Онлайн худалдан авалтад ДОНТСОНЫГ илтгэх арван шинж тэмдэг


Миау | YOLO.MN
2021-03-25

Орчин цагт худалдаа эрхлэгчид бидний юу хүсэж байгаа болоод бүтээгдэхүүнээ бидэнд хэрхэн борлуулахаа маш сайн мэддэг болжээ. Хэдхэн өдрийн өмнө дэлгүүрт таны сонирхож байсан загварын гутал өнөөдөр Фэйсбүүкийн нийтлэл дунд тань гарч ирэх магадлал өндөр болсон.

АНУ-ын нийт иргэдийн 5-8 хувь нь онлайн худалдан авалтад донтох эмгэгтэй гэсэн судалгаа хүртэл гарчээ. Тэгвэл эдгээр хүмүүст ямар шинж тэмдгүүд илэрдэг бол?

Юун түрүүнд хүмүүс онлайн худалдан авалтад донтоход дараах гурван хүчин зүйлс нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна.


1. ДОТОГШОО ЗАН ЧАНАР

Олон хүн холхисон их дэлгүүр, зах, худалдааны төвүүд рүү биечлэн очиж, худалдагчтай наймаалцаж олон нийтийн харилцаанд орох хүсэлгүй, дотогшоогоо төрлийн хүмүүсийн хувьд онлайн худалдаа төгс үйлчилгээ мэт санагддаг.

2. ӨРГӨН СОНГОЛТ

Дэлгүүр дээрх бараа, бүтээгдэхүүний сонголтын хязгаарлагдмал байдалд чин сэтгэлээсээ сэтгэл дундуур үлдэн хоцордог хүмүүсийн хувьд мөн л онлайн худалдаа төгс үйлчилгээ мэт санагдах нь гарцаагүй. Гэвч ийм их сонголт дунд бид сайтар тооцоолоогүй худалдан авалтуудыг хийх эрсдэлтэй байдаг.

3. ТААШААЛ

Таалагдсан бүтээгдэхүүнээ таван минут хүрэхгүй хугацаанд худалдан авч, өөрийн болгоно гэдэг хэн хүний хувьд таатай байх нь аргагүй. Гэвч зарим хүний хувьд энэ нь донтуулах эрсдэлийг бий болгодог байна.


Цааш үргэлжлүүлэн онлайн худалдан авалтад донтох үед илрэх арван шинж тэмдгийг хүргэж байна. Үүнд:

1. Та өөрийгөө хэтэрхий их зүйлийг ухамсаргүйгээр худалдан авч, өөрөөр хэлбэл донтож байгаагаа анзаарсан ч больж чадахгүй байна.

2. Онлайнаар их зүйл худалдан авдгаасаа болоод ойр дотнынхонтойгоо маргалдсан, санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсан.

3. Гэр бүл, найз нөхөд, хамтрагч тань таны онлайн худалдан авалтын дадалд санаа зовж буйгаа илэрхийлсэн. Мөн тэдэнтэй энэ талаар ярилцахад маргалдаж дууссан.

4. Өдрийн ихэнх хугацаанд онлайнаар бараа, бүтээгдэхүүн худалдан авах талаар боддог.

5. Ямар нэгэн бараа, бүтээгдэхүүнийг онлайнаар худалдан авах боломжгүй гэвэл бухимддаг болсон.

6. Онлайн худалдан авалт таныг тайтгаруулдаг цөөн хэдэн зүйлсийн нэг болсон.

7. Хүмүүс таныг “мөнгөө их үрж байна, донтсон байна” хэмээн шүүмжлэх вий гэхээс эмээж онлайнаар худалдан авсан бараа, бүтээгдэхүүнээ нуудаг.

8. Онлайнаар худалдан авалт хийснийхээ дараа харамсдаг.

9. Онлайн худалдан авалтаас бусад хийх дуртай зүйлсээ тийм ч их хийхээ больсон.

10. Төлөвлөөгүй, үнийг нь төлж дийлэхгүй зүйлсийг худалдан авах болсон.

Энэ төрлийн донтолт нь сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, улигт бодол, албадмал үйлдлийн эмгэг зэрэг сэтгэлзүйн асуудлуудтай холбоотой байх нь түгээмэл. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс гурав болон түүнээс дээш шинж тэмдэг нь илэрсэн бол сэтгэлзүйчид хандан тусламж хүсэх цаг нь болсон байна.


Хэрэв танд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

Эх сурвалж: Psychology Today

#Сэтгэлзүй #Донтолт #Онлайн худалдан авалт