"Harry Potter" киноны жүжигчдээс хэн нь хамгийн АМЖИЛТТАЙ ЯВАА вэ?


Миау | YOLO.MN
2021-04-02

Миллениал үеийн сүүлч болон Z үеийн эхэнд төрсөн залуусын бага насны дурсамжтай салшгүй холбоотой "Harry Potter" киноны жүжигчдийг одоогийн амжилтын түвшингээр нь эрэмбэлэн хүргэж байна. Карьерын хувьд тэдний хэн нь хамгийн өндөр амжилттай яваа бол? 

10. KATIE LEUNG

Дүр: Cho Chang

Тоглосон анги: 5 анги

Тайлбар: Өдгөө 33 настай жүжигчин Katie Leung “Harry Potter” кинонд тоглосон жүжигчдээс карьерын хувьд хамгийн амжилттай яваа арван жүжигчний нэг болж чаджээ.

Тэрээр сүүлийн дөрвөн жилийн туршид “T2 Trainspotting” (2017), “Strangers” (2018), “Chimerica” (2019) тэргүүтэй бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн байна.

9. MATTHEW LEWIS

Дүр: Neville Longbottom

Тоглосон анги: Бүх анги

Тайлбар: Багадаа махлаг, муруй шүдтэй байсан тэрээр ийм “сайхан” залуу болсон нь хэсэгтээ л хүмүүсийн ярианы сэдэв болсон. Ингээд ч зогсохгүй Urban Dictionary цахим толь бичигт “Longbottoming” гэх нэр томьёо бүртгэлтэй байдаг ба энэ нь хэн нэгэн эрэгтэй хүн танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөх үзэгдлийг нэрлэдэг нэршил аж. Мэдээж энэ нэр томьёо Neville Longbottom-ийн овгоор нэрлэгдсэн байна.

Жүжигчин Matthew Lewis-ийн тоглосон алдартай бүтээлүүдээс дурдвал 2016 онд нээлтээ хийсэн уянгын “Me Before You”, 2020 онд нээлтээ хийсэн “All Creatures Great and Small” байна.

Тэрээр тайз, дэлгэцийн бүтээлүүдэд тоглохоос гадна “The Official Leeds United Podcast” хэмээх подкастыг хөтлөн явуулдаг ба өдгөө Инстаграм дээр 2.8, Твиттерт 1.4 сая гаруй дагагчтай.

8. HARRY MELLING

Дүр: Dudley Dursley

Тоглосон анги: 5 анги

Тайлбар: Өнгөрсөн онд Netflix-т нээлтээ хийн дэлхий дахиныг байлдан дагуулсан “The Queen’s Gambit” цувралыг үзэхэд нэгэн жүжигчин танд ихэд танил, дотно санагдсан гэдэгт итгэлтэй байна. Тийм ээ, тэр бол Dudley!

Тэрээр HBO сувгийн “His Dark Materials”, видео стрийминг үйлчилгээний Netflix-ийн “The Queen’s Gambit” зэрэг цувралуудад дүр бүтээжээ. Мөн өнгөрсөн онд Монголчууд бидний дунд өндөр хүлээлт үүсгээд байсан “Waiting for the Barbarians” уран сайхны кинонд ч тоглосон. Уг кинонд Монгол Улсын ардын жүжигчин П. Цэрэндагва, гавьяат жүжигчин Д. Гүрсэд, дэлхийн тавцанд улсынхаа нэрийг гаргаж буй эмэгтэй жүжигчин Б. Ганчимэг нар тоглосон гэдгийг та бүхэн санаж байгаа байх.

7. FREDDIE STROMA

Дүр: Cormac McLaggen

Тоглосон анги: 3 анги

Тайлбар: Үргэлж л дургүй хүргэж байдаг Cormac McLaggen-ий дүрийг бүтээсэн жүжигчин Freddie Stroma мөн л кино урлагт чамгүй амжилттай яваа нэгэн. Тэрээр инээдмийн төрөл жанрын “Pitch Perfect”, алдарт “Game of Thrones”, Netflix-ийн хит “Bridgerton” цувралд тус тус тогложээ.

6. TOM FELTON

Дүр: Draco Malfoy

Тоглосон анги: Бүх анги

Тайлбар: Бид жүжигчин Tom Felton-ийг өдгөө ч Draco Malfoy-ийн дүрээр нь овоглодог. Хэдий тэрээр дэлхий дахиныг шуугиулсан бүтээлүүдэд оролцоогүй ч кино урлагаа орхиогүй ээ. 

Та бүхэн санаж байгаа бол Тоm өнгөрсөн жил “Harry Potter” киноны нэгэн ангийг үзэж буй reaction бичлэгээ TikTok платформд байршуулсан нь олон нийтийн анхаарлыг яах аргагүй татаж чадсан. Ийнхүү түүний дагагчдын тоо эрс нэмэгдэн Инстаграмд 10.5, Твиттерт 3.1 сая дагагчтай болжээ.

5. RUPERT GRINT

Дүр: Ron Weasley

Тоглосон анги: Бүх анги

Тайлбар: Бидний хайрт Ron эх нутагтаа буюу Англидаа ихээхэн алдартай жүжигчин болсон гэнэ. Энэ нь ч түүний хүссэн зүйл байж болох юм. Тэрээр “Snatch” цувралд дүр бүтээхийн зэрэгцээ продюсерээр нь ажилласан бөгөөд одоогийн байдлаар “Servant” хэмээх цувралд Julian Pearce хэмээх дүрд тоглож байгаа аж.

Жүжигчин Rupert Grint өнгөрсөн жил Инстаграмд нэгдсэн ч аль хэдийнэ дөрвөн сая гаруй дагагчтай болжээ.

4. ALFRED ENOCH

Дүр: Dean Thomas

Тоглосон анги: 7 анги

Тайлбар: Түүнийг ихэнх хүмүүс “Harry Potter”-ийн Dean Thomas-ийн дүрээр бус, гэмт хэрэг төрлийн “How to Get Away with Murder” цувралын хүлээлгийн жагсаалтын нэг дугаарын оюутан Wes Gibbins-ийн дүрээр таньдаг болов уу. Alfred нийт зургаан бүлэг бүхий тус цувралын эхний гурван бүлэгт л тоглосон гэхэд ихэд алдаршиж чаджээ.

Одоогийн байдлаар тэрээр “Foundation” цувралд тоглож байгаа аж.

3. DANIEL RADCLIFFE

Дүр: Harry Potter

Тоглосон анги: Бүх анги

Тайлбар: Бага байхаасаа л сурагчдын амралт болгоноор үзэж суудаг байсан бидний хувьд “Harry Potter” киноны гол дүрийн жүжигчин хаана, ямар кинонд тоглох, юу хийх нь үргэлж сонирхолтой байсаар ирсэн билээ. Гэхдээ түүний “Harry Potter”-ийн дараа тоглосон дэлгэцийн бүтээлүүд тийм ч амжилттай, алдартай байгаагүй гэхэд хилсдэхгүй биз ээ.

Гэхдээ Daniel театрын урлагт амжилттай яваа бөгөөд “How to Succeed in Business Without Really Trying” мюзиклийн дүрээрээ Грэмми наадамд нэр дэвшиж байсан удаатай.

2. EMMA WATSON

Дүр: Hermione Granger

Тоглосон анги: Бүх анги

Тайлбар: “Harry Potter” киноны гол дүрийн гурвалаас хамгийн алдартай яваа нь жүжигчин Emma Watson. Өдгөө 30 настай тэрбээр “Disney” кино компанийн “Beauty and the Beast” буюу бидний сайн мэдэхээр “Үзэсгэлэнт гүнж ба Жонон” хүүхэлдэйн киноны шинэчилсэн хувилбарт гол дүрийг бүтээсэн. Мөн түүний 2017 онд тоглосон “The Perks of Being a Wallflower” уран сайхны кино шүүмжлэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авч, жүжиглэлт нь ч олонд сайшаагдсан билээ.

Emma кино урлагаас гадна нийгэмд идэвхтэй нэгэн. Тухайлбал, тэрээр НҮБ-ын сайн санааны элч төлөөлөгчөөр томилогдсон, HeForShe компанит ажлыг эхлүүлсэн гээд өөрийн нэр хүнд, хүч чадлаа сайн сайхан зүйлд зориулж яваа. Тэрээр мөн “Forbes”, “Vanity Fair” зэрэг Америкийн томоохон сэтгүүлүүдээс гаргасан “Дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчид жагсаалтад багтсан ба 2015 онд “Time” сэтгүүлээс түүнийг тухайн жилийнхээ хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн нэгээр тодруулсан юм.

1. ROBERT PATTINSON

Дүр: Cedric Diggory

Тоглосон анги: 1 анги

Тайлбар: Хэдий тэрээр “Harry Potter” киноны ердөө ганцхан ангид дүр бүтээсэн ч өдгөө уг кинонд тоглосон жүжигчдээ амжилт бүтээлээрээ оройлж явна. Тус кинонд тоглосноос гурван жилийн дараа Robert “Twilight” киноны эрэгтэй гол дүр Edward Cullen-ий дүрд тоглосныг та бүхэн сайн санаж байгаа байх. Уг кино амжилтад хүрч, хэдэн зуун сая ам.долларын ашиг орлого олсон ч кино шүүмжлэгчид зохиол болон жүжигчдийн чадварыг тийм ч эерэгээр үнэлээгүй билээ.

Гэвч тэрээр дараа нь “Remember Me” хэмээх кинонд гол дүрийн Tyler залуугийн дүрийг бүтээж, продюсерээр нь ажилласан нь кино шүүмжлэгчид болоод үзэгчдэд өөрийгөө арай өөр өнцгөөс харуулж чадсан гэж хэлж болно.

Сүүлийн жилүүдэд Robert “Waiting for the Barbarians”, “Tenet”, “The Devil All the Time” зэрэг нэртэй уран бүтээлүүдэд тоглохоос гадна алдарт Batman-ий дүрийг бүтээж буй гэдгээрээ онцлог.

Эх сурвалж: Insider

#Кино урлаг #Жүжигчин #Harry Potter