Кпопын эргэн тойронд: Дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдээр BLACKPINK хамтлагийг нэрлэжээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-03-09

YOLO.mn сайтын хамт олны зүгээс кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ЭНТЕРТАЙНМЕНТ САЛБАРЫН НӨЛӨӨ БҮХИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР BLACKPINK ХАМТЛАГИЙГ НЭРЛЭЖЭЭ

АНУ-ын Variety сэтгүүлээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан энтертайнмент салбарын нөлөө бүхий эмэгтэйчүүдийг нэрлэсэн байна. 

“BLACKPINK хамтлаг өнгөрсөн онд аялан тоглолт хийгээгүй боловч дэлхий нийтийг шуугиулсан хэвээр байв. Тэд Lady Gaga, Selena Gomez, Cardi B зэрэг уран бүтээлчидтэй хамтран шинэ уран бүтээл гаргаж, аравдугаар сард бүрэн хэмжээний цомгоо худалдаанд гаргасан билээ.

Түүнчлэн, “Light Up the Sky” хэмээх баримтат киногоо олны хүртээл болгож, шинэ цомгоороо 57 орны iTunes чартыг тэргүүлсэн юм. Энэ оны эхээр дэлхийн хаанаас ч үзэх боломжтой онлайн тоглолтыг ч мөн хийгээд амжив. “How You Like That” дуу нь цацагдсан даруйдаа 86.3 сая хандалт авсан гэх мэтээр тэдний алдар нэр дэлхий даяар түгжээ”.

Тус жагсаалтад Өмнөд Солонгосоос зохиолч Kim Eun-hee мөн багтсан аж.

ROSE ШИНЭ ЦОМГОО ТАНИЛЦУУЛЛАА

BLACKPINK хамтлагийн гишүүн Rose өөрийн анхны бие даасан цомгоо худалдаанд гаргахад бэлэн болжээ.

YG энтертайнментаас BLACKPINK хамтлагийн гишүүн бүрийн бие даасан уран бүтээлийг гаргана хэмээн мэдэгдсэн бөгөөд Rose-ийн соло цомгийг эхэлж гаргахаар болсон юм.

Ийнхүү Rose-ийн цомог гуравдугаар сарын 12-нд худалдаанд гарахаар болжээ. Харин YG энтертайнментаас түүний цомгийн урьдчилсан захиалгыг эхлүүлсэн бөгөөд 12 цагийн дотор л гэхэд Ktown4u дэлгүүрт 55,958 цомгийн захиалга орж иржээ.

YERI ГАНЦ БИЕ ЭЭЖҮҮДЭД 10 САЯ ВОН ХАНДИВЛАЛАА

Red Velvet хамтлагийн гишүүн Yeri төрсөн өдрөө тохиолдуулан ганц бие ээжүүдэд хандив өгчээ.

Тэрээр Sarang олон нийтийн төвөөр дамжуулж хайрцагт үлдсэн нярай болон ганц бие ээжүүдэд зориулж 10 сая вон хандивласан байна. Энэхүү хандив нь 36 сар хүртэлх нярай болон нярай хүүхэдтэй ээжүүдэд очих юм байна. Yeri-гийн зүгээс:

- “Би өнөөдрийг хүртэл хүлээж авсан хайраа эргүүлж төлөхийг хүссэн юм” гэжээ.

Red Velvet хамтлагийн дуучин Kim Ye-rim буюу Yeri 1999 оны гуравдугаар сарын 5-нд төржээ.

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХИЙН САР 2021”-ЭЭР CL-ИЙГ ОНЦОЛЖЭЭ

Google сайтаас “Эмэгтэйчүүдийн түүхийн сар 2021” хэмээх бичлэг гаргасан бөгөөд үүнд Нобелийн шагнал хүртсэн эмэгтэйчүүдээс эхлэн салбар салбартаа тэргүүлэгчдийг онцолжээ.

Ийнхүү дэлхийн анхны эмэгтэй реппэр Sha Rock-оос эхлээд Missy Elliott, Cardi B, Megan болон бусад эмэгтэй рэпперүүдийн дууны хэсэгт CL-ийн “+HWA+” багтсан байна. Тэрээр ийм нэр хүндтэй бичлэгт багтсан тул Инстаграм дээрээ:

- “Үүний нэг хэсэг болсон нь нэр төрийн хэрэг байлаа. Баярлалаа Google” хэмээжээ.

CL анх 2008 онд Uhm Jung Hwa-гийн “DJ” дуунд хамтарсан ба 2009 онд 2NE1 хамтлагийн ахлагч болж олон нийтэд танигдсан байна. Ийнхүү 2013 онд “The Baddest Female” нэртэй анхны бие даасан уран бүтээлээ гаргажээ. Үүгээр ч зогсохгүй АНУ-д уран бүтээл туурвиж, 2016 онд гаргасан “Lifted” дуугаараа Billboard Hot 100 жагсаалтад багтсан анхны солонгос эмэгтэй дуучин болсон байна.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд