ҮЗЭЭД ҮЗ: Төгсгөлийн анги “To All the Boys: Always and Forever”


Peter, Lara Jean хоёрыг санасан хүмүүс хэр олон байна даа? Хэдхэн хоногийн өмнө “To All the Boys: Always and Forever” (2021) кино нээлтээ хийсэн билээ. Тэгвэл “Үзээд үз” цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт уншигч та бүхэнд энэхүү киног санал болгоё. Мөн энэ нийтлэлд ямар ч спойлер байхгүйг дуулгахад таатай байна.

Нэгдүгээр анги - “To All the Boys I’ve Loved Before”: 2018/8/17 

Хоёрдугаар анги - “To All the Boys: P.S. I Still Love You”: 2020/02/12 

Гуравдугаар анги - “To All the Boys: Always and Forever”: 2021/02/12 

1. “TO ALL THE BOYS: ALWAYS AND FOREVER” ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ нь Америкийн зохиолч Jenny Han-ы “Always and Forever, Lara Jean” зохиолоос сэдэвлэсэн өсвөр үеийнхний дурлалын тухай өгүүлэх кино юм. Найруулагчаар нь тус киноны хоёрдугаар анги дээр нь ч мөн ажиллаж байсан найруулагч Michael Fimognari ажиллажээ.

2. ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Хэн нэгэнд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ хэрхэн мэдэх вэ? Магадгүй үүнийг хэмжих зүйл байхгүй байх. Хэрэв түүний дуртай зүйлийг хүндэтгэж, хүсэл сонирхлыг нь дэмжиж чаддаг бол үүнийг хайр гэж ойлгож болох юм.

Энэхүү киноны гуравдугаар анги танд хайрлах, хагацахын мэдрэмжийг зэрэг өгөх болно. Бид хайртай нэгнээсээ хол байхад юу мэдрэх бол? Түүнийг илүү их санах болов уу, аль эсвэл бага багаар мартаж эхлэх болов уу? Асуултын хариуг та киногоо үзээд мэдэж аваарай.

Үргэлжлүүлээд “To All the Boys: Always and Forever” киноны тухай сонирхолтой 7 баримтыг танилцуулъя.

1. LARA JEAN, PETER НАР БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР...

Тэд бодит амьдрал дээр маш сайн найзууд. Lara Jean-ий дүрийг бүтээсэн жүжигчин Lana Condor “Нэгдүгээр ангийн зохиол уншлагаас эхлээд л би түүнтэй сайн хамтрагч болно гэдгээ мэдэж байсан. Түүнтэй анх уулзахад бидэнд ижил төстэй талууд цөөнгүй байсан бөгөөд би түүнийг маш онцгой нэгэн гэж боддог” хэмээн хэлж байжээ.

Харин түүний хайрт Peter-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Noah Centineo хэлэхдээ “Бид яг л гэрлэсэн хосууд шиг санагдаад байдаг юм. Гурван жил гаруй хугацаанд хамтарч ажилласан болохоор одоо хамт байхад үнэхээр тухтай санагддаг. Бидний харилцаа үнэхээр гайхалтай” гэжээ.

2. ХЭН НЬ ИЛҮҮ РОМАНТИК ВЭ? 

Peter бол үнэхээр романтик залуугийн дүр. Харин жүжигчин Noah өөрийгөө хэр романтик гэж боддог бол?

Тэрээр “Намайг хэр романтик вэ гэдгийг бусад хүнээс асуусан нь дээр байх. Гэхдээ Peter-ийн түвшинд хүрэх хэмжээний романтик залуу байгаасай гэж найдаж байна” гэжээ.

Харин Lana “Дүрээс маань болоод хүмүүс намайг гүн дурладаг, романтик эмэгтэй гэж боддог юм шиг санагдсан. Хувь хүнийхээ хувьд хайр дурлалын тал дээр би эхлүүлсэн зүйлээ дуусгадаг” хэмээн ярьжээ.

3. LANA БА ЖИГНЭМЭГ

Lara Jean бол жигнэмэг, аяган бялуу хийх онцгой хоббитой нэгэн. Харин бодит амьдрал дээр түүнд жигнэмэг хийх хүсэл тийм ч их байдаггүй хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрээр зураг авалтдаа мэргэжлийн нарийн боовны тогоочийн зааврын дагуу оролцдог ба кино зохиолч Jenny Han нэгэн удаа “Удахгүй жигнэмэг хийж эхэлнэ гэж найдъя” гээд нарийн боов хийх хэрэгслүүдээ Lana руу явуулж байжээ.

4. BLACKPINK IN YOUR AREA

Киноны гуравдугаар ангиас та Өмнөд Солонгосын хэд хэдэн алдартай аяллын цэгүүдийг харах болно. Намсан цамхаг болон хоёр хэмжээст дотоод засалтай “Greem cafe” зэрэг газруудад зураг авалтаа хийжээ. Мөн та Blackpink хамтлагийн “Pretty Savage”, Girl’s Generation хамтлагийн “Gee”, Cherry Bullet хамтлагийн “Q&A” зэрэг дуунуудыг сонсох болно.

5. MEET-CUTE

Хэн нэгэнтэй хөгжилтэй эсвэл өхөөрдөм байдлаар танилцаж байсан уу? Хэрэв тийм хүн байдаг бол түүнийг “Meet-Cute” гэж нэрлээрэй. Энэ нь “Cute meeting” буюу “Өхөөрдөм уулзалт” гэсэн утгатай юм. Учрал бүхэн учиртай болохоор дотнын нэгэнтэйгээ хэрхэн танилцаж байснаа эргэн дурсаарай.

6. БАЯРТАЙ PETER, LARA JEAN!

“To All the Boys: Always and Forever” бол энэ цувралын сүүлчийн анги юм. Тиймээс бид баяртай гэж хэлэх цаг иржээ. Жүжигчин Lana “Эцсийг нь хүртэл явах боломжийг олгосонд би үнэхээр их талархаж байна. Өөрсдийн бүтээсэн энэ ертөнцдөө маш их хайртай. Мөн би Lara Jean-ийг үнэхээр их санах байх. Яг одоо надад өөрийнхөө нэгээхэн хэсэгт баяртай гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна” хэмээн хэлжээ.

Харин жүжигчин Noah “Эхлүүлсэн ажлаа дуусгаж чадсан юм шиг мэдрэмж төрсөн. Киногоо үзсэн ч, зохиолоо уншсан ч та бүхнийг аз жаргал, сэтгэл ханамжийг мэдрээсэй хэмээн хүсэж байна” гэжээ.

7. ЗАХИДЛААР ЭХЭЛСЭН БОЛОХООР ЗАХИДЛААР ДУУСГАЖ БАЙНА...

Төгсгөлийн ангид тэдний хайр үргэлжилсэн болов уу, өндөрлөсөн болов уу? “To All the Boys: Always and Forever” киноны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л үзээд үз!

#Кино урлаг #Үзээд үз #To All the Boys