“Би ЗҮРХ СЭТГЭЛГҮЙ НЭГЭН болчихсон мэт санагдаад байна”


Сондор | YOLO.MN
2017-03-17

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Миний хамгийн том асуудал бол ямар ч хүн миний сэтгэлд хүрэхээ больсон

Миний ойр дотны зургаан найз бүгд найз залуу/охинтой гэрлэнэ гэж ярьдаг ирээдүйгээ төлөвлөж эцэг эхтэйгээ хүртэл танилцуулж зарим нь гадаад руу хамт сурахаар явсан.

Сайн байна уу? Миний сэтгэгдлийг унших танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх удаа сэтгэл зүйчид өөрийн мэдрэмжээ хуваалцаж байгаа болохоор бага зэрэг сандарч байна. Би 18 настай оюутан. Би өөрийгөө хайрлах, халамжлах, санаа зовох гэсэн мэдрэмжүүдээ далд хийж цоожлоод түлхүүрээ өөрөөсөө нуусан гэж боддог.

Ойрын 3 жилд амин чухал гэж санагдсан зүйлүүдээ тэмдэглэлийн дэвтэр дээр эрчимтэй бичиж өөрийгөө ойлгох гэж өөрийгөө ямар хүн болохыг мэдэх гэж хичээсэн. Харин би эрэгтэй хүнийг яг л харь гарагийн хүн мэтээр боддог болчихжээ. Заримдаа бүх юм нь нүүрэн дээр нь ил харагдаж бодлыг нь уншиж байгаа мэт ойлгож, худал үг цухуймагц мэддэг хэрнээ эмэгтэй хүнтэй адилхан бусдыг хайрладаг гэж бодохоор тэнэг, бүтэхгүй санагдаад байх юм.

Миний ойр дотны зургаан найз бүгд найз залуу/охинтой гэрлэнэ гэж ярьдаг ирээдүйгээ төлөвлөж эцэг эхтэйгээ хүртэл танилцуулж зарим нь гадаад руу хамт сурахаар явсан. Миний хажууд л том ах эгч нар л даа. Энэ бүхнийг хөндлөнгөөс харж суудаг би гэдэг хүн дурлал гэдэг хүнийг ямар зоригтой, эмзэг, тэнэг, ухаангүй... гээд хүнийг яг л бөөн сэтгэл хөдлөлөөр бүрчихсэн юм шиг болгодгийг хардаг.

Миний хамгийн том асуудал бол ямар ч хүн ямар ч романтик үйл явдал миний сэтгэлд хүрэхээ больсон. Өөрөөр бол зүрх сэтгэлгүй хүн шиг болчихсон. Миний найзууд намайг хүнтэй танилц, дотнос гэж шахдаг, заримдаа бүр гэр бүлийнхэн минь хүртэл хэлж намайг гайхшруулдаг. Би чинь жоохон шүү дээ дөнгөж 18-тай. Хайр дурлал ярих нас биш гэж ярьж байх үед нөгөө гэнэн томоогүй насны тэнэгхэн хайр гэдэг зүйлс нь намайг тойрчиж.

Би яагаад ч юм танихгүй хүмүүст дургүй шинэ хүмүүстэй барагтай бол танилцдаггүй танилцсан хэд нь зөвхөн танил төдийхнөөр санагддаг. Ялангуяа эрэгтэй хүн гудамжинд явж байхад сургуулийн коридорт автобусанд facekook-р танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлвэл би зүгээр л эелдгээр татгалздаг

Би бүрэг ичимхий хаалттай хүн биш өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай гэж боддог. Надад тус болооч

ЗӨВЛӨГӨӨ: Магадгүй цаг нь болоогүй байх

Эхлээд хийхийг хүссэн тэр зүйлүүдээ хийсэний дараа таны бодол өөрчлөгдөх нь мэдээж хэрэг шүү дээ.

Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Таны бичсэн “Би өөрийгөө хайрлах, халамжлах, санаа зовох гэсэн мэдрэмжүүдээ далд хийж цоожлоод түлхүүрээ өөрөөсөө нуусан гэж боддог” гэсэн өгүүлбэрээс уншихад таны өөртөө өгсөн тэр нэгэн амлалт, өөрөө хүлээн зөвшөөрч найз хөвгүүнтэй болох тэр хугацаа болоогүй байх. Өөрөөр хэлбэл цаг нь болоогүй гэсэн үг.

Та өөрөө л хэн нэгнийг хүлээж авахыг хүсээгүй байхад ямар ч хүн танд санал өгсөн та эелдэгээр татгалзсан хариу өгөөд байгаа юм. Тиймээс сэтгэл зүрхгүйдээ, бусдыг хайрлаж чадахгүй байгаадаа огтхон ч биш юм. Таны нас залуу байна. Эхлээд хийхийг хүссэн тэр зүйлүүдээ хийсэний дараа таны бодол өөрчлөгдөх нь мэдээж хэрэг шүү дээ. Танд амжилт хүсье.             


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers