ҮЗЭЭД ҮЗ: Түүний нэрийг зөв хэлээрэй! “Vincenzo”


Ц. Мажигсүрэн | YOLO.MN
2021-03-02

Хоёрдугаар сард Өмнөд Солонгосын 9 цуврал үзэгчдийн хүртээл болжээ. Хэзээ ч дуусашгүй сэдэв, жүжигчдийн ур чадвар, найруулагчдын шинэ өнгө төрх бүхий БНСУ-ын телевизийн олон ангит кинонууд үргэлжилсээр...

Бид өмнөх нийтлэлдээ нэгдүгээр ангиасаа л амжилт тогтоосон “Penthouse” цувралын хоёрдугаар бүлгийг санал болгосон. Тэгвэл энэ удаа “TVN” телевизийн ээлжит цуврал “Vincenzo”-г санал болгоё. Мөн энэхүү нийтлэлд ямар ч спойлер байхгүйг дуулгахад таатай байна.

1. “VINCENZO” ГЭЖ ЮУ ВЭ?

Энэхүү цуврал нь хоёрдугаар сарын 20-ны өдрөөс үзэгчдийн хүртээл болж, одоогоор нийт дөрвөн анги нь цацагдсан байна. Найруулагчаар “The Crowned Clown” (2019) цувралын Kim Hee Won, зохиолчоор “Blood” (2015) цувралын Park Jae Bum нар тус тус ажиллажээ. Үзэгчдийн хувь улс даяар 10.2, нийслэл Сөүл хотод 11.5 хувийн үзүүлэлттэй байна.

Нийт 16 анги бүхий энэхүү цуврал нь 20 тэрбум вонын төсвөөр бүтжээ.

Найруулагч Kim Hee Won
Зохиолч Park Jae Bum

2. ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Нийгмийн хар бараан асуудлыг хошин хэлбэрээр үзүүлдэг black comedy төрлийн цуврал юм. Мөн Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй эрэгтэй жүжигчдийн жагсаалтын есдүгээр байранд жагсдаг жүжигчин Song Joong Ki болон бусад чадварлаг жүжигчнээр багаа бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой. Та энэхүү цувралаас жүжигчин Song Joong Ki-гийн цоо шинэ төрхийг харах болно.

Үргэлжлүүлэн та бүхэнд уг цувралын тухай сонирхолтой 7 баримтыг хүргэе.

1. ОНЦГОЙ CAMEO ДҮРҮҮД

  • ЖҮЖИГЧИН JIN SEON KYU

Цувралын нэгдүгээр ангиас та түүнийг олж харах болно. Тэрээр Өмнөд Солонгосын “Star Wars” хэмээн нэрлэгдсэн “Space Sweepers” (2021) бүрэн хэмжээний кинонд жүжигчин Song Joong Ki-тэй хамтран тоглосон билээ.

  • ЖҮЖИГЧИН LEE HEE JOON

Та бидний сайн мэдэх “Legend of the Blue Sea” (2016) цувралд Jo Nam Doo-гийн дүрийг бүтээсэн тэрээр энэ сарын 3-ны өдрөөс цацагдах “Mouse” (2021) цувралд гол дүр бүтээж байгаа аж.

2. ДУУЧИН, ЖҮЖИГЧИН OK TAECYEON

“JYP” энтертайнментаас 2008 онд гаргасан 2PM хамтлагийн дуучин ба одоогоор “51K” агентлагт жүжигчнээр ажиллаж байгаа юм. Хамгийн сүүлд “MBC” телевизийн “The Game: Towards Zero” (2020) цувралд дүр бүтээсэн тэрээр “Vincenzo” (2021) цувралд дадлагажигч Jang Jun Woo-гийн дүрийг бүтээж байна. Түүнийг алдарт хүргэсэн цуврал бол “Bring it On, Ghost!” (2016) билээ.

3. ТУСЛАХ ДҮРЭЭС ГОЛ ДҮРД

Цувралын гол дүр болох хуульч Hong Cha Young-ны дүрийг бүтээсэн жүжигчин Jeon Yeo Bin-ыг танилцуулж байна. 2015 онд жүжигчний гараагаа эхэлсэн тэрээр 2018 онд “After My Death” бүрэн хэмжээний киноны Young Hee-гийн дүрийг бүтээж, уг дүрээрээ 22 дахь удаагийн “Busan International Film Awards” болон 56 дахь удаагийн “Dejeong Film Awards”-аас “Шилдэг шинэ жүжигчин” шагналыг хүртжээ.

Зохиолч Park Jae Bum түүний тухай хэлэхдээ, “Би “After My Death” киног үзээд л түүний фэн болсон. Тэгээд хэзээ нэг өдөр түүнтэй хамтран ажиллана даа гэж боддог байсан юм. Эцэст нь түүнтэй хамтран ажиллаж байна. Би түүнийг жүжигчин болохоор төрсөн нэгэн гэж боддог” хэмээжээ.

4. ДАХИН ХАМТРАЛ

Дуучин, жүжигчин Ok Taek Yeon болон Jeon Yeo Bin нар 2017 онд “OCN” телевизийн “Save Me” цувралд хамтран ажилласан юм.

5. SONG JOONG KI БА ИТАЛИ ХЭЛ

Жүжигчин Song Joong Ki дүрээ бүтээхийн тулд итали хэл сурчээ. Энэ тухай тэрээр “Итали хэлийг сурахад маш хэцүү байсан. Испани хэлтэй төстэй байж магадгүй гэж бодсон л доо. Гэхдээ ойролцоо зүйл юу ч байгаагүй” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэрээ ярьсан юм.

6. VINCENZO НЭРИЙН УТГА

Латин хэлний “Vincentius” буюу ялах, байлдан дагуулах гэсэн утгатай үг.

7. VINCENZO CASSANO БА SONG JOONG KI

Жүжигчин Song Joong Ki-гээс Vincenzo-гийн дүртэй адил тал бий юу хэмээн асуухад тэрээр, “Бидний аль аль нь ганцаараа байх дуртай. Харин ялгаатай тал нь тэр өдөр бүр тансаг зэрэглэлийн хослол өмсдөг. Миний хувьд хэзээ ч өдөр болгон тийм хувцас өмсөж чадахгүй” хэмээн хариулжээ.

Ингээд уншигч та бүхэндээ киноны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Нэг зүйлийг сануулахад, та цувралаа үзэхдээ Vincenzo Cassano-гийн нэрийн дуудлагыг анхааралтай сонсоорой. Нэрийг нь буруу хэлэхэд тэр их дургүй шүү. Ингээд та нар минь киногоо зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Wikipedia, AsianWiki

#Кино урлаг #Үзээд үз #Vincenzo