Карантин дахь галерей: Оюутнуудад ТЭТГЭЛЭГ олгодог галерей


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2021-02-16

Зориг сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн “Урлахуй” багийн хамт олон “Карантин дахь галерей” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Ингээд та бүхэнд заавал ч үгүй үйлчлүүлэх, үйлчлүүлэхгүй бол харамсах галерейн нэг болох "Монгол арт" галерейн талаар онцлох мэдээллийг хүргэж байна.

"Монгол арт" галерей нь 2019 онд байгуулагдсан харьцангуй “залуу” галерей юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээлээ туурвиж буй мэргэжлийн зураачдын бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүдийг гаргахын зэрэгцээ бүтээлч өдөр, мастер класс, зургийн уралдаан, номын нээлт, уулзалт арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар иржээ.

НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Энэхүү галерей дөрвөн үзэсгэлэнгийн танхимтай бөгөөд танхим бүр тус тусын давхарт байрладаг. Нэгдүгээр давхарт үзэсгэлэнгийн бага танхим байх бөгөөд зургийн дэлгүүр /арт шоп/, итали модон жаазны үйлдвэр, арт кофе шоп байрлана. Хоёрдугаар давхарт хуваарьт үзэсгэлэнгийн, гуравдугаар давхарт орчин үеийн урлагийн, дөрөвдүгээр давхарт байнгын үзэсгэлэнгийн болон сургалтын танхимууд байрладаг аж.

ОЛОН ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРГА ХЭМЖЭЭНҮҮД

Монгол Улсын гавьяат зураач С.Дагвадоржийн Мастер класс сургалт

Монгол Улсын гавьяат зураач С.Дагвадоржийн Мастер класс сургалт

● Мастер класс – Уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж буй зураач, уран бүтээлчдийн бүтээх агшин, арга барилыг олон нийтэд танилцуулах арга хэмжээнээс олон зүйлийг сурч мэдэх боломжтой.

● Зураачдын урлан - Галерейн орчинд уран бүтээлчид, сонирхогчдын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагддаг.

Бүтээлч өдөр – Байгууллага, хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ тэмдэглэлт ойн баяраар өөрсдийн гараар урлагийн бүтээл туурвина гэдэг ховор л үзэгдэл.

Аавуудын баярын өдөр

Бүтээлч гэр бүл

● Онцгой төрсөн өдөр - Төрсөн өдрөө уран зураг зурж тэмдэглэвэл тэр жилийн төрсөн өдөр мартагдашгүй бөгөөд сонгодог болох нь гарцаагүй.

● Хүүхдийн уран зурагтай үдэшлэг - Хүүхдэд зориулсан урлагийн арга хэмжээнд хүүхэд багачууд, дүү нараа дагуулан ирж, бага насных нь бас нэгэн гайхалтай өдрийг бүтээх боломжтой.

ОЮУТАН, ЗАЛУУСЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР БОЛОН ТЭТГЭЛЭГ

"Монгол арт" галерей байгуулагдсан цагаасаа хойш соёл урлагийг дэмжиж уран бүтээлчдийн үзэсгэлэн, уулзалт, мастер класс, номын нээлт, эрдэм шинжилгээний хурал зэрэг 30 гаруй сургалт, арга хэмжээнд дүрслэх урлагийн мэргэжлийн 400 гаруй оюутан залуусыг хамруулсан аж.

“Чухаг оюутан” тэтгэлэгт тэнцсэн оюутан М.Намуун

Түүнчлэн сар шинийн босгон дээр Дүрслэх урлагийн академиас санаачлан зохион байгуулсан “Шилдэг бүтээл 2020” уралдаанд Тэргүүн байр эзэлсэн фото урлагийн хоёрдугаар курсийн оюутан М.Намуунд нэг жилийн сургалтын төлбөр болох “ЧУХАГ ОЮУТАН” тэтгэлгийг гардуулжээ.

ТӨРӨЛ БҮРИЙН СУРГАЛТ, ДАМЖАА

Уг галерей хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд 4-6, 6-10 насны ангиллаар хүүхэд багачуудад зориулан цахим уран зургийн сургалт явуулж байгаа юм. Түүнчлэн “Монгол бийр” зургийн дугуйлан, “Монгол эгшиг” төгөлдөр хуур, ардын хөгжмийн сургалт зэрэг олон төрлийн дугуйлангууд хичээллэдэг.

Үнийн тариф:

  • Том хүн - 10,000₮
  • Оюутан/ахмад настан -3000₮
  • Хүүхэд - 3000₮

Хаяг: Баянзүрх дүүргийн 26-р хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд

"Монгол арт" галерейн уран бүтээлийн виртуал үзэсгэлэнг энэ сарын 17-нд буюу Лхагва гарагт YOLO.mn болон Gogo.mn сайтаас хүлээн авч үзээрэй.

“Карантин дахь галерей” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг quarantinesgallery@gmail.com хаягаар холбогдож авах боломжтой.

#Мэдээ #Урлаг соёл #Карантин дахь галерей #Монгол арт галерей