Найзуудтайгаа ХАМТ кино үзэх боломжийг олгох 9 аппликэйшн


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2021-02-16

Одоогийн байдлаар бид найзуудтайгаа хамт кино театрт очиж, кино үзэх боломжгүй байгаа ч интернет орчинг ашиглаж үзмээр байгаа киногоо гэр гэрээсээ хамтдаа үзэх бүрэн боломжтой байна.

Бидний санал болгох гэж буй аппликэйшн тус бүр өөрсдийн гэсэн онцлогтой тул бүгдтэй нь танилцаад, найзуудтайгаа кино үзэхэд хамгийн тохиромжтой гэж үзсэн аппликэйшнээ ашиглаарай. Мөн сонгосон аппликэйшнийхээ нэрэн дээр дарахад л албан ёсны вэбсайт руу нь үсэрнэ. 

 ZOOM 

Сүүлийн үед хүмүүс Zoom программыг өргөнөөр ашиглаж байгаа тул мэдэхгүй хүн ховор биз ээ. Үүнийг хичээл хийх, хурал цуглаан зохион байгуулахаас гадна кино үзэхэд ч ашиглаж болно. Дэлгэцээ хуваалцах боломжтой учраас хүссэн киногоо хамтдаа үзээрэй.

 TWOSEVEN 

Энэхүү аппликэйшн нь YouTube, Netflix, Amazon Prime, Hulu, Disney Plus, Apple TV, HBO Max, Vimeo зэрэг сувгийг дэмждэг. Хэдийгээр суваг нь хязгаартай боловч та өөрийн гар утас болон компьютер дээрх бичлэгээ тоглуулах боломжтой. 

 WATCH2GETHER 

Хэрвээ та ямар нэг аппликэйшн, вебсайтад бүртгэл үүсгэхийг хүсдэггүй бол Watch2gether аппликэйшнийг сонгож болно. Танаас бүртгэл үүсгэхийг шаардахгүй учир нэг удаагийн нэрээр нэвтрээд найзуудтайгаа холбогдох боломжтой. Мөн вебсайтынх нь нүүр хуудас дээр “Create a Room” товч байдаг тул нэг дараад л өрөө үүсгэчихнэ.

 GAZE 

Найзуудтайгаа хамт YouTube хуудаснаас контент үзэхээр шийдсэн бол Gaze-ийг сонгоорой. Мэдээж нэг нь өрөө үүсгээд бусад руугаа холбоосыг нь илгээх хэрэгтэй. Мөн компьютер, гар утсан дээрх бичлэгээ тоглуулах боломжтой.

 KAST 

Энэ жагсаалтад багтсан бусад платформоос ялгаатай нь Kast-аар найзууд хоорондоо файл хуваалцаж болдог.

 TELEPARTY 

Хэрэв та болон таны найзууд бүгд Netflix-ийн хэрэглэгч бол Teleparty аппликэйшнийг ашиглаж хамтдаа кино үзэж болох юм. Энэ нь мөн Disney Plus, Hulu, HBO сувгийн вебсайтыг дэмждэг учир хүссэн сувгаасаа хүссэн киногоо үзэх боломжтой. 

 SYNC VIDEO 

Та интернетийн нууцлалыг нэгдүгээрт тавьдаг нэгэн бол Sync Video-г сонгоорой. Үүнийг ашиглахын тулд заавал бүртгүүлэх шаардлагатай бөгөөд мэдээж таны мэдээллийг нууцална. Бүртгүүлсний дараа зөвхөн танд зориулсан виртуал өрөөг санал болгох ба тэрхүү өрөөнд найзуудаа урьж хамт кино үзэх боломжтой. Гэхдээ өрөөгөө нээлттэй болгож, хүссэн хүмүүсийг ч оруулж болно. Мөн хүссэн үедээ шинэ өрөө үүсгэх боломжтой бөгөөд Vmeo, YouTube дээрх жагсаалтаа тоглуулж болох юм. 

 MYCRICLETV 

Найзуудтайгаа киногоо үзэх, аудио мессэж илгээх боломж бүрдүүлсэн аппликэйшн байвал ямар вэ? Энэ бүгдийг багтаасан үнэгүй аппликэйшн бол MyCircleTV бөгөөд найзуудаа урихдаа Twitter, LinkedIn, Facebook болон и-мэйл хаяг руу нь урилга илгээнэ. Мөн заавал бүртгүүлэх албагүй учраас та түр зуурын өрөө үүсгээд киногоо үзэх боломжтой. Үүнээс гадна та 5GB хүртэлх багтаамжтай бичлэг байршуулж болно. 

 PLEX VR 

Кино театрт байгаа мэт орчин бүрдүүлэхийг хүсвэл Plex VR-ийг сонгохыг зөвлөж байна. Мөн Plex-ийн бичлэгийн санд зочилж, хүссэн кино, дуугаа хайж болно. Нэг өрөөнд орж үзэж байгаа хүн бүр өөрсдийн дэлгэцийн хэмжээ, байрлалыг хүссэнээрээ тохируулж болно. Бусад аппликэйшн шиг заавал бичлэг тавьсан хүний хэмжээгээр үзэх албагүй гэсэн үг. Эцэст нь хэлэхэд, та нарын нээсэн өрөөнд та нарыг төлөөлж жижигхэн хөөрхөн аватар байх болно.

#Технологи #Кино урлаг #Цар тахал #Найз