ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн аз жаргалтай орон


Миау | YOLO.MN
2021-03-24

Өнгөрсөн онд цар тахлын улмаас бөмбөрцгийн өнцөг булан бүрд суугаа хүмүүсийн амьдралд их, бага хэмжээгээр өөрчлөлт гарсан билээ. Ихэнх улс орны ард иргэдэд бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндээс эхлээд олон асуудал тулгарсан ч дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтын эхний байруудад тийм ч их өөрчлөлт гараагүй бололтой.

Дэлхийн хамгийн аз жаргалтай орнууд жагсаалтыг Финлянд улс дөрөв дэх жилдээ тэргүүлжээ. 

10. Австри
9. Шинэ Зеланд 
8. Норвеги 
7. Герман
6. Швед
5. Нидерланд
4. Швейцарь 
3. Денмарк
2. Исланд
1. Финлянд

Финлянд улс дэлхийн хамгийн аз жаргалтай орныг тодруулдаг энэхүү жагсаалтад үргэлж л дээгүүр байр эзэлсээр ирсэн. Ингээд Финлянд улсын тухай найман сонирхолтой баримтыг хүргэж байна.

1. ГУРВАН САЯ ГАРУЙ САУН БИЙ

Саун Финлянд улсын соёлтой салшгүй холбоотой билээ. Ард иргэд нь гэр бүл болон найз нөхөдтэйгөө хамт саунд сууж алжаалаа тайлах нь түгээмэл байдаг бөгөөд эрт цагт ихэнх финлянд эмэгтэйчүүд саунд амарждаг байсан гэдэг. Нийт 5.6 сая ард иргэдтэй Финлянд улсад гурван сая гаруй саун байдаг гэвэл та итгэх үү?

2. СҮҮ УУХ ҮНЭХЭЭР ДУРТАЙ!

Энэ улсын ард иргэд сүү, сүүн бүтээгдэхүүнд “нугасгүй”. Жилд Финлянд улсын нэг иргэн 130 гаруй литр сүү уудаг гэсэн судалгаа бий. 

3. ХАЧИРХАЛТАЙ ТЭМЦЭЭН

Хөгжилтэй тэмцээн уралдаан амьдралыг илүү амттай болгодог шүү дээ. Тэгвэл Финлянд улсад нэгэн хачирхалтай тэмцээн жил бүр зохион байгуулагддаг аж. Тэмцээний дүрэм бол эхнэрээ үүрээд олон сонирхолтой давааг давах бөгөөд барианд хамгийн түрүүнд орсон нь ялагч болох юм. Эрт цагт зөвхөн Финляндчуудын оролцдог байсан уг тэмцээн өдгөө цар хүрээгээ тэлж, дэлхийн олон улс орны иргэд оролцох боломжтой болжээ.

Хамгийн гайхалтай нь ялагч эхнэрийнхээ биеийн жинтэй тэнцэхүйц хэмжээний шар айргаар шагнуулдаг байна.

4. ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ТЭГШ ХЭМТ ҮГ

Дэлхийн хамгийн урт тэгш хэмт буюу хоёр талаасаа уншигддаг үг бол 19 үсгээс бүрдэх “saippuakivikauppias” хэмээх үг юм. Энэ нь Финляндаар үнсэн шүлтийн наймаачин гэсэн утгатай гэнэ.

5. КОФЕЧИН АРД ТҮМЭН

Финлянд улсын нэг иргэнд жилд 12 килограмм кофе ноогддог учир нэг хүнд ногдох кофены хэмжээгээр мөн л дэлхийд тэргүүлдэг. Кофе бол тэдний зөвхөн өглөөний цайндаа, эсвэл нойроо сэргээхийн тулд уудаг бус, тэмдэглэлт өдрүүдэд ч хэрэглэдэг ундаа юм.

6. АЗГҮЙДЛИЙН ӨДӨР

Финлянд улс жил бүрийн аравдугаар сарын 13-ний өдрийг “Азгүйдлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Анх 2010 онд их сургуулийн оюутнууд энэхүү өдрийг тэмдэглэсэн нь олон хүний анхаарлыг татаж, өдгөө улс төрч, уран бүтээлч, телевизийн од тэргүүтэй олон алдартай хүмүүс өөрсдийн азгүйдэл болоод түүнийгээ хэрхэн даван туулсан тухайгаа хуваалцдаг байна.

7. НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ

Шорон болоод нээлттэй хэмээх хоёр үг хэзээ ч хамт оршимгүй мэт. Гэхдээ Финляндад бол боломжтой шүү. Энэхүү улс нээлттэй хорих ангийн системийг хэрэгжүүлдэг бөгөөд ял эдэлж буй хоригдлууд өдрийн цагаар тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд зорчиж болдог. Үүгээр ч зогсохгүй тэд энгийн иргэдийн адилаар сурч, ажиллаж, дэлгүүр хэсэх ч боломжтой. Ийм системийг хэрэгжүүлснээр төсвийн хувьд хэмнэлттэйгээс гадна хоригдлууд ялаа эдэлж дуусаад дахин хэрэг үйлдэх хувь буурдаг гэж үздэг байна.

Гэсэн хэдий ч энэ систем хоригдлуудын шоронгоос оргох ажиллагааг хялбарчилдаг гэж хэлж болно. 10,000 хоригдол тутмын 1,084 нь шоронгоос оргодог тул энэ үзүүлэлтээр Европыг тэргүүлдэг улс бол мөн л Финлянд.

8. ХҮЧИРХЭГ ПАССПОРТ

Финлянд улсын иргэд 175 орон руу визгүйгээр зорчих боломжтой бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг пасспорттой улсын жагсаалтын гуравдугаар байранд Герман болон Сингапур улсын араас бичигддэг байна. 

Эх сурвалж: CNN, World Atlas

#Сонин хачин #Үүнийг мэдэх үү