ҮЗЭЭД ҮЗ: “Zack Snyder’s Justice League”


Бид өмнөх нийтлэлдээ “Love Alarm” цувралын хоёрдугаар бүлгийг танилцуулсан. Харин энэ удаа дэлхийг аврагч супер баатруудын нэгдэл, “DC” кино ертөнцийн ээлжит бүтээл “Zack Snyder's Justice League” (2021) киног санал болгож байна. Мэдээж нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй шүү.

“ZACK SNYDER’S JUSTICE LEAGUE” (2021) ГЭЖ ЮУ ВЭ?

“Zack Snyder’s Justice League” нь энэ сарын 18-нд “HBO MAX” видео стрийминг үйлчилгээгээр дамжин үзэгчдийн хүртээл болсон юм. Одоогоор IMDb-гийн 8.4 хувийн үнэлгээнд хүрсэн ба 70 сая ам.долларын төсвөөр бүтжээ.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

2017 онд нээлтээ хийсэн “Justice League” киноны анхны хувилбарын найруулагч Zack Snyder ажилласан гэдгээрээ онцлогтой. Тийм ч учраас энэхүү бүтээлийг “Snyder’s cut” хэмээн нэрлэж байгаа аж.

242 минут буюу дөрвөн цаг гаруй хугацаанд үргэлжлэх энэхүү кино таны хүлээлтэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Үргэлжлүүлэн та бүхэнд уг киноны тухай олон баримтаас долоон баримтыг онцлон хүргэе.

1. НАЙРУУЛАГЧ ZACK SNYDER ГЭЖ ХЭН БЭ?

“DC” кино ертөнцийн тав дахь бүтээл болон нээлтээ хийж буй энэхүү киноны найруулагч Zack Snyder-ыг 2017 онд ижил нэрт бүтээлийн анхны хувилбар дээр ажиллаж байсныг бид дээр дурдсан. Гэвч тухайн үед гэр бүлд нь тохиолдсон эмгэнэлт явдлын улмаас тэрээр төслийг орхихоос өөр аргагүйд хүрсэн юм.

Харин найруулагч Joss Whedon төслийг хариуцан авснаар та бидний мэдэх “Justice League” (2017) кино нээлтээ хийжээ. Ийнхүү 2021 онд эхлүүлсэн ажлаа дуусгахаар найруулагч Zack Snyder эргэн ирж байна.

2. ZACK SNYDER: БИ 2017 ОНЫ “JUSTICE LEAGUE” КИНОГ ОГТ ҮЗЭЭГҮЙ

Түүний хэлж буйгаар “Та нарт нэгэн нууцыг дэлгэе. Би 2017 оны хувилбарыг нь огт үзээгүй. Тиймээс шинэхэн хувилбар нь өмнөхөөсөө ямар ялгаатайг хэлж мэдэхгүй нь. Фэнүүд маань надаас өмнөх хувилбарын зарим нэг хэсгийг хэрхэн дүрсэлсэн талаар асуусан. Би юу яриад байгааг нь ч ойлгоогүй. Тэгэхээр хоёр бүтээлийн хувьд ялгаатай зүйлс цөөнгүй байгаа бололтой” хэмээжээ.

“Zack Snyder’s Justice League” киноны ойролцоогоор 80 хувьд нь цоо шинэ үйл явдал гарах ба шинэ дүрүүд ч бий гэнэ. 

3. ДӨРВӨН ЦАГИЙН ТУРШ ҮРГЭЛЖЛЭХ ТҮҮХ

Үзэгч та дүр бүрийн түүхийг нарийвчлан өгүүлсэн бүтээлийг 262 минутын турш хүлээн авах юм. Энэ тухай найруулагч Zack “Хоёрхон цагийн хугацаанд энэ түүх та бүхэнд хэрхэн хүрч байсныг мэдэхгүй юм. Киноны өмнөх хувилбараас илүү гүнзгий сэтгэгдэл та бүхэнд үлдэнэ гэж найдаж байна. Үзэгч танд хандан хэлэхэд энэ дөрвөн цаг амьдралын тань мартагдахааргүй мөчүүдийн нэг байх болно” хэмээн хэлжээ.

4. ФЭНҮҮДИЙН ХҮЧ

Дөрвөн жилийн өмнө найруулагч Zack Snyder-ын “Justice League” төслийг орхисон шалтгаан нь түүний охин амиа хорлосон явдал байсан юм. Харин тус киноны фэнүүд нь өнгөрсөн хугацаанд 500 сая ам.долларын хандив цуглуулж АНУ-ын “Амиа Хорлолтоос Урьдчилан Сэргийлэх Сан”-д өгчээ.

Энэ тухай тэрээр “Би фэнүүдээрээ маш их бахархаж байна. Учир нь энэ үйлс миний болоод гэр бүлийн минь хувьд маш чухал үйл явдал” хэмээн талархсан сэтгэгдлээ цахим сүлжээнд илэрхийлжээ.

5. ДЭЛГЭЦИЙН ХЭМЖЭЭ

Энэхүү бүтээлийн бас нэгэн онцлог бол дэлгэцийн хэмжээ юм. Тухайлбал, киног бидний кино театрт үздэг 1.85:1 өргөн хэмжээгээр бус IMAX дэлгэцийн форматад тохируулж 1.33:1 харьцаатайгаар хийсэн аж. IMAX бол энгийн кино театрын дэлгэцийг зургаа дахин томруулсан хэмжээ билээ.

6. НЭГ КИНОНД ЗУРГААН ӨӨР ХЭСЭГ

“Zack Snyder’s Justice League” кино зургаан өөр түүх бүхий зургаан хэсгээс бүрдэнэ. Найруулагчийн хэлж буйгаар “Кино маань ийнхүү зургаан хэсэгт хуваагдсан учраас та хүссэн үедээ киногоо зогсоож, ариун цэврийн өрөө орж, амттан авч ирэх боломжтой юм” хэмээжээ.

7. ZACK SNYDER: КИНО ТЕАТРТ НЭЭЛТЭЭ ХИЙХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Найруулагч Zack-ын хэлснээр, “HBO Max бол энэ бүтээлийг хүлээн авахад хамгийн тохиромжтой платформ. Зөөлөн буйдан дээрээ тухлан сууж, дуртай амттанаа идэнгээ кино үзэх ч үнэхээр сайхан шүү. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдал намжвал кино театрт нээлтээ хийхийг хүсэж байна” гэсэн юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө үзэгчдэд хүрсэн “Justice League” кино 2021 онд Zack Snyder найруулагчийн хувилбараар танд хүрч байна. 2017 оны хувилбараасаа ямар ялгаатай бол?

Ингээд нийтлэлийн төгсгөлд та бүхэнд киноны албан ёсны танилцуулга бичлэгийг хүргэе. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Wikipedia, Buzzfeed

#Кино урлаг #Үзээд үз #Zack Snyder’s Justice League