Аминчхан яриа №4: Охид, хөвгүүдийн бэлгийн ариун цэвэр


Өсвөр насныхан нөхөн үржихүйн эрхтнээ хамгаалах, ариун цэврээ сахих талаар мэдлэгтэй байснаар ирээдүйд тулгарч болох үрэвсэл, бэлгийн замаар дамжих өвчин, үргүйдэл тэргүүтэй олон өвчин эмгэгээс сэргийлэх боломжтой. Тиймд залуус та бүхний бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролд хөрөнгө оруулах зорилготойгоор бэлтгэн хүргэдэг “Аминчхан яриа” цувралын ээлжит дугаарын зочноор ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч, эмч М.Мөнххишиг уригдан оролцож “Биений юм, биений юмны эрүүл ахуй” сэдвээр ярилцсан билээ.

Харин энэхүү нийтлэлээрээ мэргэжлийн эмчийн өсвөр насны охид, хөвгүүд бэлгийн ариун цэврийн дэглэмийг хэрхэн баримтлах тухай өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

ОХИДЫН БЭЛГИЙН АРИУН ЦЭВРИЙН ДЭГЛЭМ

  • УГААХ ДАВТАМЖ

Өглөө болон оройдоо гадна бэлгэ эрхтэн, хошного орчмыг бүлээн усаар урдаас нь хойш чиглэлд угааж хэвшээрэй. Ингэхдээ долоо хоногт 2-3 удаа хурц үнэргүй, будагч бодисгүй, химийн найрлага агуулаагүй саван ашиглан угаахыг зөвлөж байна. 

Харин сарын тэмдэг ирсэн үед өдөрт 2-3 удаа урсгал усаар угааж хэвших нь зөв. Мөн угаасны дараа сайтар хатааж байх хэрэгтэй. 

  • УРДААС ХОЙШ ЧИГЛЭЛ

Хүндээр болон хөнгөнөөр бие зассаны дараа тухайн хэсгийг үргэлж урдаас хойш чиглэлд арчиж байх хэрэгтэй. Ингэснээр нян үтрээ болон шээсний сүв рүү орж бэлгэ эрхтэнд үрэвсэл үүсгэхээс сэргийлдэг. 

  • ДОТУУР ХУВЦАС

Эмэгтэй хүний бэлгэ эрхтэн өөрөөсөө шингэн тогтмол ялгаруулж байдаг нь хуримтлагдаж дотоожинд наалдсанаар нян, бактери үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс даавуун дотоож өмсөх болон дотуур хувцсаа өдөр бүр солих нь охидын ариун цэвэрт нийцнэ.

Мөн дотоожоо бусад хувцаснаас ангилан гараараа угаах хэрэгтэй бөгөөд хувцас зайлагч, үнэр оруулагч зэрэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

  • БАРИУ ӨМД

Бидний үтрээ тогтмол амьсгалж байдаг тул агаарын солилцоо шаардлагатай байдаг. Энэ үед хэт бариу, нийлэг материалтай трико, ретуз, өмд, юбка өмсөхөөс аль болох зайлсхийгээрэй. Учир нь хэт бариу өмд үтрээний амьсгалах боломжийг хаадаг.

  • СУУЛТУУРТ СУУХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

Суултуурын усыг татахдаа тагийг нь таглаж байх нь чухал. Энэ нь суултуурын ус үсрэхээс, суултуур дахь нян бактери агаарт цацагдахаас сэргийлдэг.

Мөн хүндээр бие засах үед суултуурын ус бие рүү үсрэх нь маш тухгүй мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Үүнийг шийдэх хялбар арга бол хүндээр бие засахынхаа өмнө маш бага хэмжээний ариун цэврийн цаасыг таслан суултуурын усанд хийх нь таныг хүндэрч байх үед бохир ус бэлгэ эрхтэн рүү тань үсрэхгүй байхаас сэргийлнэ. Дараах бичлэгээс илүү дэлгэрэнгүйг үзнэ үү.

  • БУСАД АНХААРАХ ЗҮЙЛС

- Ваннын хөөс хэрэглэхээс татгалзах

- Орны цагаан хэрэглэл, гар нүүрийн алчуур, бие угаагчаа бусадтай хуваалцахгүй байх

- Усанд сэлсний дараа нойтон хувцсаа удаалгүй тайлах

- Ганцаараа унтаж байх

- Шээс хүрмэгц шээж байх

ХӨВГҮҮДИЙН БЭЛГИЙН АРИУН ЦЭВРИЙН ДЭГЛЭМ

Шилжилтийн насны хөвгүүдийн хөлсний булчирхайнууд, нэн ялангуяа суга, хөлийн булчирхай идэвхтэй ажиллаж эхэлснээс болж хөлрөмтгий болдог. Хөлсөнд ямар нэг үнэр байдаггүй ч удаж, нян бактеритай холилдоход эвгүй үнэртэй болдог байна. Тиймээс усанд тогтмол орох, цэвэр даавуун дотуур хувцас, оймс өмсөх нь зүйтэй.

УСАНД ОРОХ БҮРДЭЭ ТЭЭРХИЙН АРЬСЫГ ХОЙШЛУУЛЖ УГААХ

Эрэгтэй хүний шодойн толгой хэсэг арьсаар хучигдсан байдаг. Хөнгөнөөр бие зассаны дараа шээсний үлдэгдэл тээрхийн арьсан дор үлдэж чийглэг болж хоцордог. Ингэснээр бэлгэ эрхтнээс эвгүй үнэр гарах, арьс, салст улайж хорсох, үрэвсэл үүсэх эрсдэлтэй. 

Тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдаг ба тослог өнгөр байнга үүсэж байдаг. Энэхүү тослог өнгөрийг тогтмол угаахгүй бол хуримтлагдаж, эвгүй үнэр ялгарч, нянгаар бохирдон бэлгэ эрхтнийг үрэвсүүлэх шалтгаан болдог. Мөн энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон. Иймээс усанд орох бүрдээ тээрхийн арьсыг хойшлуулж арын ховилыг оруулан бэлгэ эрхтнээ бүрэн угааж хэвшээрэй.

  • САРД НЭГ УДАА ТӨМСГӨӨ ШАЛГАХ

Төмсгөө сард нэг удаа тогтмол шалгаж хэвшээрэй. Бэлгэ эрхтнээ бүлээн усаар угаасны дараа буюу хуухнагийн арьс суларсан үед төмсгөө шалгах нь тохиромжтой. Ингэхдээ эрхий ба долоовор хуруугаар хоёр төмсгийг зөөлөн тойруулан тэмтэрч, тэмтрэгдэх байдал, гадаргуу, хэмжээ нь өөрчлөгдсөн эсэх, мөн өвдөлт байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй. Шээсний сүвнээс ямар нэгэн ялгадас гарч байвал цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Өсвөр насныханд гарч буй өөрчлөлт, бэлгийн эрүүл мэндийн талаар шаардлагатай тусламж үйлчилгээ авахыг хүсэж байвал харьяа дүүргийнхээ Өсвөр үеийн кабинетад хандан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй аваарай.

Өөрийн биед гарч буй шилжилтийн насны өөрчлөлт, тулгамдаж буй асуудлын талаар мэргэжлийн хүнтэй ярилцаж зөвлөгөө авахыг хүсвэл 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв” Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

“Аминчхан яриа” цувралын дараагийн дугаараар бэлгийн боловсролтой холбоотой мэдэхийг хүсэж буй сэдэв, асуултууд байвал oyunerdeneorkhonkhuu@gmail.com хаягаар холбогдоорой.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа #Ариун цэвэр