Сайн дурын ажилд оролцохын 5 ДАВУУ ТАЛ


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2016-09-26

Дэлхийн хамгийн алдартай бизнесмэн хог түүж, хамгийн ухаантай эрдэмтэн муу сурлагатан байж , хамгийн баян тэрбумтан ажлын гараагаа гражаас эхэлж , умгар өрөөнөөс дэлхийг өөрчилсөн гоц ухаантан төрсөн тухай түүхүүдийг бид мэднэ. Тэд бүгд л хамгийн жижиг зүйлс л хамгийн том зүйлд хүргэдэг гэдгийг үгээрээ ч үйлдлээрээ ч сургамжилдаг нь үнэн. Бид хэдэн зуун мянган алдартангуудын түүхийг сонсож, хэдэн зуун ном уншсан ч бид алдсаар л байдаг.

Гагцхүү өөрөө алдсан хойноо ахиж алдахгүй гэдгээ ухаардаг нь үнэн шүү дээ. Тиймээс бидэнд үргэлж туршлага хэрэгтэй болж бүгдийг шинээр, жижгээс эхлэх шаардлагатай болдог. Туршлага бидний амьдралдаа хийсэн нэг л жижиг үйлдлээс эхэлж алдаа, оноо болж хуримтлагдсаар биднийг бүтээдэг шүү дээ. Харин нийгэмтэй илүү ойр байж, шинэ санаа бодож болох, шинэ танилуудаар хүрээгээ нэмэх цаашлаад өөрт байгаа боломжоо хүссэн зүйлдээ ашиглахад сайн дурын үйл ажиллагаа, өдөрлөгт оролцох давуу талтай байдаг.

1. Хэн ч хэлэхгүй, хаана ч заахгүй хичээл
Сайн дурын ажил бол тэр чигээрээ хичээл. Энэ хичээл чамд онолын мэдлэг өгөөд дадлага ажил хийлгэж буй мэт чадварыг эзэмшүүлдэг химээр бол лабаратори, математикаар бол бодлого юм. Эндээс чи ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, гэртээ заалгахгүй зүйлсийг мэднэ бас сурна. Жинхэнэ амьдрах ур чадвар, хувь хүний бие даасан чадварыг суралцана. Ийм л ажил чамайг гэрийн ажлаас илүү хүмүүжүүлдэг.

2. Хамгийн сайн тодорхойлолт
Чи гадаадад сурахыг хүсдэг бол сайн дурын ажил чамайг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлтийн нэг болдог гэдгийг санаарай. Дан ганц товч намтар, тэтгэлэгт өрсөлдөхийн тулд энэ бүхэн ач холбогдолтой биш бөгөөд бусдад хэн гэдгээ батлах хамгийн ойлгомжтой, тодорхой үйлдэл бол сайн дурын ажил юм. Энэ нь чамайг хариуцлагатай, өөртөө итгэлтэй, ур чадвартай, бие даасан хувь хүн гэдгийг чинь баталж буй хэрэг юм.

3. Хаанаас ч олохгүй боломж
Боломж хүн бүрт байдаггүй. Гагцхүү хичээсэн, хөдөлмөрлөсөн, хайсан хүмүүс л энэ боломжоос шүүрч, атгаж үлддэг. Сайн дурын ажил чамд маш олон боломжийг нээж өгдөг. Нэг л мэдэхэд маш олон танилтай болсон байгаагаа анзаарч, хаана ч явсан ганцаардахгүй гэдгээ мэдэрнэ. Ихэвчлэн томоохон үйл ажиллагаанууд сайн дурын ажилтан хайдаг бөгөөд энэ нь зохион байгуулалтын баг шилдэг гэдгийн баталгаа юм. Тиймээс тэдгээр хүмүүсээс суралцаж, хамтран ажиллаж, үнэлүүлж, зөвлөгөө авч, найзууд, ах дүүс болох хүртэл боломжтой. Чи өөрөө ч мэдэлгүй тэдний нэг болсон байгаагаа анзаарах болно.

4. Өөрийгөө таньж мэдэх агуу нээлт
Өөрийнхөө далд авьяасаа олж мэдээд би өөрийгөө хэн бэ гэдгээ мэдсэн гэж ярьдаг уу? Яг үнэндээ чи бол багахан нээлт хийсэнтэй ялгаагүй юм. Мэдээж нээлт хийх ярвигтай төвөгтэй гэдгийг бид мэднэ. Гэвч сайн дурын ажил өөрийгөө таньж мэдэх нээлтэд тань хамгийн сайн туслагч байж чаддаг. Маш олон төрлийн ажил хийж үзсэнээр яг юунд дуртайгаа, ямар зүйлийг сайн хийж байгаагаа мэдэж чадна шүү дээ.

5. Чиний оролцоо бусдыг өөрчилдөг
Чиний оролцоо хэн нэгнийг, магадгүй нийгмийг тэр аяараа өөрчлөгдөхөд хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг мартаж болохгүй. Чиний хийсэн багахан тус хэрэгтэй нэгний амийг нь аварч, чиний хийсэн багахан үйлдэл хэн нэгэнд үлгэр дууриалал болж, чиний хэлсэн ганцхан үг бусдын үзэл бодлыг өөрчилж байдаг гэдгийг мэдэх нь маш чухал юм.  

Ингээд олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй байж, олонтой танилцаж тэднээс сурч мэдэж, танилын хүрээгээ өргөжүүлж нийгэмд хэрэгтэй хүн болоорой. Гэхдээ нэг зүйлийг сануулахад олон нийтийн ажилд оролцож байна гээд зорилгогүй, өөрийн сорирхлын дагуу бус зүйлст цагаа дэмий үрэхээс зайлсхийгээрэй. Учир нь чи залхах, хийж буй зүйлдээ дургүй болох магадлалтай юм шүү. Амжилт хүсье wink

#volunteer #freetime