ҮЗЭЭД ҮЗ: Ээдрээт “Penthouse” цувралын хоёрдугаар бүлэг


2020 онд таныг хамгийн их бухимдуулсан зүйл юу байв? Цаг үе, нийгмийн асуудлуудыг эс тооцвол “Penthouse” (2020) цуврал таныг стресстүүлсэн үү? Бид өмнө нь “The Penthouse: War in Life” цувралын нэгдүгээр бүлгийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байсан.

Тэгвэл “Үзээд үз” нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт уншигч танд уг цувралын хоёрдугаар бүлгийг санал болгож байна. Мөн энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй шүү. 

1. “PENTHOUSE 2” ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ сарын 19-нд үзэгчдийн хүртээл болсон Өмнөд Солонгосын “SBS” телевизийн олон ангит кино ба зохиолчоор нь “Эхнэрийн урхи” (2008), “Жан Бу Ри ирлээ” (2014), “Миний охин Ким Са Вол” (2015), “Сүүлчийн хатан хаан” (2018) зэрэг цувралын Kim Sun Ok ажилласан юм.

Харин найруулагчаар нь “Сүүлчийн хатан хаан” (2018) цувралын Joo Dong Min ажиллажээ. Хоёрдугаар бүлэг 12 ангитай ба долоо хоног бүрийн баасан, бямба гарагт 22:00 цагаас (Улаанбаатарын цагаар 21:00 цагаас) үзэгчдэд хүрэх юм.

2. ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Бидний эцэс төгсгөлгүй шунал, ямагт бусдыг захирах гэсэн хүсэл, өөрөөсөө илүү жаргалтай нэгнийг үл зөвшөөрөх атаархал зэрэг нь эцэстээ хий хоосон зүйл гэдгийг энэхүү цуврал өгүүлэх юм. Зохиолч энэ бүлэгт маш олон сэжүүр, таамаглалыг танд үлдээх болно. Харин та үйл явдал бүрийг сайтар анхаарч үзээрэй.

Үргэлжлүүлэн “The Penthouse: War in Life” цувралын хоёрдугаар бүлгийн тухай сонирхолтой 7 баримтыг хүргэе.

1. НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ДЭЭД АМЖИЛТ

Нэгдүгээр сарын 5-нд тус цувралын эхний бүлгийн төгсгөлийн анги үзэгчдийн хүртээл болсон нь Өмнөд Солонгосын кабелийн телевизүүдийн дунд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Тодруулбал, орон даяар 28.8 хувь, нийслэл Сөүл хотод 30.5 хувийн үзэлтээр тэргүүн эгнээнд бичигдэж “The World of the Married” (2020) цувралын амжилтыг эвджээ.

2. ШИНЭ ДҮР

Цувралын гол дүр Cheon Seo Jin нь охин Ha Eun Byeol-ыг анхаарч байх зорилгоор Jin Boon Hong нэртэй гэрийн үйлчлэгч ажилд авдаг. Тэрхүү гэрийн үйлчлэгч юу нууж байгаа бол? Асуултын хариуг та киногоо үзээд мэдэж аваарай. Түүний дүрийг жүжигчин Ahn Yun Hong бүтээжээ.

3. ОНЦГОЙ CAMEO ДҮРҮҮД

Та цувралын эхний хоёр ангиас тун сонирхолтой зочин дүрүүдийг харах болно.

  • Жүжигчин Lee Sang Woo

Цувралын хоёрдугаар ангиас та гол дүрийн жүжигчин Kim So Yeon-ы бодит амьдрал дээрх нөхөр, жүжигчин Lee Sang Woo-г сэтгүүлчийн дүрээр харах болно. Энэ тухай жүжигчин Kim So Yeon “Хоёрдугаар бүлгийн зохиол уншлагын үеэр түүнийг зочин дүрээр ирэхийг мэдэж байсан ч зураг авалтад хамт орно гэж огт мэдээгүй. Надад үнэхээр хөгжилтэй байсан. Үзэгчдийн хувьд ч сонирхолтой байна байх” хэмээн ярьжээ. Тэд 2017 онд гэрлэсэн юм.

  • Жүжигчин Choi Sung Hee

“SM” энтертайнментаас 1997 онд S.E.S нэртэй охидын хамтлагийг гаргаж байсан. Тэгвэл Bada нэрээрээ фэнүүддээ танил болсон дуучин Choi Sung Hee цувралын хоёрдугаар ангид зочин жүжигчнээр оролцжээ. Oh Yoon Hee-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Eugene ч мөн адил “S.E.S” хамтлагийн гишүүн байсан ба тэд маш сайн найзууд юм.

4. САНААНД ОРОМГҮЙ ХАМТРАЛ

Өшөө авахад мэдээж хамтрагч хэрэгтэй. Тэгвэл та цувралын хоёрдугаар бүлгээс үнэхээр санаанд оромгүй хамтралыг харах болно.

5. ИХРҮҮДИЙН ЭЭЖ ХЭН БАЙВ?

Хэрэв та нэгдүгээр бүлгийг анхааралтай үзсэн бол ихрүүд болох Joo Seok Hoon, Joo Seok Kyung-ы төрсөн ээж зүүн далан дээрээ эрвээхэйн шивээстэй гэдгийг мэдсэн байх. Тэгвэл энэ тухай “Penthouse: Нууц өрөө” тусгай нэвтрүүлгийн үеэр Joo Dan Tae-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Uhm Ki Joon “Ихрүүдийн нэг насны төрсөн өдрийн зургийг авахуулж дууссаны дараа л хамт байсан эмэгтэйг ихрүүдийн ээжийн дүр гэдгийг мэдсэн” хэмээн ярьжээ.

Хоёрдугаар бүлэгт ихрүүдийн ээж гарч ирэх болов уу? Мөн тусгай нэвтрүүлгийн үеэр жүжигчид “Бид нэгдүгээр бүлгийн төгсгөлийн анги гарах хүртэл Min Seol Ah-г хэн хөнөөснийг мэдээгүй. Зураг авалтад тус тусдаа оролцсон үедээ нэгэндээ юу ч хэлэхгүй байх дүрэмтэй байсан. Зохиолоо үргэлжлүүлэн унших бүрд үнэхээр гайхмаар хэсгүүд олон байсан шүү” хэмээн ярьцгаажээ.

6. ӨШӨӨ АВАЛТ ДУНДАХ НӨХӨРЛӨЛ

Өнгөрсөн долоо хоногт “Cosmopolitan” сэтгүүлийн зураг авалтад жүжигчин Park Eun Seok болон Eugene нар хамтран оролцжээ. Тэдний хувьд кинон дээр ч, бодит амьдрал дээр ч сайн хамтрагчид ба хоёул гадаадад өссөн болохоор англи хэлээр чөлөөтэй ярьдаг аж. Тийм ч учраас тэд хурдан найзууд болсон тухайгаа хэлж байжээ.

Eugene-ий хувьд “Oh Yoon Hee-гийн дүр англи хэлдээ тааруу эмэгтэйн дүр болохоор надад нэг талаараа хэцүү байсан. Logan-тай ярих үед дуудлагаа яаж эв дүйгүй хэлэх талаар нэлээн бодсон л доо. Тэр үед Eun Seok надад маш их дэмжлэг үзүүлж байсан” хэмээн хэлжээ.

Харин Logan Lee-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Park Eun Seok хоёрдугаар бүлгийн зураг авалтын зэрэгцээ “Amadeus” нэртэй хөгжимт жүжигт тоглож байсан аж. Тэрээр “Миний хувьд хоёр ажлыг зэрэг хийхэд хэцүү байсан ч сайхан санагдсан. Яг л нэгэн зэрэг хоёр өөр дасгал хийж байгаа юм шиг...” хэмээн ярьжээ.

7. ҮЗЭГЧДИЙН ХУВЬ

“Penthouse” цуврал шинэ амжилт тогтоолоо. Хоёрдугаар бүлгийн нэгдүгээр ангийн үзэгчдийн хувь орон даяар 15.1, хоёрдугаар анги нь 20.4 хувьд хүрчээ. Энэ нь цөөн ангит цувралуудаас хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогдож байгаа юм.

Харин “Nielsen Korea” судалгааны сайтын хоёрдугаар сарын 20-ны дүнгээр “Penthouse” кино үзэгчдийн хувиар Өмнөд Солонгосын кабелийн телевизүүдийн бүхий л олон ангит кинонуудаас хоёрдугаарт бичигдсэн байна. Нэгдүгээр байранд 31 хувийн үзүүлэлтээр “KBS2” телевизийн “Homemade Love Story” (2020) олон ангит кино бичигдээд байгаа юм.

Нэгдүгээр бүлгийн өшөө авалтын хатан хаан Shim Su Ryeong-ийг амьд эргэн ирээсэй гэж олон фэнүүд нь хүлээж байгаа. Гэвч тэр хоёрдугаар бүлгийн жүжигчдийн жагсаалтад багтаагүй байсан. Тэр амьд үлдэж чадсан болов уу? Таамаглашгүй үйл явдлаар дүүрэн байх “The Penthouse: War in Life” цувралын хоёрдугаар бүлгийн танилцуулга бичлэгийг хүлээн авна уу. Та нар минь зүгээр л үзээд үз!

Эх сурвалж: Cosmopolitan, Soompi

#Кино урлаг #Үзээд үз #Penthouse