Кпопын эргэн тойронд: BIGBANG болон 2NE1 хамтлаг шинэ уран бүтээл гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-04-12

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

BIGBANG ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Dazed сэтгүүл 13 жилийн ойн баяртаа зориулж тусгай дугаар гаргасан ба тус дугаарт BIGBANG хамтлагийн G-Dragon ярилцлага өгсөн байна. Тэрээр хувцас загвар, дуу хөгжим, ойрын үед хийж байгаа зүйлсийнхээ тухай хуваалцжээ.

G-Dragon хамгийн сүүлд утсан дээрээ ямар тэмдэглэл бичсэн бэ гэсэн асуултад тэрээр BIGBANG хамтлагийн дууны үгийг бичиж байгаа тухайгаа цухас дурдсан байна. Тодруулбал, “Би ойрын өдрүүдэд тэмдэглэл бичихээс илүү BIGBANG-ийн дуун дээр анхаарч ажиллаж байна. Дуутайгаа холбоотой түлхүүр үгсийг хайж, тэднийгээ бичдэг болохоор миний утасны тэмдэглэл /notes/-ийн ихэнх нь түлхүүр үгс байгаа” гэжээ.

Ийнхүү Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр “удаан хугацааны туршид хүлээлт үүсгээд байсан BIGBANG хамтлаг шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байгаа нь тодорхой боллоо” хэмээн шуугьсан байна. Мөн тэрээр Chanel брэндийн тухай ярихдаа:

- “Хүн бүр Chanel брэндээр өөр өөрийн өнгө төрхийг илэрхийлдэг. Би бол гэнэтийн зүйл туршиж үзэх дуртай. Chanel-ээс эхлээд “тансаг” брэндүүд ямар нэг хүйсээр хязгаарлагдахаа больсон байна. Өөрөөр хэлбэл хувцсанд эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйс байхгүй болсон. Энэ нь надад маш хөгжилтэй, сонирхолтой санагдаж байна” гэжээ.

VICTORIA SM ЭНТЕРТАЙНМЕНТТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ СУНГАХГҮЙ

F(x) хамтлагийн гишүүн асан Victoria-гийн SM энтертайнменттай хийсэн гэрээний хугацаа дууссан бөгөөд тэрээр гэрээгээ дахин сунгахгүй байхаар шийджээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр энэ тухай мэдээлэл гарсны дараа SM энтертайнментаас, “Victoria-тай хийсэн гэрээ дуусгавар болсон нь үнэн” гэсэн тайлбар өгсөн байна. Хэдийгээр Victoria SM энтертайнментийг орхиж байгаа боловч “олны жишгээр” SM энтертайнментийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийж, уран бүтээлчийнхээ цаашдын карьерт нь амжилт хүсдэг уламжлалтай. Гэвч Victoria-г ийнхүү гарахад нь ганцхан өгүүлбэрээр тайлбар хийсэн нь Victoria болон SM энтертайнментийн харилцаа тийм ч таатай төгсөөгүйг харуулж байна.

Victoria өнгөрсөн сард “Шинжаан хөвөн”-гийн асуудлаас болж H&M компанитай хийсэн гэрээгээ цуцалсан төдийгүй “Нэг Хятад” бодлогын тууштай дэмжигч гэдгээ илэрхийлсээр ирсэн юм. Энэ үйл явдал нь солонгосчуудын дургүйг хүргэсэн бөгөөд Victoria-г бойкот хийх уриалга гарсан аж.

YERI БОЛОН HONGSEOK НАР ХОСЫН ДҮР БҮТЭЭНЭ

Red Velvet хамтлагийн гишүүн Yeri болон PENTAGON хамтлагийн Hongseok нар “Blue Birthday” нэртэй олон ангит кинонд хосын дүр бүтээхээр болжээ.

Yeri арван жилийн өмнө анхны хайраа алдсан Oh Harin гэх эмэгтэйн дүрийг бүтээх бол Hongseok түүний анхны хайрынх нь дүрд тоглоно. Мөн тэд арван жилийн өмнөх үе рүүгээ буцаж дахин уулздаг аж.

Энэхүү уран зөгнөлт олон ангит кино нь энэ зун цацагдах ба зураг авалт нь тун удахгүй эхлэхээр болжээ. 

2NE1 ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

2NE1 хамтлагийн гишүүн асан дуучин Park Bom саяхан “Do Re Mi Fa Sol” нэртэй шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон юм. Ийнхүү “KBS Kool FM” радио нэвтрүүлэгт оролцож шинэ дуу болон цаашдын төлөвлөгөөнийхөө тухай хуваалцжээ.

Тэрээр цаашид бүрэн хэмжээний цомог гаргаж, онлайн тоглолт зохион байгуулах бодолтой байгаагаа дурджээ. Мөн ярилцлагын явцад 2NE1 хамтлагийн тухай ярихдаа хамтлагаараа нэг бүтээл бичүүлж дуусгасан хэмээжээ. Хөтлөгч түүнээс энэ талаар ярьчихвал зүгээр юм уу гэж асуухад “Тийм ээ. Манай хамтлагийн гишүүд хоолойгоо бичүүлээд дуусчихсан. Гэхдээ яг хэдийгээр цацагдах нь тодорхойгүй байна” хэмээжээ. Ийнхүү Allkpop сайтаас 2NE1 хамтлагийг шинэ уран бүтээл гаргана хэмээн мэдээлжээ.

2NE1 хамтлаг 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр кпоп ертөнцөд хөл тавьсан бөгөөд харамсалтай нь 2016 онд тарж буйгаа мэдэгдсэн юм. Хэдийгээр хамтлаг нь тарсан боловч хамтлагийн гишүүд сайн харилцаатай байгаа гэдгээ мэдэгдэж, боломж олдвол уран бүтээл хамтдаа хийнэ хэмээн шүтэн бишрэгчдэдээ хэд хэдэн удаа амлалт өгч байжээ.

BTS ХАМТЛАГ ОНЛАЙН ТОГЛОЛТ ХИЙНЭ

BTS хамтлаг “Bang Bang Con 2021” хэмээх онлайн тоглолт хийхээр болжээ.

Тус тоглолт нь дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Сөүлийн цагаар 15:00 цагт BANGTANTV YouTube сувгаар цацагдах юм байна. BTS хамтлаг Твиттер хуудас дээрээ:

- “Тог тог, энэ ARMY нарын өрөө мөн үү? Аль хэдийнэ нэг жил өнгөрчихжээ. Яг л өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сар шиг өрөөндөө суугаад BTS хамтлагийн тоглолтыг үзэж болно” хэмээн жиргэсэн байна.

BTS хамтлаг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Bang Bang Con” нэртэй онлайн тоглолтоо YouTube сувгаараа үнэ төлбөргүй цацаж шүтэн бишрэгчдээ баярлуулж байсан юм.

Эх сурвалж: Allkpop, Soompi

#Кпопын эргэн тойронд