БуЖо буюу төлөвлөгч дэвтэр хэрхэн бий болсон бэ?


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2021-02-25

Бидний сайн мэдэх төлөвлөгч дэвтэр буюу БуЖо анх яаж үүссэн бол гэдэг асуулт хэзээ нэгэн цагт таны сонирхлыг татаж байв уу? Мэдээж бидний эдэлж хэрэглэж буй бүх зүйл зохиосон эзэнтэй, магадгүй бүр оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бүтээлүүд ч байж болно. Энэ удаа бидний онцолж буй хүн бол Bullet Journal буюу БуЖог зохиосон эрхэм юм.

БуЖог Ryder Carroll гэх дизайнер залуу төрөлхийн ADHD буюу анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнт эмгэгээ даван туулахын тулд зохион бүтээжээ. Уг эмгэгээсээ болоод тэрээр аливаа зүйлд анхаарлаа тийм ч сайн төвлөрүүлж чаддаггүй байсан учир үр бүтээлтэй ажиллахын тулд ямар нэгэн хэрэгслийг хайж олохоор хичээнгүйлэн ажилласан байна. Шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд тэрээр их сургуулиа төгсөх жилдээ БуЖог зохион бүтээжээ.

Дотнын найзынхаа зөвлөснөөр Carroll энэхүү санаагаа 2013 оноос эхлэн цахим орчинд идэвхтэй түгээж эхэлсэн бөгөөд хэрэглэгчид төвлөрсөн онлайн нийгэмлэг бий болгохын тулд “Kickstarter” компаниас 80 мянган ам.долларын санхүүжилт авч чадсан байна. Энэ явдлаас хойш таван жилийн дараа буюу 2018 оны сүүлч гэхэд Инстаграм орчинд зөвхөн БуЖо дэвтрийн талаар гурван сая гаруй нийтлэл нийтлэгдсэн гэх тоо баримт бий.

Carroll БуЖог “Өнгөрснийг тэмдэглэж, одоогоо зохион байгуулж, ирээдүйгээ төлөвлөх аналог систем” хэмээн тодорхойлсон байдаг. Түүний анхны БуЖо цаасан дэвтрийн нэг нүүрэнд маш энгийн мөртлөө бүтэн гурван сарын үйл явдлыг тэмдэглэхүйц системтэй байжээ. Уг системд хийх ажлын жагсаалт, өдрийн тэмдэглэл, зургийн дэвтэр гээд хүний хэрэгцээг хангах бүхий л зүйлсийг багтаахаар төлөвлөсөн нь магадгүй түүний хамгийн бүтээлч санаа, шинэлэг шийдэл байсан болов уу.

Амьдралаа илүү цэгцтэй, зохион байгуулалттай төлөвлөх хүсэлтэй хүн бүрийн хамгийн шилдэг сонголт нь БуЖо юм.

Эцэст нь хэлэхэд БуЖо заавал тансаг, чамин харагдах албагүй. Хамгийн гол нь төлөвлөгөөгөө эмх цэгцтэй, зөв гаргаж, улмаар үнэтэй цаг хугацаа тань үнэ цэнтэй өнгөрөх ёстой гэдгийг анхаараарай. Мөн танд өнөө үед бидний хэрэглэж байгаа зүйлсийг илүү хялбар, тухтай болгох шинэ санаа, шинэлэг шийдэл байгаа бол яг одоо дэвтрээ нээгээд төлөвлөгөөгөө бичиж эхлээрэй. Магадгүй та ирээдүйд маш том нээлтийг хийх нэгэн ч юм билүү? Бэрхшээлийн цаана бэлэг байдаг шүү дээ.

Бужог чухам хэрхэн хөтлөх, ямар дэвтэр сонгох, юуг анхаарах зэрэг мэдээллийг ЭНД дарж хүлээн авах боломжтой. 

Эх сурвалж: Bullet Journal

#Сонин хачин #Бужо