Аминчхан яриа №1: ҮНЭ ЦЭНТЭЙ үерхлийг бий болгоход тань туслах зөвлөмжүүд


Нийгэмд тэр бүр нээлттэй ярьж чаддаггүй боловч хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл бол яах аргагүй бэлгийн боловсрол юм. Шилжилтийн насны хүүхдүүд өөрт гарч буй өөрчлөлт, тулгамдаж буй асуудлаа гэр бүлийнхэнтэйгээ ярилцахыг хүсдэг боловч ичиж сандарснаасаа болоод шийдвэрийг бие даан гаргаж, улмаар тооцоолоогүй олон үр дагавар гарах нь бий. Тиймээс гаргасан шийдвэртээ харамсахгүй байхын тулд бэлгийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийх нь чухал бөгөөд таны энэхүү боловсролд бага ч болов хувь нэмэр оруулахаар “Аминчхан яриа” нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Бид цувралын эхний дугаарт Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч Г.Гэрэлчимэгтэй “Үерхэл нөхөрлөл, хайр дурлал, романтик харилцаа” сэдвээр ярилцсан билээ. Харин энэхүү нийтлэлээр дамжуулан үерхэл, хайр дурлалын харилцаандаа баримтлах зарчим болон үнэ цэнтэй үерхлийг бий болгоход тань туслах зөвлөмжийг хүргэж байна.

ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛИЙГ ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛГОХ ЗӨВЛӨМЖ

ҮЕРХЭЛ БОЛ БИЕ БИЕНЭЭ ТАНЬЖ МЭДЭХ ҮЙЛ ЯВЦ

Үерхэл нөхөрлөлийн харилцааг бат бөх байлгахад хамгийн чухал нөлөөг үзүүлэх зүйл бол харилцаа холбоо юм. “Сайн уу?” гэж мэнд мэдэх энгийн нэгэн текстээс эхлээд гүн гүнзгий, томоохон сэдвүүдийг хөндөж, бие биенийхээ үзэл бодлыг сонсдог, хүндэтгэдэг байх нь үерхлийн хамгийн нандин хэсэг юм. Мэдрэмжийнхээ талаар хамтрагчдаа хэлж, түүнд эргээд ярих боломжийг бүрдүүлэх нь эрүүл үерхлийн харилцааг бий болгох хамгийн чухал алхам билээ.

МАРГАЛДАХ НЬ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ

Маргаан нь аливаа харилцааны эрүүл бөгөөд хэвийн байдлыг илтгэдэг. Мэдээж бие биенээ ойлгож, аливаа асуудлыг эвээр шийдэх нь сайн ч зөрчилдөөнгүй харилцаа гэж үгүй. Маргалдах буюу хэрэлдэх нь хосуудын эрх мэдлийн харилцааг эн тэнцүү байгааг илтгэдэг. Тиймээс хэрүүлийг асуудал гэж харалгүйгээр тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг хайх нь зөв.

Мөн маргааныг үүсгэхээсээ урьтаж эрүүлээр бодох, тунгаах цаг гаргахыг эрмэлзэх нь чухал ч маргааны үед нөгөө хүнээ шархлуулах, буцаах боломжгүй үгс хэлэлгүй зөвхөн үнэнийг, энэрэнгүйгээр илэрхийлдэг байгаарай.

ИТГЭЛЦЭЛ

Үерхлийн суурь нь ИТГЭЛЦЭЛ бөгөөд энэ нь гар утасных нь дуудлагыг шалгах, мессежийг нь унших, сошиал хаягийнх нууц үгийг авснаар хэмжигдэх бус, гагцхүү цаг хугацааны шалгуурыг давж байж бий болдог.

ХАМТРАГЧИЙНХАА ХАЙРЫН ХЭЛИЙГ МЭДЭХ

Хүн бүрийн хайрлагдаж буйгаа мэдэрдэг, хайраа илэрхийлдэг арга хэлбэр нь ялгаатай бөгөөд бид үүнийг “хайрын хэл” гэж тодорхойлдог. Тухайлбал, урмын үг сонсож хайрыг мэдэрдэг нэгэн байхад хамтрагчтайгаа хангалттай цаг хугацааг хамт өнгөрөөж байж хайрлагдаж буйгаа мэдэрдэг нэгэн бий.

Эсвэл бэлэг авах нь түүнийг аз жаргалтай болгодог, биеэр хүрэлцэх буюу гарыг нь атгаж, үнсэх нь тухайн хүний хайрын хэл ч байж болно. Хайраа үгээр бус үйлдлээрээ илэрхийлэхийг чухалчилдаг нэгэн ч байж болох бөгөөд хамтрагчийнхаа хайрын хэлийг мэддэг, ойлгодог байх нь бат бөх харилцааны үндсэн хэсэг юм.

ЧУХАЛ ШИЙДВЭР ГАРГАХДАА ЯРИЛЦАХ, ТУСЛАМЖ ХҮСЭХ

Өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг томоохон алдааны нэг бол үерхэж буй явдлаа гэр бүлийнхэн болон насанд хүрсэн хүнтэй хуваалцахаас эмээдэг явдал юм. Мэдээж шийдвэр гаргах эрх мэдэл хүн бүрд бий боловч сэтгэл хөдлөлөөр гаргасан шийдвэртээ дараа нь харамсах тохиолдол цөөнгүй.

Тиймээс аливаа эрсдэлтэй алхам хийхээсээ урьтаж хэнтэй нөхөрлөж, үерхэж буйгаа итгэж болохуйц нэгэнтэй хуваалцаж, тулгамдаж буй асуудлынхаа талаар зөвлөгөө, тусламж авдаг байх нь олон эерэг талтай.

Хэрвээ чамд үерхлийн талаар тулгамдаж буй асуудал байгаа боловч хэнд хандаж зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа бол 21 аймаг, 9 дүүрэг бүрд байрлах Залуучуудын хөгжлийн төвд хандан мэргэжлийн хүнээс зөвлөгөө тусламж авах боломжтой байдаг шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг “Залуучуудын хөгжлийн төв”  Фэйсбүүк бүлгэмд нэгдэн аваарай.

“Аминчхан яриа” цувралын дараагийн дугаараар бэлгийн боловсролтой холбоотой мэдэхийг хүсэж буй сэдэв, асуултууд байвал oyunerdeneorkhonkhuu@gmail.com хаягаар холбогдоорой.

Цувралын бусад дугааруудыг унших бол ЭНД дараарай. 

#Боловсрол #Эрүүл мэнд #Бэлгийн боловсрол #Аминчхан яриа #Үерхэл