BTS хамтлагийг 2020 оны шилдэг борлуулалттай уран бүтээлчээр нэрлэжээ


А. Мишээл | YOLO.MN
2021-03-05

Олон улсын дуу бичлэг бүтээгчдийн холбооноос /IFPI/ Өмнөд Солонгосын BTS хамтлагийг 2020 оны шилдэг борлуулалттай уран бүтээлчээр нэрлэжээ. 

Тус хамтлаг 2020 оны хамгийн амжилттай яваа хөгжмийн уран бүтээлчдийн жагсаалтыг тэргүүлсэн анхны солонгос хамтлаг болж байна. Өмнө нь BTS IFPI-ийн жагсаалтад орж байсан ч  2018 онд хоёрдугаарт, 2019 онд долоодугаарт жагсжээ. 

IFPI-ийн тэргүүн Фрэнсис Мүүр: 

"BTS энэ жил гурван цомог /"Map Of The Soul:7", "BE" болон "Map Of The Soul:7 – The Journey"/ гаргаж, цаг үргэлж өөрсдийн түүхээ дэлхий дахинтай хуваалцах сонирхолтой бүтээлч арга замыг эрэлхийлж ирсэн. Тэд хүн төрөлхтөнд баяр хөөр, аз жаргал бэлэглэдэг дуу хөгжим ямар хүчтэй болохыг бодитоор харуулж байна" гэжээ.

Уг жагсаалтын хоёрдугаарт өнгөрсөн жилийн ялагч Тэйлор Свифт орсон бол гуравдугаарт 2018 оны ялагч Дрэйк бичигдсэн байна. 

BTS-ээс гадна уг жагсаалтад The Weeknd, Билли Айлиш, Эминем, Post Malone, Ариана Гранде, Juice WRLD, Жастин Бибер зэрэг алдартнууд оржээ. 

Эх сурвалж: ВВС

#Дуу хөгжим #BTS