HOON

“Signal” (2016), “Tomorrow With You” (2017) зэрэг бүтээлээрээ алдартай жүжигчин Lee Je Hoon нь энэхүү цувралын гол дүр юм. Түүнээс зураг авалтын үед юу хамгийн хэцүү байсан тухай асуухад:

- “Би өмнө нь тулаан голчилсон кинонд тоглож байгаагүй л дээ. Тиймдээ ч зураг авалт эхлэхээс өмнө тулааны урлагаар хэсэг хугацаанд хичээллэсэн. Бид үзэгчдэд чанартай зүйл харуулах хэрэгтэй шүү дээ. Зодоонтой хэсгийн зарим зураг авалтад жинхэнээсээ бэртэх тохиолдол ч байлаа. Хэдий тийм ч кино багийн, тэр дундаа жүжигчдийн харилцаа маш сайхан байсан учраас бүх зүйлд сэтгэл хангалуун байна” хэмээн хариулжээ.

4. КИНО БАГААС ХАСАГДСАН НЬ

“Taxi Driver” киноны Ahn Go Eun-ы дүрд April хамтлагийн Lee Na Eun тоглох байсан. Гэвч түүний ахлах сургуульдаа бусдыг дээрэлхдэг байсан тухай мэдээлэл гарснаар кино багийн бүрэлдэхүүнээс хасагдсан юм. Тухайн үед зураг авалт 60 хувьтай хийгдсэн байсан ч түүний хэсгийг шинэ жүжигчнээр орлуулан дахин авчээ.

5. ЗАЛУУ ЖҮЖИГЧИН PYO YE JIN

Дээр өгүүлсэн Ahn Go Eun-ы дүрийг залуу жүжигчин Pyo Ye Jin бүтээсэн бөгөөд тэрээр энэхүү цувралын тухай:

- “Хоёр жилийн дараа эргэн ирж байгаадаа маш их баяртай байна. Гэхдээ үүнээс илүү өөрийнхөө дүрийг онцолж яримаар байна. Тэр өөрийнхөөрөө, дураараа төрлийн эмэгтэй. Тиймээс Go Eun-ий өвөрмөц зан чанарыг тодотгохын тулд би үсээ тайруулж сор тавиулсан. Киноны бүх зүйл миний хувьд шинэ туршлага байсан болохоор найруулагчийн маань дэмжлэг надад их тус хүргэсэн” хэмээн ярьсан юм.

6. ҮЗЭГЧДИЙН ХУВЬ

“Taxi Driver” цувралын эхний хоёр анги цацагдсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадлаа. Тодруулбал, улс даяар 13.5 хувь, Сөүл хотод 15 хувийн үзүүлэлтэд хүрсэн бөгөөд энэ нь шинээр эхэлж буй цувралын хувьд өндөр амжилт юм.

7. ТЭД КИНОГОО ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Киноны гол дүрийн жүжигчид болох Lee Je Hoon, Esom нар “Taxi Driver” киног ийнхүү тодорхойлжээ.

Esom: Анги бүрийн үйл явдал нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх болно. Сүүлийн үед хохирогчидтой ёс зүйгүй харьцах, хэргээ хуулийн дагуу шийдвэрлүүлж чадахгүй байх зэрэг шударга бус асуудлууд олноор гарах болсон шүү дээ. Яг ийм асуудлыг шийддэг залуусын тухай өгүүлэх “Taxi Driver” бүтээлээс маань үзэгчид гарцаагүй сэтгэл ханамжийг авах болно.

Lee Je Hoon: “Taxi Driver” бол сүүлийн үеийн кинонуудаас их өөр өнгө аястай. Нийгмийн олон янзын асуудлыг маш урнаар дүрсэлсэн учир үзэгчдэд нэгийг бодуулна гэж найдаж байна. Үзэгч та бүхэн энэхүү бүтээлийг минь дэмжиж өгөөрэй!

“Таксины жолооч” хэмээх сонирхолтой нэрийн ард таныг юу хүлээж байгаа бол? Киноны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Soompi

#Кино урлаг #Үзээд үз #Taxi Driver