Залхмаар харилцан яриаг хэрхэн ЭЕЛДГЭЭР дуусгах вэ?


Миау | YOLO.MN
2021-03-09

Заримдаа хэн нэгэнтэй бүтэн 20 минутын турш ярилцчихаад аль аль тал нь харилцан яриагаа өндөрлөмөөр байвч яаж гэдгээ мэдэхгүй байсаар илүү удаан хугацааг өнгөрөөчихсөн байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү нөхцөл байдлыг “цэвэрхэн” шийдвэрлэх аргаас хуваалцаж байна.

АНУ-ын шинжлэх ухааны академийн сэтгүүл дээр хэвлэгдсэн нэгэн судалгаагаар нийт хүмүүсийн ердөө хоёр хувь нь л харилцан яриаг хүссэн үедээ өндөрлөж чаддаг нь тогтоогджээ. Судлаачид хүмүүс хоорондын харилцан яриа хэдий хугацааны турш үргэлжилдэг болоод хүмүүс харилцан яриаг хэдий хугацааны турш үргэлжлүүлэхийг хүсдэг хоёрын хоорондын ялгааг олохоор судалгааг эхлүүлсэн байна.

Эхний судалгаанд 806 хүн хамрагдсаны 66 орчим хувь нь хамгийн сүүлд ярилцсан хүнтэйгээ ярилцах хугацаанд яриагаа дуусгамаар санагдсан үе дор хаяж нэг байсан бөгөөд үүнээс хойш харилцан яриагаа үргэлжлүүлэхэд тийм ч таатай байгаагүй гэв.

Харин дараагийн судалгаанд бие биенээ огт танихгүй 252 хүн хамрагдаж, 45 минутын турш хос хосоороо харилцан яриа өрнүүлсэн байна. Судалгаанд оролцогчдын 68 хувь нь мөн л харилцан ярианы туршид яриагаа дуусгачихмаар санагдсан үе дор хаяж нэг байсан ба  үүнээс хойш харилцан яриагаа тийм ч таатай үргэлжлүүлээгүй гэв.

Судалгааг удирдан явуулсан профессор Adam Mastroianni хэлэхдээ, “Бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг хүмүүс бусадтай харилцан яриа өрнүүлэхдээ хүссэн үедээ дуусгаж чадахгүй асуудалтай тулгардаг. Улмаар харилцан яриагаа дуусгах тохиромжтой цагийг хүлээсээр хэтэрхий удаан ярьчихсан, түүнээсээ таагүй мэдрэмж мэдэрчихсэн зогсож байдаг” гэжээ.

ТЭГВЭЛ ХАРИЛЦАН ЯРИАГ ХЭРХЭН ЭЕЛДГЭЭР ДУУСГАХ ВЭ?

- Харилцан яриаг дуусгах шаардлагатай байгаа бол нөгөө хүндээ саяны ярилцсан сэдвүүд үнэхээр сонирхолтой эсвэл өгөөжтэй байсныг мэдэгдээд явах шаардлагатай болсноо хэлэх;

- Харилцагч тал өөрийн амьдралын ямар нэгэн асуудлыг дурдаад зогсохгүй байгаа бол тухайн нөхцөл байдал дээрдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэх;

- Харилцагч тал тань харилцан яриагаа үргэлжлүүлмээр байгаа, аль эсвэл яг л тань шиг дуусгамаар байгаа ч хэлж чадахгүй байгаа эсэхийг мэдэхгүй байгаа бол биеийн хэлэмжийг нь сайтар ажиглах /нүдээ ийш тийш эргэлдүүлэх, юм асуухад сонсож байгаа мэт хариу үйлдэл үзүүлэхгүй байвал дуусгах цаг нь болсон гэсэн үг/ хэрэгтэй аж.

Эх сурвалж: CNN

#Зөвлөгөө #Харилцан яриа