ЗАХИДАЛ: Дөрөвдүгээр сарын захидлын хариу №2


ССҮТөв | YOLO.MN
2021-04-05

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Хүйтэн хөлс цутгадаг боллоо

Сайн байна уу? Би 14 настай, эмэгтэй. 9-р ангийн сурагч. Хичээл ордог байхад найзуудтайгаа их хөгжилтэй, хичээл хийсэн ч ядардаггүй сайхан байдаг байсан. Би бүхнийг эерэгээр хардаг хүн юм л даа. Гэхдээ хөл хорионд орсноос хойш олон зүйлс өөрчлөгдсөн. Би өглөө 9 цагт босоод шууд хичээлээ хийж эхэлдэг. Орой 9 цагийн үед хийж дуусгадаг. Үүнээсээ болоод их бухимддаг байсан. Бухимдсан үедээ бүжиглэж, дуулж өөрийгөө тайвшруулдаг байсан. Орой хичээлээ дуусаад унтах гэхээр ээж гэрээ цэвэрлэ гэж загнадаг. Хэчнээн завгүй байгаагаа хэлээд ч тоодоггүй учраас цэвэрлэдэг. Уурлаж гомдсон гомдлоо дүү нартаа эсвэл найз нартаа гаргах гээд байдаг учраас өөрийгөө чадлаараа барьдаг байсан. Дүүгээ, найз нараа гомдоохоос айгаад. 

Гэвч сүүлийн сар бүжиглэж дуулахаас залхаж, дургүй болж эхэлсэн. Хоолны дуршил буурч зарим тохиолдолд 2, 3 хоног хоол иддэггүй. Уураа гаргаж тайвшрах улам хэцүү болсоор байсан. Ойрын үед шалгалт авж эхэлж байгаа болохоор харьцдаг харьцдаггүй олон хүүхэд надаас хичээлээ явуулаач шалгалтаа дууссан бол өгөөч гэж гуйдаг болсон. Энэ бүхэн надад үнэхээр ядаргаатай байсан ч тусалж байна гэж бодоод орхидог байсан. Гэвч бүгд надаас хэрэгтэй зүйлээ авчхаад холбоо тасалдаг. Үүнээс гадна ангийнхан маань хичээлдээ тиймэрхүү, хичээлээ оруулдаггүй сул талтай. Би хичээл бүртгэж багш нар луу явуулдаг болохоор надад улам хүнд ачаа нэмэгдсэн.

Бүртгэл явуулах болгонд олон багш "танай анги муу байна" гэж намайг зэмлэж над руу уурладаг. Ангийнхандаа хэлсэн ч миний үгийг тоох хүн ганц ч байгаагүй. Ингээд ангийнхаа хүүхдүүдийг үзэн ядаж дургүй болж эхэлсэн. Өдөр бүр багш нарт загнуулж хүүхдүүдэд ашиглуулж, хичээлээ амжиж хийж гэр цэвэрлэнэ гэдэг миний хувьд там шиг байсан. Дээрээс нь саяхан өвөөгийн маань өөд болсон өдөр байсан болохоор би үнэхээр навс унасан. Эерэг бодлууд минь өөрчлөгдөж, бурууг үргэлж өөр дээрээ тохож шаналдаг.

Орой бүр нууцаар уйлдаг. Энэ бүхний эцэст гар салгалж, нүд бүрэлзэж, хий юм сонсож хүйтэн хөлс цутгадаг болсон. Яаж стресстэхээ болих уу?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрөөс шалтгаалсан зүйлээ хийсэн байхад л хангалттай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн мэдрэмжээ тогтмол, зөвөөр гаргаж чадахгүй удаан явснаар бидний тэвчээр алдарч эхэлдэг. Авсан мэдрэмжээ тухайн цаг үед нь илэрхийлж гаргах нь хоорондын харилцаанд асуудал бий болгохоос сэргийлж байдаг.

Олон асуудал тулгараад байвал өөрөөс чинь хамаарах боломжтойгоос боломжгүй асуудал гэж эрэмбэлж бичиж үзээрэй. Жишээ нь багшийн хэлсэн шүүмжийг ангийнхандаа дамжуулж хэлэх нь чамаас шалтгаалах зүйл бол ангийн хүүхдүүд багшийн хэлсэн үгийг сонсох нь тэдний асуудал юм. Ангийнхаа сурлагын асуудалд санаа зовох нь өөрийн чинь хүчнээс хальсан асуудал гэсэн үг. Өөрөөс бүрэн хамаарах боломжгүй зүйлийг бодож хохирогчийн дүрд орох хэрэггүй болов уу. Тиймээс өөрөөс шалтгаалсан зүйлээ хийсэн байхад хангалттай. Бусад хүмүүс өөрийн чинь хүлээлтэд үргэлж хүрэх боломжгүй шүү дээ.

Өөрт ирэх ачаалал чинь их санагдаад байгаа бол багш нараасаа бүртгэлийн ажлыг өөр сурагч руу шилжүүлж болох эсэхийг лавлаж асуугаарай. Хэрвээ үнэхээр өөрт чинь хэцүү байгаа бол удаан тэвчих хэрэггүй болов уу.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Өмнөх шигээ болмоор байна

Сайн байна уу? Би уг нь 1-8-р ангидаа ангийн шилдэг сурагч байсан. Ээж аав маань надад итгээд хичээл сургуулийн талаар огт ярьдаггүй байв. 9-р ангид ороод цагийн юмыг цагт нь хийгээгүйгээс болоод жоохон тааруу дүн авсан. Ээж ч надад анхааруулж, хүндээр тусгаж аваагүй. 

2-р улиралдаа хичээнэ гээд ажлаа төлөвлөөд дажгүй л байсан. Гэвч улирлын ихэнх шалгалтдаа муу авсан. Анх удаа улирлын эцсийн дүнгээ D гаргасан. Би дахиад л ээжийн итгэлийг алдчихлаа. Мөн аливаа зүйлд нухацтай хандахаа ч больчихсон. Өмнө нь бүх зүйлийг нэг нэгэнгүй хийдэг байсан. Одоо харин ямар ч мэдрэмжгүй болсон мэт санагдаж байна. Өмнөх шигээ болмоор байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө зөөлөн хандаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хичээлийн дүн биднийг бүрэн утгаар нь тодорхойлж чадах уу? Хариулт бол үгүй. Шалгалтдаа хүссэн дүнгээ авч чадаагүй байлаа гээд чиний үнэ цэнэ буурахгүй ээ. Хичээлийн дүн бол тухайн хичээлийн мэдээллийг хэр сайн тогтоосон байна гэдгийг хэмждэг болохоос өөрийн чинь үнэ цэнийг тодорхойлдог зүйл биш юм. Сурагчид маань хичээлийн дүнгээсээ болж өөртөө хэт хатуу ханддаг. Өөртөө хатуу хандсанаар өөртөө итгэх үнэлэмжээ алддаг. Ингэснээр сөрөг бодлуудаар өөрийгөө цэнэглэж байгаагаа ч бүрэн ойлгодоггүй. Сөрөг бодолд автсанаар аливаа зүйлд сонирхолгүй болдог. Тиймээс өөртөө зөөлөн хандаарай.

Мөн бид бусдын хүлээлтийг хангах гэж амьдардаггүй. Энэ ч мөн боломжгүй зүйл юм. Үргэлж төгс нэгэн байхыг хичээх нь эргүүлээд өөрт чинь л дарамт өгнө. Эцэг эхдээ хүлээсэн үүрэг хүүхэд болгонд байдаг хэдий ч үргэлж эцэг эхийнхээ хүслийг хангах боломжгүй ээ.

Авсан дүнгээсээ болж эцэг эхийнхээ итгэлийг алдсан мэт санагдаж болох хэдий ч чамайг гэх тэдний хайр дуусахгүй ээ. Чамайг хайрлах хайр дүнгээр хэмжигдэхгүй. Өөртөө зөөлөн хандаарай, өөрийгөө хэт битгий шүүмжлээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


АСУУДАЛ: Миний зургаар шинэ хаяг нээсэн байсан

Сайн байна уу? Би 18 настай, төгсөх ангийн эмэгтэй сурагч. Өчигдөрхөн би хуучин харьцаж байсан эсрэг хүйстнийхээ хүүхдийн миний талаар хийсэн зүйлийг олоод мэдчихсэн. Бид хоёр сүүлд харьцахаа болихдоо тийм ч тааламжтайгаар салаагүй л дээ. Тэр миний өнгөрсөн намар сторидоо хийсэн зургийг минь аваад шинэ Mobile Legend хаяг нээсэн байсныг олж мэдсэн. 

Энэ үйлдэл нь надад аймар санагдаад байх юм. Миний зургийг өөр зүйлс дээр ч бас ашиглаад байдаг бол яах вэ гээд үнэхээр айгаад байна. Өөрт нь боль гээд хэлчихвэл буруудаад ФБ, Инстаграм хаяг нээгээд эхэлбэл яах бол? Эсвэл би хүндээр тусгаж аваад байгаа юм болов уу? Яах вэ? 

ЗӨВЛӨГӨӨ: Түгшээж байгаагаа хэлсэн нь дээр болов уу

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Тэр хүн өөрийн чинь зургийг ямар сэдэлтэй тавьсан гэдгийг хэлэх боломжгүй ээ, уучлаарай. Уулзаж ярилцаагүй учраас тухайн хүний бодлыг ийм тийм гэж мэдэхэд хэцүү. Хэрэв түүний энэ үйлдэл таалагдахгүй, өөрийг чинь түгшээж байгаа бол энэ тухайгаа хэлсэн нь зөв болов уу. Өөрөө шууд асуухад хэцүү байгаа байх. Дам байдлаар асуулгах найз нөхөд эсвэл танил байгаа юу? 

Чи яагаад түүний зургийг тавьсан юм бэ? Ямар санаатайгаар тавих болсон юм бэ? Хүний зургийг зөвшөөрөлгүй тавих нь тухайн хүнд эвгүй санагдахгүй гэж үү? Гэсэн асуулт түүнээс асуухыг хүсэж байгаа болов уу. Түгшүүрийн мэдрэмж чинь намдахгүй байгаа бол түүнээс асуугаад одоогийн ойлгомжгүй байдлаа тодорхой болгож болно.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter