Жүжигчин Jennette McCurdy: Бүтээсэн дүрүүдээсээ ИЧДЭГ


Миау | YOLO.MN
2021-03-03

АНУ-ын алдарт “Nickelodeon” сувгийн “iCarly” цувралын цоо шинэ ангиуд хийгдэж байгаатай холбогдуулан тус цувралын гол дүр буюу Sam-ийн дүрд тоглосон жүжигчин Jennette McCurdy эргэн ирэх эсэх талаар мэдээлэл эргэлзээтэй байсан билээ. Тэгвэл тэрээр энэ асуудлыг эцэслэжээ.

Жүжигчин Jennette McCurdy “Empty Inside” хэмээх подкастыг хөтлөн явуулдаг бөгөөд хамгийн сүүлд гарсан дугаарт нь жүжигчин, комедиан Anna Faris оролцжээ. Тус ярилцлагын үеэр Jennette кино урлаг болон бүтээсэн дүрүүд нь түүнд хэрхэн сөргөөр нөлөөлсөн тухай ярьсан байна. Тэрээр хэлэхдээ:

- “Би өнгөрсөнд хийж байсан зарим зүйлсээсээ их ичдэг. Тухайлбал, би 2007-2012 оны хооронд “iCarly”, 2013-2014 оны хооронд “Sam and Cat” цувралуудад Sam Puckett-ийн дүрийг тус тус бүтээсэн. Өөрөөр хэлбэл 13 настайгаасаа 21 нас хүрэх хүртлээ эдгээр цувралуудад тоглосон. Гэхдээ би 15 настайдаа л гэхэд энэ бүхнээс уйдаж, ичдэг болчихсон байсан. 15 настай хүүхдүүд иймэрхүү кино үзэхгүй шүү дээ. Тиймээс их ичдэг байсан” гэжээ.

Мөн Jennette анхнаасаа л жүжиглэх дургүй байсан талаараа хуваалцсан юм. Түүнийг зургаан настай байхад ээж нь кино урлагт хөл тавих талаар санал болгож байв. Гэр бүлийнхэн нь санхүүгийн гачигдалд орсон байсан тул тэрээр гэр бүлийнхэндээ туслахаар кино урлагт хөл тавьжээ. Харин 10 настайдаа гэхэд Jennette гэр бүлийнхнийхээ орлогын гол эх үүсвэр нь болсон аж. Ингээд ээж нь 2013 онд нас барсны дараа тэрээр жүжигчний карьераа орхисон байна. Анхнаасаа л дуртай байгаагүй болохоор тэр шүү дээ.

Ярилцлагын төгсгөлд түүнд цаашид жүжиглэх ямар ч бодол байхгүй талаар онцолсон юм. Гэхдээ чин сэтгэлээсээ шүтэн биширдэг найруулагчтайгаа хамтран ажиллах боломж олдвол л жүжиглэх талаар дахин бодолцож болох юм гэжээ.

“iCarly” цуврал 2007-2012 оны хооронд үргэлжлэхэд нийт 96 анги үзэгчдийн хүртээл болсон бөгөөд одоо хийгдэж буй шинэхэн бүлэгт нь жүжигчин Miranda Cosgrove, Nathan Kress, Jerry Trainor нар эргэн ирэх нь тодорхой болсон билээ. 

Эх сурвалж: Insider

#Кино урлаг #Nickelodeon #iCarly #Sam