ЗАХИДАЛ: Хоёрдугаар сарын захидлын хариу №3


ССҮТөв | YOLO.MN
2021-02-19

mail YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Амиа хорлох бодол орж ирдэг болсон

Сайн байна уу? Би 17 настай, төгсөх ангийн сурагч. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш миний дотор юу болоод байгааг ойлгохгүй байна. Хичээлдээ явдаг байхад зүгээр байдаг байсан л даа. Би өөрөө их хөгжилтэй, ямар нэг зүйлд санаа зовдоггүй, өөдрөг хүүхэд. Гэхдээ жоохон ууртай.

Цар тахал гарахаас өмнө өглөө сургуульдаа яваад, найзуудтайгаа орой хүртэл хичээллэдэг байсан болохоор гэртээ очоод унтаад өгдөг байсан. Хичээлгүй үедээ дуулж, бүжиглэж, урландаа сууж зургаа зурдаг байсан учир их жаргалтай байв. Стрессдэж, бухимдаж, гуниглах үедээ бүжиглэх, дугуй унах, дуу сонсох байдлаар тайвширдаг байсан. Харин карантин эхэлснээс хойш байнга гэрийнхэнтэйгээ байдаг болов. Доороо хоёр эрэгтэй дүүтэй юм. Энэ хоёр аймар их үймүүлж зодолддог. Угаасаа айл болгонд л байдаг зүйл л дээ. Гэхдээ би тайван газарт байх дуртай. Бас ЭЕШ-аа бэлдэх гэхээр зурагт, чимээ шуугиан гээд төвлөрч чаддаггүй.

Аав ээж хоёр маань ширүүндүү, хаалттай хүмүүс болохоор ярилцдаггүй. Ярилцсан ч өөдөөс загнадаг учир юм ярихаа больсон. Загнаж, зандарч гар хүрэх бүрд нь тэвчихэд хэцүү байдаг. Элдэв үгээр ч хэлнэ. Сүүлийн үед хэлсэн үгэнд нь гомдож, уйлж, цээж өвддөг болсон. Нулимсаа үзүүлэхгүй гээд дандаа нууцаар уйлна. Бүр долоо хоногийн дөрвөн өдөр уйлдаг. Ахлах ангид орсноос хойш ээж аав нь сайхан аашилдаг гэр бүлийнхний бичлэгийг үзэхээр атаархдаг болсон. Харин манай гэр бүлийнхэн миний үйл хөдлөлийг хорьдог, том дүү маань намайг янз бүрийн үгээр хэлдэг.

Найзууд болон найз хөвгүүн маань л намайг тайвшруулж хөгжилтэй уур амьсгал бүрдүүлдэг. Гэхдээ амиа хорлох бодол зүрс зүрс орж ирдэг болсон. Мөрөөдөл, зорилго, хайртай найзууд минь байгаа болохоор л тэр бодлыг мартдаг. Сүүлийн үед байнга гуниглаж байна. Сэтгэл яасан ч засрахгүй, үргэлж түгшүүртэй. Сэтгэл зүйч дээр очих гэхээр мөнгөгүй учраас чаддаггүй. Интернэтээс сэтгэл гутралын шинж тэмдгүүдийг хайхаар яг таардаг. Манай найз депресст орж байсан учраас найзаасаа асуухаар минийх яг таараад байгаа. Би яах вэ? Найзуудтайгаа уулзаж, ярьж, бүжиглэж, дуулж, ууланд гарч чадахгүй байсаар чөтгөр болох нь. Би би биш болжээ. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ нууснаар бид өөрсдийгөө л хэцүү байдалд оруулдаг

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Олон асуудалтай нүүр тулгараад байх үедээ асуудлуудаа ангилаад тэмдэглээд бичвэл зүгээр байдаг. Асуудлуудаа бичихдээ надаас хамаарах зүйл болон хамаарахгүй зүйл гэж ялгаж бичээрэй. Нийгмийн цаг үеийн байдал, бусад хүмүүсийн бодол болоод үйлдлүүд нь өөрөөс чинь шууд хамаарах боломжгүй. Өөрийн чинь үйлдэл, бодол, цаг төлөвлөлт нь чамаас шууд хамаарах боломжтой. Өөрөөс чинь хамаарах боломжтой асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлээд, төлөвлөгөө гаргахыг оролдоорой. Нийгмийн цаг үеийн байдлыг чи шийдэж чадахгүй тул одоо байгаа амьдралын хэв маягаа яавал илүү идэвхтэй болгож болохоор байна гэдгийг бодоод үзвэл зүгээр болов уу.

Эцэг эхтэйгээ харилцахад хэцүү байдаг, ярихыг хүссэн ч загнадаг гэсэн байна. Гэр бүлтэйгээ ойр байхын тулд өөрийн чинь хамгийн түрүүнд хийх боломжтой зүйл чинь мэдэрч байгаа мэдрэмжээ нуухгүй байх явдал болов уу. Өөрийн жинхэнэ мэдрэмжийг нуух нь харилцааг ойр дотно болгож өгдөггүй. Захиан дээр нууцаар уйлдаг гэсэн байна. Хэцүү байсан болохоор, шүүмжлэл авахыг хүсээгүй болохоор гэр бүлийнхэндээ хэлэлгүй ганцаараа ганцаардсан байх. Гэр бүлийнхэндээ төвөг удахгүй гэж бодсон боловч өөрийн мэдрэмжийг нуусан тул өөрт чинь тусламж хэрэгтэй байна шүү гэдгийг тэд ойлгохгүй шүү дээ. Мэдрэмжээ нууснаараа бид өөрсдийгөө л хэцүү байдалд оруулж байдаг. Бусдад өөрийгөө ойлгуулахын тулд хэд хэдэн удаагийн оролдлого хийх ч хэрэг гардаг. Эцэг эхдээ өөрийгөө ойлгуулахаас битгий зугтаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Өөртөө сэтгэл хангалуун бус байдаг

Сайн байна уу? Би 13 настай, эмэгтэй. Надад хэд хэдэн асуудал байгаа юм аа. 1-р ангиасаа л хичээлдээ сайн байсан ч гэрийн даалгавар болон хичээл хийх их дургүй байсан. Дунд ангид ороход дүн минь эрс муудсан. Хичээлээ идэвхтэй хийхийг их хүсдэг ч яагаад ч юм болж өгдөггүй. Дээрээс нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл, мэргэжил гэх мэт зүйлсийн хариултыг мэддэггүй. Өөрөөсөө "Миний мөрөөдөл юу юм бол?" "Ирээдүйд ямар мэргэжилтэй болох уу?" гэх мэт асуултыг байнга асуудаг ч хариултыг нь огт олж чаддаггүй. Миний ирээдүй ямар байх бол? Сайхан амьдарч чадах болов уу? Эсрэгээрээ байх юм болов уу гэх асуултуудаас их айдаг. Ааш зангийн хувьд түргэн ууртай учраас бусадтай харилцахдаа муу. Өөртөө итгэлтэй байхыг хичээдэг ч хүмүүс намайг хараад юу гэж бодох бол, шоолбол яана аа гэж их боддог. Ер нь бол өөртөө сэтгэл хангалуун биш байдаг. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Ойр байгаа зүйлээ үйлдэл болгон хэрэгжүүлээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөртөө зөөлөн хандаарай. Ирээдүйгээ ямар байх бол гэж бодох хэрэгтэй хэдий ч хэтрүүлэн бодож өөртөө дарамт өгөхгүй байгаарай. Бидний бодол болоод төсөөлөл хоорондоо авцалдахгүй байх үед бухимдаж эхэлдэг. Холын зүйлийг бодох гэхээсээ илүү одоо ойр байгаа зүйлээ үйлдэл болгож хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Аливаа зүйлийг хийсний дараа бид тайвширдаг. Жишээ нь, ямар мэргэжилтэй болохоо мэдэхгүй байлаа гэхэд их сургуулуудийн цахим хуудсаар орж мэргэжлийн жагсаалттай танилцах үйлдэл хийх нь бодож сууснаас илүүтэй өөрийг чинь тайвшруулна гэсэн үг. Бодохоос гадна үйлдэл хийхдээ анхаараарай.

Мөн өөртөө бодлын алдаа үүсгэхээс сэргийлээрэй. Бидний бодол сэтгэл хөдлөл болоод үйлдэлд маань нөлөөлж байдаг. Гэрийн даалгавар хийх дургүй гэсэн бодол өөрийг чинь бодлын алдаанд хүргэж байна гэсэн үг. Жишээ нь, гэрийн даалгавар хийх дургүй гэсэн бодол маань сэтгэл хөдлөлийг таагүй болгохоос гадна даалгавар хийх үйлдлийг маань идэвхгүй болгодог гэсэн үг. Тиймээс “гэрийн даалгавраа хийх болно” гэж өөрийн бодлыг өөрчлөөрэй. Бид өдөрт хамгийн багадаа 4'000 зүйлийн талаар боддог гэсэн судалгаа бий. Энэ олон бодлын урсгалд эерэг болоод сөрөг бодол аль аль нь байна. Аливаа зүйлийн байж болох мууг зөгнөх, ямар нэгэн зүйлийг хийвэл амжилтгүй болж, бусдад муу харагдвал яах бол гэсэн бодлууд “би юу ч хийж чадахгүй” гэсэн итгэл үнэмшил төрүүлдэг тул өөрийн бодлын урсгалыг хянахыг хичээгээрэй. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Саяхан миний утсан дээр янз бүрийн сайтууд гарч ирэх болсон

Сайн байна уу? Надад гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцсон нэг асуудал гарсан. Энэ талаар асуух зүйл байна. Манай гэрийнхэн миний утсыг сард хэд хэдэн удаа шалгадаг юм. Гэтэл саяхнаас миний утсан дээр chrome app - ын түүх хэсэгт янз бүрийн (+18) сайтууд их гарч ирэх болсон. Энэ талаар яаж тайлбарлах талаар мэдэхгүй байна. Яаж ч устгасан эдгээр сайтуудаар нэвтэрсэн гэх мэдээлэл гарч ирээд байна. Энийг яах вэ? Гэрийнхэн энэ сайтуудын талаар мэдсэн эсэхийг мэдэхгүй бас асууж чадахгүй байна.

ЗӨВЛӨГӨӨ: Үнэнээ хэлэхэд л хангалттай болов уу

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Гэрийнхэн чинь энэ талаар асуугаагүй, зөвхөн өөрөө л санаа зовоод, бодоод байгаа юм байна, тийм үү? Хэрэв гэрийнхэн чинь асуугаагүй бол санаа зовох хэрэг байгаа юу? Захиан дээр яагаад ийм төрлийн сайтууд гарч ирснийг мэдэхгүй гэж бичсэн байна. Гэрийнхэн нь асуувал үнэхээр мэдэхгүй байгаа бол мэдэхгүй байна гэдгээ л хэлэхэд хангалттай болов уу. Интернет орчин ихэнх үед бидний хяналтаас давсан байдаг. Эх сурвалж нь тодорхойгүй spam, linк, тоглоом руу болж өгвөл орохгүй байхыг бодоорой. Эдгээр нь бидний компьютер болон утсыг вирустүүлдэг тул хяналттай байгаарай. Утас чинь вирустсэн байж магадгүй тул утас засдаг хүнд хандаарай.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter