Хэлээ түлсэн үед ЯАРАЛТАЙ авах арга хэмжээнүүд


Миау | YOLO.MN
2021-03-25

Хэлээ түлсний дараах хэд хоногт юм идэж уухад хэцүү байдаг гэдгийг мэддэг ч дөнгөж саяхан чанасан кофег уух гэж, зуухнаас гараад удаагүй пиццаг идэх гэж яарсаар хэлээ түлэх нь бий. Түлэгдэнэ гэдгээ мэдсэн хэрнээ шүү дээ!

Мэргэжлийн эмч нар хэлний ямар ч хэмжээтэй түлэгдэлт хамгийн ихдээ хоёр долоо хоногийн дотор эдгэрдэг гэж үздэг. Гэхдээ энэ хугацааг аль болох богино байлгахыг хүсвэл дараах аргуудыг хэрэглээрэй.

1. ЯАРАЛТАЙ ХӨРГӨХ

Хэлээ түлсний дараа таны юун түрүүнд хийх шаардлагатай зүйл бол хэлээ хөргөх. Хэлээ хүйтэн ус уух, мөс амандаа хийх зэргээр хөргөж болно. 

Энэхүү алхмыг хэдий чинээ яаралтай хийнэ, үр дүн нь төдий чинээ хурдан гарна. Энгийнээр тайлбарлавал халуун зүйл хэлний эдүүдийг гэмтээж, томоохон цар хүрээг хамрахаас нь өмнө зогсоож байна гэсэн үг юм.

2. ЗАРИМ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ

Түлэгдэлт эдгэрэх хүртэл халуун уух зүйл, согтууруулах ундаа болоод халуун ногоотой хоол хүнсийг хорих нь тохиромжтой. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд түлэгдсэн хэсгийг улам цочроох эрсдэлтэй байдаг. Үнэхээр л хэлээ түлсний дараа дахин халуун уух зүйл уух, халуун ногоотой хоол идэхэд өвдөлт ихээр мэдрэгддэг шүү дээ. Сонирхуулан хэлэхэд согтууруулах ундаа нь хэлийг цочроогоод ч зогсохгүй эдгэрэлтийг удаашруулдаг гэнэ.

3. СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ

Та бүхэн халуун ногоотой хоол идсэний дараах аймшигтай мэдрэмжийг сүүгээр дардаг талаар хаа нэгтэйгээс сонсож байсан л байх. Сүү, сүүн бүтээгдэхүүн халсан эдүүдийг хөргөхөөс гадна бүрхүүл үүсгэн тайвшруулах үйлчилгээтэй билээ. Энэ дундаа хүйтэн сүү болоод тараг уух нь илүү тохиромжтой байна.

4. СОЙЗДОЖ УГААХААС ЗАЙЛСХИЙХ

Шүдний эмч нар бидэнд шүдээ угаах бүрдээ хэлээ ч мөн угааж байхыг зөвлөдөг. Гэхдээ хэлээ түлсэн тохиолдолд бүрэн эдгэх хүртэл нь түлэгдсэн хэсгээс бусад хэсгийг угаах нь тохиромжтой.

5. ДАВСНЫ УУСМАЛААР ЗАЙЛАХ

Амаа давстай усаар зайлах нь өвчин намдаах, нянг устгах шидтэй. Амаа хоол идсэний дараа болон унтахынхаа өмнө давстай усаар зайлаарай. Нэг аяга хүйтэн бүлээн усанд хагас цайны халбага давс хийж хутган уусмалыг бэлтгэх боломжтой.

Эх сурвалж: Insider

#Эрүүл мэнд #Зөвлөгөө #Хэл