ҮЗЭЭД ҮЗ: Бодит явдлаас сэдэвлэсэн “Mouse”


Гэмт хэрэг, нууцлаг төрлийн цувралд дуртай уншигчид хэр олон байна даа? “Үзээд үз” нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт “TVN” телевизийн айдас, жихүүдэс хүргэм үйл явдал бүхий “Mouse” (2021) цувралыг санал болгож байна.

Халуун уух зүйлээ бэлдээд, дулаан хөнжлөө нөмрөөд тухлан сууж таалан соёрхоорой. Мөн энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй шүү.

“MOUSE” (2021) ГЭЖ ЮУ ВЭ?

“Mouse” (2021) нь энэ сарын 3-нд үзэгчдийн хүртээл болсон 20 ангит цуврал юм. Зохиолчоор “Black” (2017) цувралын Choi Ran, найруулагчаар “Come and Hug Me” (2018) цувралын Choi Joon Bae нар ажиллажээ.

ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Энэхүү цуврал нь “TVN” телевизээр 2014 онд үзэгчдэд хүрсэн “Gap-dong” цувралтай ижил мэдрэмжийг танд өгөх болно. Өөрөөр хэлбэл, өөрөөсөө бусдыг хайрлаж энэрэх чадваргүй психопат буюу сэтгэцийн өөрчлөлттэй алуурчны тухай цуврал юм.

“Сонирхолтой баримт: Дэлхийн нийт хүн амын 1 хувь нь ПСИХОПАТ байдаг нь судалгаагаар тогтоогджээ”

Үргэлжлүүлэн уг цувралын тухай сонирхолтой долоон баримтыг хүргэж байна.

1. LEE SEUNG GI ЭРГЭН ИРЛЭЭ

SBS телевизийн “Vagabond” (2019) цувралаас хойш кинонд тоглоогүй жүжигчин Lee Seung Gi “Mouse” (2021) цувралаар эргэн ирлээ. Тэрээр:

- “Анх зохиолоо хүлээж аваад их гайхсан л даа. Миний өмнө нь ажиллаж байсан дүрүүдээс тэс өөр дүр учраас юун түрүүнд хийж чадах болов уу гэх бодол төрсөн. Энэ цуврал үнэхээр шинэлэг санагдахын зэрэгцээ зөвхөн “TVN” телевизийн л бүтээж чадах өнгө төрх байсан. Тиймээс энэ дүрийг бүтээхээр шийдсэн” хэмээн хэлжээ.

2. КИНО ЗОХИОЛЫГ БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭЖЭЭ

2017 онд Өмнөд Солонгосын Инчон хотод бага сургуулийн 8 настай охин алуурчны гарт амь насаа алдсан хэрэг гарч улс даяар цочролд орсон юм. Хэрэгтэн өөрийн үйлдэлд огтхон ч гэмшээгүй бөгөөд юу хамгийн хэцүү санагдаж байгааг асуухад тэрээр “Цаг агаар ийм сайхан байхад интоорын мод цэцэглэхийг харж чадахгүй нь...” хэмээн хариулжээ. Түүний энэ хариулт хүн бүрийн, тэр дундаа зохиолч Choi Ran-ы уур бухимдлыг маш ихээр хүргэж, психопат алуурчны тухай өгүүлэх кино зохиолын эхлэл тавигдсан аж.

3. АЛУУРЧНЫ ГЕН УДАМШДАГ УУ?

Энэхүү цувралд психопат алуурчны үр удам ямар гентэй төрдгийг шинжлэх ухааны талаас тайлбарладаг. Үнэхээр психопат ген удамшдаг болов уу? Асуултын хариуг та цувралаа үзээд мэдэж аваарай.

4. МӨРДӨГЧ GO MOO CHI-ГИЙН ДҮРИЙГ ХЭН БҮТЭЭХ БАЙСАН БЭ?

Цувралын гол дүр, мөрдөгч Go Moo Chi-гийн дүрийг жүжигчин Choi Jin Hyuk бүтээх байжээ. Гэвч тэрээр дүрийн саналаас татгалзаж, оронд нь жүжигчин Lee Hee Joon энэхүү дүрийг бүтээсэн юм.

5. ЗАЛУУ ЖҮЖИГЧИН PARK JU HYUN

Жүжигчин Park Ju Hyun 2019 онд “The Dude in Me” кинонд туслах дүр бүтээн жүжигчний гараагаа эхлүүлжээ. Тэр бол “Zombie Detective” (2020), “Extracurricular” (2020) цувралуудад гол болон туслах дүр бүтээж жүжигчний карьераа амжилттай авч яваа нэгэн юм.

“Mouse” (2021) цувралд Oh Bong Yi-гийн дүрийг бүтээж буй тэрээр:

- “Анх зохиолоо аваад бүгдийг нь нэг дор уншиж дуусгасан. Тийм их сонирхолтой байсан гэсэн үг л дээ. Ийм сайн зохиолтой цувралд дүр бүтээх болсондоо маш их баярласан. Oh Bong Yi-гийн дүрийг хамгийн сайнаараа дэлгэцэд үлдээхийг хүсэж байна” хэмээн ярьжээ.

6. LEE HEE JOON: АНХ УДАА ГЭРТЭЭ ХАРИМААР САНАГДСАН

Хэвлэлийн бага хурлын үеэр жүжигчин Lee Hee Joon зураг авалтын үеийн хөгжилтэй явдлаасаа хуваалцжээ. Тэрээр:

- “Шөнийн 2 юм уу 3 цагт би арьсан хүрэм, Ju Hyun сургуулийн дүрэмт хувцас өмсөөд бороотой зураг авалтад орсон юм. Жүжигчин болсноос хойш 20 жилийн дараа тэгэхэд л анх удаа зураг авалтын үеэр гэртээ харимаар санагдсан. Жаахан л тэсчихвэл дуусгаж чадна гэж бодсон ч зургаа ахин дахин аваад л байлаа. Тэр үед хажууд чичрэн зогсох Ju Hyun руу хараад үнэхээр бахархах сэтгэл төрсөн шүү. Тэр надаас “20 жил өнгөрвөл тэсэж чаддаг болох уу?” гэж асуусан” хэмээн хэлжээ.

7. “MOUSE” (2021) ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

Уг цуврал бусад ижил төрлийн цувралуудаас юугаараа онцлогтой тухай асуухад найруулагч Choi Joon Bae:

“Айдас, жихүүдэс хүргэм мэдрэмжээс өөр олон янзын мэдрэмжийг үзэгчдэд өгөх болно. Манай цувралд гарч буй дүр бүр хоорондоо холбоотой. Өөрөөр хэлбэл, яг л галзуу хулгана дээр бүгд хамт суусан юм шиг... Дүр бүрийн илэрхийлэмж, үйл явдлын өрнөл гээд бүхэлдээ онцгой цуврал” хэмээн хариулсан юм.

Чанартай зохиол болон чадварлаг жүжигчдийн хослолыг “Mouse” (2021) цувралаас хүлээн авч үзээрэй. Цувралын танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Wikipedia, AsianWiki

#Кино урлаг #Үзээд үз #Mouse