ҮЗЭЭД ҮЗ: Дараагийн Ахмад Америк - “The Falcon and the Winter Soldier”


2021 он “Marvel”-ийн бүтээлээр хур буусан жил байх бололтой. Оны эхээр “WandaVision” үзэгчдийн хүртээл болсон бол зургаа, долдугаар саруудад “Loki”, “Black Widow” зэрэг бүтээлүүд нээлтээ хийх аж.

Бид өмнөх нийтлэлдээ tvN телевизийн “Navillera” (2021) киног танилцуулсан бол энэ удаа “Marvel”-ийн кино ертөнцийн ээлжит бүтээл “The Falcon and the Winter Soldier” цувралыг санал болгож байна. Мэдээж энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй.

"FALCON AND THE WINTER SOLDIER” ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү бүтээлийн эхний анги гуравдугаар сарын 19-нд үзэгчдэд хүрсэн ба 150 сая ам.долларын төсвөөр бүтжээ. Кино зохиолчоор Malcolm Spellman, найруулагчаар Kari Skogland нар тус тус ажилласан юм. Энэ сарын 23-ныг хүртэл нийт зургаан анги цацагдах аж.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

“Avengers: Endgame” (2019) киноны төгсгөлд Ахмад Америк өөрийн бамбайгаа Falcon-д өгдгийг санаж байна уу? Тэгвэл тэрхүү үйл явдлаас зургаан сарын дараа Falcon болон Winter Soldier нар дэлхийн энх тайвны төлөө хамтрагчид болсноор цувралын үйл явдал эхлэх юм. Уншигч та энэхүү бүтээлээс дараагийн Ахмад Америкийн адал явдлыг хүлээн авах болно.

Үргэлжлүүлэн тус киноны тухай сонирхолтой долоон баримтыг хүргэе.

1. АНХ “THE FALCON AND THE WINTER SOLDIER” ЦУВРАЛ ХИЙГДЭХ ТУХАЙ СОНСООД...

Falcon-ы дүрийг бүтээсэн жүжигчин Anthony Mackie болон Bucky Barnes-ын дүрд тоглосон жүжигчин Sebestian Stan нар тус цуврал хийгдэх тухай анх сонсоод ихэд санаа зовницгоож байжээ.

Жүжигчин Anthony-гийн хувьд “Би “Marvel”-ын киног телевизийн цуврал болон хийгдэх тухай сонсоод их гайхсан. Тухайн үед зохиолоо “WandaVision” (2021) цувралаас урьтаж хүлээн аваад байсан юм. Тэдний анхны телевизийн цуврал учраас бүтэлгүйтэх магадлалтай гэж бодоод санаа их зовсон л доо” хэмээн хөгжилтэй түүхээсээ хуваалцсан бол жүжигчин Sebestian “Миний дүр нэг их яриа дүр биш. Харин энэ цувралд би өмнөхөөсөө илүү ярих шаардлагатай болсон нь хамгийн их санаа зовоосон зүйл байлаа” хэмээн ярьсан юм.

2. ЯАГААД FALCON ДАРААГИЙН АХМАД АМЕРИК ГЭЖ?

Түүнийг дараагийн Ахмад Америкаар сонгосны учрыг жүжигчин Chris Evans тайлбарлахдаа “Falcon өөрийгөө зоригтой, үнэнч, хариуцлагатай гэдгээ хэд хэдэн кинонд харуулсан. Тэр ч бас олон зүйлээ алдсан шүү дээ. Түүн шиг зан чанартай нэгэн л бамбайг эзэмших эрхтэй” гэжээ.

3. ЖҮЖИГЧИН SEBESTIAN STAN БА BUCKY BARNES

Жүжигчин Sebestian нь Bucky Barnes буюу Winter Soldier-ын дүрийг бүтэн арван жилийн турш бүтээжээ. Тэрээр 2011 онд Ахмад Америк буюу жүжигчин Chris Evans-тай зэрэгцэн “Marvel”-ын кино ертөнцөд хөл тавьсан бөгөөд дүрийнхээ 106 насны төрсөн өдрийг тэмдэглээд байгаа юм.

4. 70 ЖИЛИЙН ТҮҮХТ ДЭВТЭР

Уншигч та тус цувралын гуравдугаар ангиас нэгэн танил тэмдэглэлийн дэвтрийг олж харах болно. Ахмад Америктай 70 жилийн турш мөсөнд хадгалагдсан тэрхүү дэвтэр хэний эзэмшилд байсныг киноноос үзээрэй.

5. ЖҮЖИГЧИН ANTHONY MACKIE БА “ДАРААГИЙН АХМАД АМЕРИК”

“Marvel”-ын ихэнх баатрууд бодит амьдрал дээр дотно найзууд билээ. Тэдний нэг бол жүжигчин Anthony Mackie болон Chris Evans нар юм.

Жүжигчин Anthony-гийн хэлж буйгаар “Chris бол миний амьдралдаа учирсан хамгийн сайхан хүмүүсийн нэг. Бид нэг удаа хөл бөмбөг үзээд гадуур хөгжилдөж байлаа л даа. Гэтэл тэр гэнэт “Avengers: Endgame” киноны зохиолыг миний өмнө гаргаж ирээд “Унш!” гэдэг юм байна. Би нүдэндээ ч итгээгүй. Тэгээд тэр надад “Чи бол дараагийн Ахмад Америк” гэж хэлсэн юм. Бид тэврэлдэж уйлаад л маш их баяртай байсан” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.

6. SEBESTIAN STAN: ХЭРВЭЭ БИ WINTER SOLDIER БИШ БАЙСАН БОЛ...

Түүний хувьд “Marvel”-ын дүрүүдээс хамгийн их таалагддаг нь Hawkeye бөгөөд өөр дүрд тоглох боломжтой бол түүнийг сонгоно хэмээн хэлж байсан юм.

7. “АХМАД АМЕРИК БИДНЭЭР БАХАРХАХ БАЙХ”

Жүжигчин Anthony хэлэхдээ “Sebestian бид хоёрын туйлын зорилго бол энэ цувралыг баллахгүй байх явдал байсан. Энэ бүтээлийг “Marvel”-ын хамгийн чанаргүй кино гэж хэлүүлэхийг хүсээгүй. Тийм ч учраас бид бүхний хичээл зүтгэл талаар болоогүй гэж найдаж байна. Энэ цувралыг үзээд Ахмад Америк биднээр бахархах байх” хэмээжээ.

Мөн энэ тухай “Marvel”-ын Ерөнхийлөгч Kevin Feige “Гайхалтай зохиолч, найруулагч, жүжигчдийн ачаар л манай цуврал сайн түвшинд хийгдсэн” хэмээн ярьсан юм.

Сэтгэл догдлуулам үйл явдлаар дүүрэн “The Falcon and the Winter Soldier” цувралаа яг одоо эхлүүлээрэй. Эхний ангиасаа л “Disney+” видео стрийминг үйлчилгээнд шинэ амжилт тогтоосон учраас таны хүлээлтэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Buzzfeed, Wikipedia, Marvel

#Кино урлаг #Үзээд үз #The Falcon and the Winter Soldier