Gigi Hadid: Хүн бүр өөрөө өөрийнхөө замаар явах ёстой


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-02-23

Gigi Hadid хэмээх тайзны нэрээрээ алдаршсан модель Jelena Noura Hadid нь 1995 онд төрсөн бөгөөд 2014 онд загварын ертөнцөд хөл тавьсан боловч өдгөө олон сая шүтэн бишрэгчтэй, дэлхийд алдартай загвар өмсөгч болжээ. Тэрээр зөвхөн дөрвөн жилийн дотор л гэхэд VOGUE сэтгүүлийн нүүрийг 35 удаа чимсэн байдаг.

Өнгөрсөн онд дуучин Zayn Malik-ийн хамт анхны хүүхдээ өлгийдөн авсан тэрээр VOGUE сэтгүүлийн шинэ дугаарт ярилцлага өгчээ. Ингээд YOLO.mn сайтын зүгээс та бүхэндээ зориулан уг ярилцлагыг орчуулан хүргэж байна.


VOGUEӨнгөрсөн оны есдүгээр сард Пенсильван мужийн Бакс хотод байрлах гэртээ анхны хүүхдээ өлгийдөн авсан Gigi Hadid манай сэтгүүлийн нүүрийг чимж, анхны төрөлт болон гэр бүлийн амьдралынхаа талаар хуваалцсан юм. Түүнийг төрөх үед найз залуу Zayn Malik, ээж Yolanda болон дүү Bella нар нь хамт байжээ.

- Хэрвээ та нар хэн нэгнийг хүүхэд төрүүлж байгааг харвал цаашид түүнийг арай өөрөөр харж эхэлнэ. Би төрж байхдаа яг л галзуу юм шиг харагдсан байх. Үнэндээ 14 цагийн турш өвдөлт өгч, маш их ядарсан учраас хүүхдээ гаргасан гэдгээ ч мэдээгүй. Харин дээшээ хартал Zayn охиныг минь тэвэрчихсэн зогсож байсан.

VOGUENorth Face брэндийн сөдөн куртик, Zara брэндийн жийнс, урт түрийтэй хар гутал өмссөн Gigi хүүхэд төрүүлээд удаагүй супер модель шиг харагдахгүй байлаа. Үсээ ардаа мөлчийтөл боосон, нүүрээ будаагүй, цагирган ээмэг зүүсэн Gigi яг үнэндээ өсвөр насны охин шиг л харагдаж байв.

- Анх төрнө гэж бодохдоо "Зүгээр дээ, эмэгтэй хүн бүрийн л давж гарах ёстой зүйл" гэж өөртөө хэлдэг байсан.


VOGUEТэр анх Нью-Йорк хотын эмнэлэгт төрөхөөр төлөвлөж байсан боловч "COVID-19" цар тахлын улмаас төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулжээ. Мөн Gigi, Zayn хоёр "The Business of Being Born" (2008) баримтат нэвтрүүлгийг үзсэнийхээ дараа гэртээ төрөх талаар судалж эхэлсэн байна. Gigi-г төрөхийн өмнөхөн Zayn түүнээс ямар дуу сонсмоор байгааг нь асуужээ. Харин Gigi "The Indian in the Cupboard" үзье гэсэн бөгөөд тэд хоёул уг кинонд дуртай тул хамтдаа үзсэн байна.

- Бид хоёр тэр киноны тухай хэзээ ч ярилцаж байгаагүй. Гэхдээ хоёулаа дуртай байсан. Яг тэр мөчид л хайрлуулж, хайрлаж байгаа гэдгээ илүү их мэдэрсэн.

VOGUEGigi-г төрөхөөс өмнө ээж Yolanda болон эх баригч нар нь түүнийг багагүй дасгалжуулжээ.

- Хүүхэд төрүүлэх нь миний амьдралдаа мэдрэх хамгийн хүчтэй өвдөлт байхыг мэдэж байсан. Хэрвээ би төрөх үеийн мэдээ алдуулалт хийлгэсэн бол ямар байх байсан талаар боддог. Яг өвдөж эхлэх үед эх баригч маань над руу хараад “эмнэлгийн орон дээр байсан ч яг ингэж л өвдөх байсан. Тиймээс зүгээр л хүчтэй дүл” гэж дахин дахин хэлж байсныг санаж байна.

VOGUEТэд бяцхан охиндоо Khai хэмээх нэр өгчээ.

- Би охиныхоо төлөө дэлхий дээр энх тайвныг бий болгохыг хүсдэг.


VOGUEХэдийгээр Gigi залуу ээж боловч хүүхэд асрагч хөлслөөгүй бөгөөд бүгдийг тэгээс нь эхэлж өөрөө сурч байгаа аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Gigi Манхэттен дэх студид зураг авахуулахын тулд охиноо ээжтэйгээ үлдээжээ. Энэ нь түүний охиноо орхиж явсан анхны тохиолдол байв.

- Gigi-гийн ээж Yolanda, “Тэр хүүхдээ өөрийн гараар өсгөнө гэж бүр мөсөн шийдсэн. Би өмнө нь түүнийг сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байхыг нь хараад бахархдаг байв. Гэхдээ хүүхдээ төрүүлж байхыг нь хараад арай өөр бахархал төрсөн” хэмээн бидэнд ярьсан юм.

VOGUEGigi өнгөрсөн жил Талархлын баярын зоогийг анх удаа гардан бэлджээ. Тэрээр ширээгээ ямар ч тогоочийн тусламжгүйгээр зассан бөгөөд Zayn-ий ээжтэй хамт цацагт хяруул шарсан байна. Тэрээр бүхнийг өөрийн гараар хийж, шинэ ээж, сайн эхнэр байхад суралцаж байгаа аж.

- Би ээжийнхээ тусламжгүйгээр бүхнийг бэлдсэн. Надаар их бахархсан байх.


VOGUEЭэж болох нь хүний амьдралын шинэ үе байдаг. Тиймээс Gigi цахим ертөнцөөс хол байх, олон нийтэд ил байх эсэхээ өөрөө л шийднэ. Дүү Bella нь, “Миний бодлоор тэр (Gigi) нээлттэй байхыг илүүд үзэх байх. Гэхдээ хүүхдээ олны нүдэн дээр ил байлгахыг хүсэх эсэхээ өөрөө л шийднэ” гэж бидэнд ярьсан билээ.

Өнгөрсөн жилийн хөл хорио эхлэх үеэр Gigi дөрвөн улс дамжсан загварын шоугаа дуусгасан бөгөөд тухайн үед бие давхар гэдгээ мэджээ. Хэдийгээр коронавирусийн улмаас цаг үеийн нөхцөл байдал таагүй байсан боловч Gigi Пенсильван мужийн нэгэн тосгонд аз жаргалтайгаар эх хүн болсон юм.

- Би энэ газар бүхий л амьдралаа өнгөрүүлэхийг хүсдэг. Энд байхдаа л аз жаргалтай байдаг.

VOGUEGigi бол хэнийг ч үл тоомсорлодоггүй, үнэхээр эелдэг нэгэн. Тэр ярилцлагын цагаас 10 минут хоцорсон боловч биднээс дахин дахин уучлалт гуйж байлаа. Үнэндээ маш их амьсгаадаж байгааг нь харахад энэ хүртэл гүйсэн гэдэг нь илэрхий байв.

- Ээж надад “Хөөрхөн охид маш олон байдаг. Чи баян биш байж болно. Гэхдээ хичээнгүй ажилладаг, царайлаг, бас эелдэг нэгэн байх ёстой” гэж сургасан.


VOGUEИхэнх алдартнууд төрснийхөө дараа сэтгүүлийн нүүрэнд гарах тийм ч дуртай байдаггүй.

- Би өмнөх шигээ жаахан байхаа больсон гэдгээ мэднэ ээ. Гэхдээ би илүү бодитой сэтгэгч болсон. Өмнөх шигээ "Size zero" буюу хэт туранхай байхаа больсон ч VOGUE сэтгүүлийн нүүрэн дээр гарна гэж бодсон. Мөн эргээд тэр жиндээ очих ёстой ч гэж санагдахгүй байна. 

VOGUEGigi-гийн хувьд ажилдаа эргэж ороход ямар ч асуудалгүй бололтой. Тэрээр "Scooby-Doo" хүүхэлдэйн кинонд камео дүр бүтээгээд амжсан юм.

- Би долоо хоног бүр өөр өөр улсад очиж ажиллахаас илүү тогтвортой мэдрэмж өгдөг зүйлийг сонирхож байна.

VOGUEZayn охиндоо зориулж ягаан өнгөтэй VHS тоглуулагч, Диснейн бүх хүүхэлдэй болон Болливудын дуртай кинонуудынхаа хуурцгийг худалдаж авчээ.

- Хэрвээ эрэгтэй хүүхэд төрсөн бол Zayn-ий супер баатруудын тухай мэдлэг хэрэг болох байсан. Магадгүй Халловины баяраар бяцхан хүүгээ Халк болгох байсан биз.


VOGUEGigi хүлээн авсан бэлэг бүрийнхээ хариуд талархлын зурвас илгээдэг. Түүний дотнын найз Taylor Swift өөрийн даашинзуудаар бамбарууш оёж өгсөн бөгөөд хэлбэр нь жигд бус байсан болохоор Gigi үүнийг “Царай муутай баавгай” гэж нэрлэжээ.

Мөн тэрээр жирэмсэн байх үедээ өдрийн тэмдэглэл хөтөлдөг байжээ.

- Би тухайн өдөр юунд бухимдаж, юунд тавгүйрхсэн тухайгаа бичдэг байсан.

VOGUEБяцхан Khai саяхныг хүртэл ээж аавтайгаа хамт унтдаг байсан боловч одооноос тусдаа унтахаар болжээ.

- Надад бол бага зэрэг гунигтай байна. Өглөө сэрэхээр охин маань аль хэдийнээ сэрчихсэн инээгээд хэвтэж байдаг. Одоо өөр өрөөнд унтана гэхээр бүр ч гунигтай санагдаж байна. Хүүхэдтэй болчхоод цаашид хамт унтах эсэхээ найзуудаасаа асуувал бүгд л өөр хариулт өгнө. Тийм болохоор нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн бүр өөрсдийн тодорхойлсон амьдралаараа амьдардаг. Та ч гэсэн өөрийнхөө замаар явах ёстой. Мэдээж хүмүүсээс бага зэрэг зөвлөгөө авч болох ч төгсгөл нь тэр хүнийхтэй адилхан байх албагүй. Энэ бол бидний л амьдрал шүү дээ.

VOGUEЯрилцсанд баярлалаа. 

#Ярилцлага #Урлаг #Алдартан