Сэтгэлзүйчид салалтын дараа ЗАЙЛШГҮЙ хийх зүйлсийг нэрлэжээ


Миау | YOLO.MN
2021-03-25

Салалт бол амьдрал хэмээх тэмдэглэлийн дэвтрийн нэгэн хуудас дуусаж буйг илтгэх томоохон үйл явдал билээ. Тиймдээ ч салалтын дараа гуниглаж гашуудах нь хэвийн үзэгдэл.

Тэгвэл мэргэжлийн сэтгэл судлаачид хүндхэн салалтыг даван туулахад тань туслах дараах дөрвөн зүйлийг санал болгожээ.

1. ДОТНЫН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨ

Хамтрагчаасаа харилцаагаа тасалсан ч гэр бүл, найз нөхөд, анги, хамт олон гээд танд санаа тавьдаг, таныг хайрладаг хүмүүс өчнөөн бий гэдгийг бүү мартаарай.

Ихэнх хүмүүс салалтын дараа өөрийгөө олон нийтээс тусгаарлах хандлагатай байдаг. Гэхдээ мэргэжилтнүүд дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь салалтын дараах хэцүү үеүдийг давах хамгийн үр дүнтэй арга гэжээ.

Тиймээс энэ зовлонг тань хамгийн сайн ойлгож, дэмжлэг үзүүлж чадахуйц нэгэн рүү очоод өөртөө юу хэрэгтэй байгааг хэлээрэй. Хэлэхгүй бол тэд мэдэх аргагүй шүү дээ. Салсны дараа заримдаа түүнийхээ тухай ярьж уйлмаар санагдах үе бий. Эсвэл түүнийг мартаад өөр олон хөгжилтэй зүйлсийг хийхийг хүсэх үе ч бий. Тиймээс найз нөхдөдөө эдгээрийн яг аль нь чамд хэрэгтэй байгааг тодорхой тайлбарласнаар тэд чамд тусалж чадна гэдэгт итгэлтэй байна.

2. МЭДРЭМЖЭЭ МЭДЭР

Сэтгэл санааны өвдөлт яг л бие махбодын өвдөлттэй адил мэдрэгддэг гэдэг. Салалтын дараах өвдөлт тоглоом биш ч энэ үед мэдэрч буй мэдрэмжүүдээ нэг нэгэнгүй хүлээн зөвшөөрч, тунгааж эргэцүүлэх нь зөв юм.

Хүмүүс хамтрагчаасаа харилцаагаа тасалсны дараа өөртөө эдгээр мэдрэмжүүдийг мэдрэх боломжийг огт олголгүйгээр өөрийгөө аль болох завгүй байлгаж, салалтынхаа талаар бодохгүй байх гэж хичээдэг. Та ч бас магадгүй гуниглах гээд ирэхээрээ кино үзэж өөрийгөө сатааруулдаг байсан байх.

Тэгвэл салалтын дараах дууны жагсаалт гаргах, салсан тухайгаа гэр бүл болоод найз нөхөдтэйгөө ярилцах, мэдэрч буй мэдрэмжийнхээ талаар тэмдэглэл хөтлөх зэрэг аргаар мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх боломжтой гэнэ.

Сэтгэл судлаачид эдгээр аргууд дундаас бодлын тэмдэглэл хөтлөх аргыг илүүтэйгээр санал болгодог. Учир нь 2015 онд хийгдсэн нэгэн судалгааны үр дүнд өдөрт таван минутын турш өөрт төрж буй бодол болоод таагүй дурсамжуудынхаа талаар тэмдэглэл хөтөлж байсан хүмүүс тухайн асуудлаа харьцангуй богино хугацаанд даван туулсан нь тогтоогдсон байдаг.

3. ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГА

Сэтгэлзүй болоод бие махбодын тал дээр өөртөө анхаарал хандуулж халамжлаарай. Жишээлбэл, бясалгал хийх, өөрийгөө бусдад илэрхийлэх, талархал илэрхийлэх, өөртөө урам өгөх зэргээр сэтгэлзүйгээ дэмжих боломжтой.

Харин бие махбодын хувьд хоолоо сайн идэж, ажилдаа явж, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, өөрийгөө нийгмээс тусгаарлахаас зайлсхийх байдлаар анхаарч болох юм.

4. СОШИАЛ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯЗГААРЛА

Таныг салалтын дараах шаналалтайгаа зууралдаастай байхад нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл бол олон нийтийн сүлжээ. Тухайлбал, хуучин найз бүсгүй/залуу, тэдний найз нөхөд, гэр бүлийнхнийх нь зураг, нийтлэлүүдийг олон нийтийн сүлжээний платформууд дээр тогтмол үзэж харах нь эдгэх үйл явцыг удаашруулдаг. Энэ нь 2012 онд хийгдсэн нэгэн судалгаагаар батлагдсан байдаг юм шүү. Тиймээс сэтгэл судлаачид түүнтэй холбоотой бүхий л хаягуудыг дагахаа болихыг зөвлөдөг.

Үүнээс гадна та эксийнхээ хаягуудыг дагадаггүй байсан ч олон нийтийн сүлжээг ашиглах нь сөрөг сэтгэл хөдлөлүүдийг бий болгох эрсдэлтэй байдаг. Салаад удаагүй үед аз жаргалтай, сүй тавьсан, хуримаа хийсэн хосуудын зургийг үзэх хэчнээн хэцүү байдгийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. 

Тиймээс салсны дараа олон нийтийн сүлжээнээс 10 хоногийн турш зайгаа барих сорилтыг эхлүүлээрэй.

Салалт амаргүй нь үнэн. Бид салалтыг даван туулчихсан мэт хуурамч мэдрэмжийг өөртөө өгч, хав дараад өнгөрчхөж ч болохооргүй тийм хэмжээний амаргүй зүйл. Эдгэрэх явц удаан хугацаанд үргэлжлэх тул дунд нь шантраад түүн рүүгээ залгамаар үе хэд хэд тохиох байх. Бие дээр үүссэн шарх ч эдгэх гэж тодорхой хугацаа шаарддагийг мэднэ биз дээ? Тиймээс тэвчээртэй байгаарай гэж зөвлөмөөр байна. Дээрх зөвлөгөөг дагаснаар эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Insider

#Сэтгэлзүй #Хайр дурлал #Салалт