ҮЗЭЭД ҮЗ: “Love Alarm” цувралын хоёрдугаар бүлэг


Бид өмнөх нийтлэлдээ гэмт хэрэг, нууцлаг төрлийн “Mouse” (2021) цувралыг танилцуулсан. Тэгвэл энэ удаа хайр дурлал, драм төрлийн “Love Alarm” киноны хоёрдугаар бүлгийг санал болгож байна. Мөн энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй болно.

“LOVE ALARM” (2021) ГЭЖ ЮУ ВЭ?

“Love Alarm” бол 2019 оны наймдугаар сарын 22-нд “Netflix”-д нээлтээ хийсэн бүтээл бөгөөд хоёрдугаар бүлэг нь энэ сарын 12-нд үзэгчдэд хүрсэн юм. Зургаан ангитай энэхүү бүлгийн найруулагчаар “Healer” (2014) цувралын Kim Jin Woo ажиллажээ.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Нэгдүгээр бүлгийн үйл явдлаас дөрвөн жилийн дараа тэд эргэн уулзана. Тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бол? Эхний бүлгээс үлдсэн асуултуудын хариуг та энэхүү бүлгээс олж аваарай. 

Үргэлжлүүлэн уншигч та бүхэндээ цувралын хоёрдугаар бүлгийн тухай сонирхолтой долоон баримтыг танилцуулъя.

1. ШИНЭ НАЙРУУЛАГЧ

Найруулагч Kim Jin Woo бол “Good Doctor” (2013), “Healer” (2015), “Queen of Mystery” (2017) зэрэг бүтээл дээр ажилласан чадварлаг найруулагч юм. Түүнээс “Love Alarm” киноны найруулагчаар ажилласан сэтгэгдлийг нь асуухад:

- “Алдартай цувралын хоёрдугаар бүлгийг найруулах нь нэр төрийн хэрэг байлаа. Миний хувьд жүжигчид хоорондын уур амьсгалыг эвдэхгүй байхад маш их анхаарсан. Учир нь тэдний хоршил аль хэдийнэ үзэгчдэд хүрсэн шүү дээ” хэмээн ярьжээ.

2. ХОЁРДУГААР БҮЛЭГТ

Hwang Sun Oh-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Song Kang хоёрдугаар бүлгийн тухай, “Нэгдүгээр бүлэгт өсвөр насны хүүхдүүдийн хайр дурлалын талаар өгүүлдэг шүү дээ. Харин энэ бүлэгт залуусын хайрын тухай гарах болно. Сэтгэл хөдөлгөм хэсгүүд олон байгаа учраас та бүхэнд таалагдана гэж найдаж байна” хэмээжээ. Харин найруулагч Kim Jin Woo, “Нэгдүгээр бүлэгт өгүүлж чадаагүй түүхүүд энэ бүлэгт танд хүрэх болно” хэмээн ярьсан юм.

3. “NETFLIX”-ИЙН ХҮҮ

Жүжигчин Song Kang нь энэхүү цувралаас гадна “Sweet Home” цувралд гол дүрийг бүтээсэн юм. Тийнхүү фэнүүд нь түүнийг Son of Netflix хэмээн нэрлэжээ. Мөн энэ сарын 22-нд түүний тоглосон “Navillera” кино “Netflix”-д нээлтээ хийх юм. Тэрээр “Надад ийм хоч өгсөнд үнэхээр талархаж байгаа. Илүү их хичээх урам зоригтой боллоо” хэмээн хэлжээ.

4. ХЭРЭВ АППЛИКЕЙШНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ БОЛОМЖ ОЛДВОЛ?

Jo Jo-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Kim Su Hyun-ы бодлоор, “Хэрэв бодит амьдрал дээр яг ийм аппликейшн байдаг бол мэдрэгчийг нь 30 метр хүртэл өргөсгөх байсан. Кинон дээр 10 метр байдаг шүү дээ. Энэ зай надад хэтэрхий ойрхон санагддаг. Учир нь танаас аравхан метрийн зайд дохио дуугарч, таны уулзахыг хүсээгүй хэн нэгэн гарч ирж болзошгүй. Үүний оронд 30 метрийн радиуст дохио өгвөл хэн хаана байгааг мэдэх боломжгүй шүү дээ” хэмээн хариулжээ.

5. ЖҮЖИГЧДИЙН НӨХӨРЛӨЛ

Гол дүрийн жүжигчид үнэхээр дотно найзууд аж. Энэ тухай жүжигчин Kim Su Hyun, “Бид үргэлж бие биенээ өдөж, тоглоом хийдэг. Маш чухал зураг авалтад орж байх үед нь ч камерын ард зогсчхоод инээлгэхийг оролддог” хэмээн ярьсан юм. Мөн жүжигчин Song Kang “The Tale of Nokdu” (2019) цувралын зураг авалтын үеэр жүжигчин Kim Su Hyun-д амжилт хүсэн хоолны машин явуулж байсан юм.

Яагаад хоолны машин явуулдаг вэ?

- Нэг уран бүтээлд хамтран ажилласан жүжигчид бие биенээ дэмжих зорилгоор зураг авалтын талбай руу нь хоол, амттантай машин явуулдаг.

6. НУЛИМСАА АРЧИХ ЦААСАА БЭЛДЭЭРЭЙ!

Энэхүү бүлэгт жүжигчин Song Kang цөөнгүй удаа уйлах аж. Тэрээр “Би өөрийн дүр Sun Oh-д маш их хайртай. Тийм ч учраас нэгдүгээр бүлгээ дахин үзсэн л дээ. Тэгээд өөрийнхөө уйлах ёстой байсан хэсэг бүр дээр жүжиглэлтээ давтсаар өөрийгөө жинхэнэ Sun Oh шиг мэдэрсэн. Би хоёрдугаар бүлэгт олон удаа уйлах болно” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр өөрийн дүрд хандан “Би чиний дүрийг бүтээж байхдаа амьдралдаа уйлж үзээгүйгээрээ уйлсан. Чи маш олон хэцүү зүйлийг давж гарсан шүү дээ. Нэг л зүйлийг санаж яваарай. Би үргэлж чиний талд байх болно” гэжээ.

7. “LOVE ALARM” АППЛИКЕЙШН БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР БАЙСАН БОЛ?

Танд хайртай нэгнийг ганцхан аппликейшний тусламжтайгаар мэдэх боломжтой гэвэл та үүнийг ашиглах уу? Энэ тухай жүжигчин Kim Su Hyun “Хэн нэгэнд сэтгэлтэй үгүйгээ мэдэхэд туслах аппликейшн байдаг бол амар л байх. Гэхдээ үүнийг бодит амьдралдаа ашиглах шаардлагагүй гэж бодож байна. Учир нь аппликейшнээс болж гаргасан шийдвэр нь хожим бусдыг шархлуулж магадгүй шүү дээ” хэмээн хариулжээ.

Харин жүжигчин Song Kang, “Би ч мөн адил ийм аппликейшнийг татаж авахгүй. Магадгүй сэтгэлээ үгээр биш аппликейшний дохиогоор илчлэх нь амар байж болох л юм. Гэхдээ миний хувьд сэтгэлтэй нэгнийхээ нүд рүү эгцэлж хараад хайртай гэдгээ хэлбэл илүү утга учиртай байна байх” хэмээн хариулсан юм.

Уншигч та “Love Alarm” цуврал хэрхэн төгсөхийг мэдмээр байвал яг одоо үзэж эхлээрэй. Jo Jo хэнийг сонгосон бол? Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Hype

#Кино урлаг #Үзээд үз #Love Alarm