Аль ч хүйсийн хүнд бэлэглэж болох БЭЛГИЙН САНААНУУД


Миау | YOLO.MN
2021-03-24

Энэхүү нийтлэлээрээ бид аль ч хүйсийн хүнд бэлэглэх боломжтой бэлгийн жагсаалтыг хүргэж байна. Магадгүй төрсөн өдөр, төгсөлтийн баяр болоод бусад тэмдэглэлт өдрүүдэд хайртай дотнын хүндээ юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол энэ нийтлэл танд тусална гэдэгт итгэлтэй байна.


BEANIE МАЛГАЙ

Манайх шиг эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай орны жилийн гурван улиралд малгай өмсөхөд буруудах зүйл огтхон ч үгүй. Намар, өвлийн улиралд даарахаас, хаврын улиралд хачиг, шорооноос сэргийлээрэй хэмээн бэлэгдэж түүндээ beanie загварын малгай бэлэглэж болох юм. Ямар өнгө, бичигтэйг сонгох нь харин бэлэглэх гэж буй хүний тань загварын чиг хандлага болоод өөрийн тань мэдрэмжээс шалтгаалах юм шүү.


БОГИНО ХАНЦУЙТАЙ ЦАМЦ

Футболка буюу богино ханцуйтай цамц өмсдөггүй хүн өнөөгийн нийгэмд байдаг гэж үү? Авсан бүх футболка минь эцэстээ унтлагын хувцас болоод л дуусах юм даа гэдэг хошигнол ч хүртэл гараад амжжээ. Тоолж барамгүй өнгө, загварын сонголтоос сонгож, дээр нь үг бичүүлээд авах ч боломжтой болсон. Юу бичихээ мэдэхгүй байгаа бол хөгжилтэй үгс бичсэн футболка үйлдвэрлэдэг газрууд цөөнгүй бий гэдгийг бүү мартаарай.


МАЛГАЙТАЙ ЦАМЦ

Одоогоос хэдхэн жилийн өмнө малгайтай, томоо гэгч нь цамцыг зөвхөн хип хоп хөгжим сонсдог залуус өмсдөг гэсэн ойлголт түгээмэл байсан бол одоо хэн хүнгүй өмсөх болжээ. Хүйтнээс хамгаалахын зэрэгцээ загварлаг харагдуулах hoodie буюу малгайтай цамц бэлэгний хувьд үргэлж сайхан сонголт байх болно. Гэхдээ энэ удаад дотнын хүндээ малгайтай цамц бэлэглэх гэж байгаа бол энгийнийг бус сонсох дуртай хамтлаг дуучин, үзэх дуртай киноных нь дүрийн зурагтайг сонгож болох юм.


ГАР УТАСНЫ ГЭР

Ухаалаг утсаараа олон ажил амжуулах боломжтой болсон өнөө үед гар утасны гэр бол хамгийн таатай бэлгийн нэг байх болно. Түүнийхээ гар утасны загварыг мэддэг байхад л бэлэг сонгох ажлынхаа талыг гүйцэлдүүлчихлээ гэж ойлгож болох юм. Мөн өөрт тань таалагдах загварын гэр олдохгүй байна гэж шаналах ч шаардлагагүй. Хүссэн зургаа гар утасны гэрэн дээр хэвлүүлэх үйлчилгээ нэвтэрсэн өнөө цагт ийм зүйлээс болж шаналж байвал “ичмээр” шүү.


КЭТ

Хэзээ ч моданаас гардаггүй загвар гэж бий. Үүнд, “Converse” брэндийн Chuck Taylor All Star, “Nike” брэндийн Cortez, “Adidas” брэндийн Superstar зэрэг загварууд багтаж болох юм. Өнгөний сонголтыг харин танд үлдээе.

Хайртай хүндээ гутал бэлэглэвэл зугатаад явчихна гэх үгс байдаг ч сайхан гутал эзнээ сайхан газарт л хүргэдэг гэдэг үг байдгийг бүү мартаарай. 


ТАРИМАЛ ЦЭЦЭГ

PubMed сайтад нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнд цар тахлын үеэр хөл хорионд орсон хүмүүсээс гэртээ тасалгааны ургамал тарьдаг, эсвэл байшингийнхаа гадаа зүлэг модтой, орчин тойрон нь зүлэгжсэн газар амьдардаг хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал сайн байсан нь тогтоогджээ.

Зөвхөн өөрт нь гээд хөөрхөн гэгч нь таримал цэцэг бэлэглэвэл хэчнээн ургамал ногоо сонирхдоггүй хүн ч хайрлан ургуулах нь тодорхой биш гэж үү?


АГААР ЧИЙГШҮҮЛЭГЧ + ЭФИРИЙН ТОС

Түүний эрүүл мэндэд анхаардаг гэдгээ илэрхийлэх бас нэгэн гайхалтай бэлгийн санаа бол агаар чийгшүүлэгч юм. Хуурай агаар арьс хуурайших, хоолой аргах, хамар загатнах, уруул хагарах зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэх эрсдэлтэй.

Тиймээс ажил, хичээлийн ширээнд тавихад зориулагдсан авсаархан агаар чийгшүүлэгчийг түүндээ бэлэглэж болно. Үүнээс гадна агаар чийгшүүлэгчдээ ганц, хоёр дуслаар дусаан хэрэглэх эфирийн тосыг нэмэлтээр бэлэглэж болох юм. Эфирийн тос нь стресс, сэтгэл түгшилт, нойргүйдэл зэргийг шийдвэрлэх нэгэн төрлийн анагаах үйлчилгээг үзүүлдэг байна.


ЭКО ХЭРЭГСЭЛ

Өдөр тутмын амьдралд нэг удаагийн хэрэгслийг ашиглах шаардлага олон гардаг. Тэгвэл эх дэлхийгээ хайрлахын зэрэгцээ түүндээ ухаалаг бэлэг бэлэглэхийг хүсвэл эко уутыг сонгоорой. Өнгө болон загварын маш олон сонголттой байдаг учир таалагдахгүй байх вий гэж айх ч шаардлагагүй гэж бодож байна.

Үүнээс гадна зөөврийн халбага, сэрээний ком бэлэглэсэн ч болох юм. Хеликобактериас эхлээд олон төрлийн бактериуд гадуур хооллосноор дамжих эрсдэлтэй байдаг. Иймд гадуур хооллохдоо ч өөрийнхөө халбага, сэрээг хэрэглэж эрсдэлээс сэргийлэх боломжтой билээ.


ХУСДАГ ГАЗРЫН ЗУРАГ

Аялах дургүй хүн цөөн байдаг болов уу. Бэлэг бэлэглэх гэж буй хүн тань аялах дуртай бол хусдаг газрын зураг бэлэглээрэй. Өөрийн аялсан газруудыг хусаж өөр өнгөөр тэмдэглээд, тэдгээрийгээ хараад суух нь бас нэгэн төрлийн аз жаргал биш гэж үү?

Газрын зураг дээрх бүхий л зургаа хусаад дуусчихвал өөрөөрөө бахархах мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна.


БУДДАГ ЗУРАГ

Кодоор буддаг зураг нь тайвшруулах, стрессийн түвшинг бууруулах, ой тогтоолтыг сайжруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зэрэг олон давуу талтай. Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дэлгэцийн хэрэглээнээс татгалзах гэж хичээж буй энэ үед үүнээс сайхан бэлэг байгаа эсэхэд эргэлзэж байна. 

#Зөвлөгөө #Бэлэг