Интерьер дизайнерууд гэрээсээ ажиллахад биднийг хамгийн их стрессдүүлдэг зүйлсийг нэрлэжээ


Миау | YOLO.MN
2021-04-05

Цар тахлын улмаас гэрээсээ зайлшгүй ажиллаж хичээллэх болсонтой холбоотойгоор олон асуудал урган гарсан билээ. Хүссэн үедээ гараад агаар амьсгалж, найзуудтайгаа уулздаг байсан залуус бид энэ "эрх"-ээ хориулаад ч зогсохгүй дэлгүүр гарахаас бусад хугацааг гэртээ өнгөрүүлэх болсон. Үүн дээр нэмэгдээд гэртээ ажиллана, гэртээ хичээллэнэ. Бага насны дүүтэй бол энэ асуудал улам л хүндрэх нь тэр.

Тиймээс энэхүү нийтлэлээрээ мэргэжлийн интерьер дизайнеруудын гэрээсээ ажиллаж хичээллэж буй хүмүүст өгсөн зөвлөгөөг хүргэж байна. Гэрт маань байгаа эд зүйлсээс юу биднийг стрессдэхэд нөлөөлдөг вэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

1. ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ

Цайны аяга, чухал мэдээлэл тэмдэглэж авах цаас, гар утас болон зөөврийн компьютерын цэнэглэгч, нүдний шил зэрэг зүйлс нэг л мэдэхэд биднийг бүрхсэн байх нь тэр. Өрөө ихэд замбараагүй байгааг харчхаад “за за, дууссаныхаа дараа л нэг мөсөн цэвэрлэе дээ” гэж бодно.

Гэвч ширээ, тавилга, ор, буйдан дээрх ил замбараагүй зүйлс бидний бүтээлч байдал болоод ажиллах идэвхийг бууруулдаг гэнэ. Магадгүй 30 минутын дотор өлхөн хийж дуусгах даалгавраа гурван цаг нухаад ч дуусгаж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой байж болзошгүй юм.   

2. БҮДЭГ ГЭРЭЛТҮҮЛЭГ

Ажил, хичээлийн өрөөний гэрэлтүүлэг бүдэг байх тусам бидний идэвх буурдаг аж. Тиймээс өрөөнийхөө гэрлийг асааж, хангалтгүй санагдвал ширээний чийдэн тавьсан ч болох юм. Сэтгэлзүйчид мөн нарны гэрэл сайн тусдаг өрөөнд ажлаа хийх нь тохиромжтой хэмээн зөвлөдөг шүү.

3. УНТЛАГЫН ӨРӨӨ

Та бүх зүйлээ нэг өрөөнд амжуулах гээд хичээгээд байгаа юм биш биз? Өөрөөр хэлбэл, унтаж амардаг, кино үзэж тайвширдаг, видео тоглоом тоглож хөгжилддөг өрөөндөө ажил, хичээлээ хийх гэж оролдох нь мөн л буруу.

Боломжтой бол унтлагын өрөөнөөсөө өөр өрөөнд хичээллэх, боломжгүй бол өрөөнийхөө нэг хэсэгт зөвхөн ажил, хичээлтэй холбоотой зүйл хийдэг булан үүсгээрэй. 

4. ХУУЧИРСАН ТАВИЛГА

Хачирхалтай сонсогдож магадгүй ч хуучирсан, эвдэрсэн тавилга стресс үүсгэх магадлал өндөр байдаг аж.

5. ДУУСГААГҮЙ АЖИЛ

Та өрөөнийхөө хаа нэг газар өмнө нь хийж байгаад дуусгаж амжаагүй үлдээсэн зүйлээ орхисон юм биш биз? Арчиж цэвэрлэнэ гэж бодсон тоос шороо, зурж дуусаагүй зураг, угсарч амжаагүй тавилга гэх мэт. Тийм зүйл байдаг бол хийж дуусгах эсвэл нүднээс далд тавиарай.

Эх сурвалж: Insider

#Сонин хачин #Зөвлөгөө