Кпопын эргэн тойронд: Дэлхийн шилдэг поп алдартнаар BTS хамтлаг шалгарлаа


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-03-15

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ПОП АЛДАРТНААР BTS ХАМТЛАГ ШАЛГАРЛАА

Billboard сайтаас жил бүр дэлхийн шилдэг поп алдартныг шалгаруулдаг уламжлалтай. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт BTS хамтлагийг 2020 оны шилдэг поп алдартнаар нэрлэсэн байна.

Тус жагсаалтад 1981 оноос хойш Michael Jackson, Madonna, Whitney Houston, Mariah Carey, Nirvana, Backstreet Boys, Britney Spears, Kanye West, Eminem, Beyonce, Rihanna зэрэг дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан, тухайн жилдээ хамгийн их гялалзсан хамтлаг дуучид багтсан байдаг. Ийнхүү 2020 оны шилдэг уран бүтээлчээр BTS хамтлаг шалгарсан нь Өмнөд Солонгосын уран бүтээлч уг жагсаалтыг тэргүүлсэн анхны тохиолдол болжээ.

BTS хамтлаг 2020 онд анхны онлайн тоглолтоо зохион байгуулж дэлхийн дээд амжилт тогтоосон ба “Dynamite” хэмээх анхны англи дээрх уран бүтээлээрээ Billboard Hot 100 чартыг тэргүүлсэн юм.

WJSN ХАМТЛАГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

Гуравдугаар сарын 9-ний өдөр WJSN хамтлаг шинэ уран бүтээл гаргах тухай цуурхал гарсан байна. Ийнхүү Starship энтертайнментаас:

 - “WJSN энэ сарын сүүлээр шинэ уран бүтээл гаргахаар төлөвлөж байна” гэсэн хариулт өгчээ.

Cosmic Girls буюу WJSN хамтлаг нь Starship энтертайнментийн байгуулсан солонгос болон хятад гишүүдээс бүрдсэн охидын хамтлаг юм. Тус хамтлаг 2016 онд 12 гишүүнтэйгээр анхны уран бүтээлээ олны хүртээл болгосон бөгөөд 2016 онд нэг гишүүн нэмж авч нийт 13 гишүүнтэй болжээ.

1TEAM ХАМТЛАГ ТАРЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

1TEAM хамтлаг үйл ажиллагаагаа зогсоохоор боллоо. Тухайлбал, Liveworks компаниас 1TEAM хамтлаг болон Liveworks компанийн хамтын ажиллагаа гуравдугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болж байгааг мэдэгдсэн байна.

1TEAM хамтлаг нь 2019 онд анхны уран бүтээлээ гаргасан бөгөөд хамгийн сүүлд 2020 онд “Ullaeli Kkollaeli” хэмээх уран бүтээл гаргажээ.

BRAVE GIRLS ХАМТЛАГ АРВАН ЖИЛИЙН ДАРАА АНХНЫ ЦОМОО АВЛАА

10 жилийн өмнө байгуулагдсан Brave Girls хамтлаг энэ онд хөгжмийн нэвтрүүлгээс анхны цомоо авчээ.

Тэд 2017 онд “Rollin” хэмээх уран бүтээлээ гаргасан нь тухайн үед хөгжмийн чартуудад тийм ч өндөр амжилт үзүүлээгүй аж. Харин энэ оноос хит болж эхэлсэн тул Brave Girls хамтлагийн гишүүд хөгжмийн нэвтрүүлгүүдэд уригджээ.

Ийнхүү тэд гуравдугаар сарын 14-ний Inkigayo хөгжмийн нэвтрүүлэгт оролцож ATEEZ болон SHINee хамтлагийг ялсан байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд хөгжмийн нэвтрүүлгээс нэг ч удаа цом авч байгаагүй тэд шүтэн бишрэгчдэдээ нулимс дуслуулан талархал илэрхийлжээ.

Brave Girls тарах талаар яригдаж байсан боловч энэ үйл явдлын дараа Инстаграм хаяг дээрээ тэд ийн бичжээ:

- “Хөгжмийн сувгууд болон чартуудад Rollin-ийг нэгдүгээр байранд ороход туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст маш их баярлаж байна. Та нарын бэлэглэсэн энэ аз жаргалыг бид хэзээ ч мартахгүй. Бидэнтэй хамт удаан байгаарай. Хайртай шүү”.

BTS ХАМТЛАГИЙН ГИШҮҮН SUGA ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ 100 САЯ ВОН ХАНДИВЛАЖЭЭ

BTS хамтлагийн гишүүн Suga 1993 оны гуравдугаар сарын 9-нд төрсөн бөгөөд энэ жилийн төрсөн өдрөөрөө 100 сая вонын хандив өгчээ.

Suga Keimyung их сургуулийн Dongsan эмнэлэгт 100 сая вон хандивласан бөгөөд хандивын мөнгө нь хорт хавдартайгаа тэмцэж буй хүүхдүүдийн эмчилгээний зардалд зориулагдах юм. Тэрээр:

- “Энэ хандив маань гэр бүлийн нөхцөл байдлаас болоод эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа хүүхдүүдийн амьдралыг гэрэл гэгээтэй болоход тусална гэж найдаж байна” хэмээжээ.

Мөн Dongsan эмнэлгийн захирал Cho Ji Heum:

- “Suga-гийн хандивт чин сэтгэлээсээ талархаж байна. Бид сайн уран бүтээлээрээ улсынхаа нэр хүндийг өндөрт өргөдөг BTS хамтлагаар маш их бахархдаг” гэжээ.

Энэ нь Suga-гийн анхны хандив биш бөгөөд тэрээр 2018 онд 39 асрамжийн газарт үхрийн мах илгээж байжээ. Мөн 2019 онд 100 сая вон болон 329 хүүхэлдэйг өөрийн фэнклубийн нэрээр хандивласан аж.

SOOJIN ХОХИРОГЧТОЙ УУЛЗЖЭЭ + ЦААШИД ХАМТЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХГҮЙ

(G)I-DLE хамтлагийн гишүүн Soojin өөрт нь дээрэлхүүлж байсан гэх хохирогч А-тай уулзсан байна.

Тэд цаг гаруй хугацаанд ярилцсан хэдий ч хохирогчийн эгчийн цахим сүлжээндээ бичсэн зүйлээс харахад уулзалт нь тийм ч амжилттай болоогүй бололтой. Учир нь Soojin-д дээрэлхүүлсэн гэгч А-гийн эгч:

- “Ийм байх юм бол яах гэж уулзъя гэж гуйсан юм бэ?” хэмээн бичжээ.

Soojin-ий хувьд сургуульд сурч байх үеэ тийм ч сайн санахгүй байгаа хэдий ч өөрийгөө бусдыг дээрэлхэж байсан гэх мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.

Харин Soojin-ийг сургуулийн орчин дахь хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй талаар мэдээлэл гарсны дараа Cube энтертайнментаас:

- “(G)I-DLE хамтлаг цаашид таван хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна” хэмээсэн юм. Ийнхүү Soojin-ий холбогдсон хэрэг шийдэгдэх хүртэл тэрээр урлагийн ертөнцөөс завсарлага авахаар болсон байна.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд