Аминчхан яриа №3: Хөхний даруулгын хэмжээг хэрхэн ЗӨВ тодорхойлох вэ?


Хөхний хэмжээндээ тохирсон даруулгыг сонгох нь эрүүл мэнд болоод гоо сайханд олон эерэг нөлөө үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь хөхний даруулгын хэмжээгээ зөв сонгож чаддаггүй бөгөөд хөхний даруулга дээрх үсэг, тооны утгыг тайлж уншиж чаддаггүй гэх судалгааны үр дүн бий. 

Тэгвэл бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролд тань хөрөнгө оруулах зорилготойгоор бэлтгэдэг “Аминчхан яриа” цувралынхаа энэ удаагийн дугаараар хөхний даруулга дээр тэмдэглэгдсэн үсэг, тооны утгыг тайлж унших, өөрт тохирсон хөхөвчөө сонгоход тань туслах мэдээллийг хүргэж байна. 

70B

Товчхондоо бол хөхний даруулга дээр тэмдэглэгдсэн тоо таны цээжний тойргийн хэмжээг илтгэнэ. Харин үсэг нь хөхний аяганы хэмжээг илэрхийлдэг байна.

АЛХАМ 1: ЦЭЭЖНИЙ ТОЙРГОО ХЭМЖИХ

Эхний алхмыг хийхэд танд зөвхөн туузан метр байхад л хангалттай. Цээжний тойргийг хэмжихдээ хатуулгагүй хөхний даруулга зүүх эсхүл хөхөвчгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ингээд бэлтгэлээ хангасны дараа хөхний доод хэсгээр тойруулан цээжний тойргоо хэмжинэ. 

Үүний дараа туузан метрийн доогуур нэг хуруугаа оруулаарай. Энэ нь таны хөхний даруулга хэт бариу байхаас сэргийлж байгаа юм. Хөхөвчний оосор буюу мөрний хэсэг таны хөхийг дэмжих үүргийн 20 хувийг л гүйцэтгэдэг бол үлдсэн 80 хувийн үүргийг хөхөвчний тойрог гүйцэтгэдэг байна. Тиймээс цээжний тойргоо зөв хэмжих нь маш чухал.

 

Өөрөөр хэлбэл хөхөвчин дээр тэмдэглэгдсэн хэмжээний тооны хэсэг нь таны цээжний тойргийг илэрхийлдэг гэсэн үг юм.

(70)B

АЛХАМ 2: ХӨХНИЙ АЯГАА ХЭМЖИХ

Хөхөвчний аяганы хэмжээг тодорхойлохдоо хөхний хамгийн өндөр цэг буюу хөхний товчны түвшинг дайруулан хэмжинэ. Хэрвээ таны хөх бага зэрэг унжсан бол доорх зурагт харагдаж байгаа шиг ташаагаараа бага зэрэг бөхийхийг мэргэжилтнүүд санал болгож байна. 

Ийнхүү хэмжиж гарсан тооноос цээжний тойргийн хэмжээг хасаад гарч буй тоо нь таны хөхний даруулгын аяганы хэмжээ юм. Тухайлбал таны аяганы тойрог 83 сантиметр, цээжний тойрог тань 70 сантиметр бол тэдгээрийг хооронд нь хасаад гарч буй 13 сантиметрийн зөрүү нь дараах хүснэгтэд тэмдэглэгдсэний дагуу таны аяганы хэмжээ болно. 

Ялгаа 10-11см 12-14см 14-16см 16-18см 18-20см 20-22см
Аяганы хэмжээ АА А B С D E

ХӨХНИЙ ДАРУУЛГА СОНГОХДОО АНХААРАХ ЗҮЙЛС

1. Хөх нь дөнгөж ургаж эхэлж буй өсвөр насны охид цээживч/хөхний даруулга сонгохдоо хатуулга, зөөлөвч багатай, хөвөн давуун материалаар хийгдсэн даруулгыг сонгох

2. Хэт бариу биш байх. Өөрөөр хэлбэл хөхөвч зүүсний дараа таны арьсан дээр ором үлдэхгүй байх 

3. Хөхөвчний мөр мултарч унахгүй байх /Гэхдээ үүнийг тохируулагчаар тохируулж болдог/

4. Хөхний даруулгыг үйлдвэрлэсэн улс, брэндээс хамаарч хэмжээ нь ялгаатай байж болох бөгөөд энэ талаар худалдааны зөвлөхтэй ярилцаж зөвлөгөө авах нь чухал. 

5. Өөрт тохирсон хэмжээтэй хөхний даруулгыг хэрэглэх нь хөхний хэлбэрийг тань зөв харагдуулаад зогсохгүй мөрөнд тань ирэх ачааллыг багасгаж, бөгтийх, нуруугаар өвдөхөөс хүртэл сэргийлдэг. 

Хэрвээ өөрийн биед гарч буй шилжилтийн насны өөрчлөлт, тулгамдаж буй асуудлын талаар мэргэжлийн хүнтэй ярилцаж зөвлөгөө авахыг хүсвэл 21 аймаг, 9 дүүрэгт байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандаж зөвлөгөө авах боломжтой. Мөн харьяа дүүргийнхээ Өсвөр үеийн кабинетад хандан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв” Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

“Аминчхан яриа” цувралын дараагийн дугаараар бэлгийн боловсролтой холбоотой мэдэхийг хүсэж буй сэдэв, асуултууд байвал oyunerdeneorkhonkhuu@gmail.com хаягаар холбогдоорой.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа #Хөхний даруулга