Өсвөр насныханд тохиромжтой БИЗНЕС санаанууд


Бизнес эхлүүлэхэд нас хамаагүй бөгөөд заавал олон сая төгрөгтэй байх ч шаардлагагүй. Өөрөөр хэлбэл бизнесийн гайхалтай санаа хэдийд ч төрж болох учир түүнийгээ өөрийнхөө хэмжээнд эхлүүлэх боломжтой. 

Бид энэ удаагийн нийтлэлээр өсвөр насныханд тохиромжтой 17 бизнес санааг хүргэж байна. 

БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХДЭЭ ЮУГ АНХААРАХ ВЭ? 

Юун түрүүнд та дараах гурван зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд: 

1. Цагийн уян хатан байдал - Өсвөр үе, залуусын хувьд чанартай боловсрол хамгийн чухал нь. Тиймээс хийх гэж буй ажил, бизнесээ хичээл тарсны дараа эсвэл зөвхөн амралтын өдрүүдэд хийх боломжтой байх нь чухал. 

2. Бизнес эхлэх хөрөнгө - Энэ насны залуусын хувьд хадгаламжийн дүн хязгаарлагдмал, гаднын санхүүжилтэд хамрагдах боломж бололцоо харьцангуй бага тул эхлүүлэх гэж буй бизнес нь бага хэмжээний мөнгөөр эхлэх шаардлагатай. 

3. Давуу тал - Хүн бүрд бусдаас илүү сайн хийж чаддаг, мэддэг зүйл гэж бий. Хэрэв өөрийгөө юуг хамгийн сайн хийж чаддагаа хараахан тодорхойлоогүй байгаа бол гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаарай. "Надад ямар ч давуу тал, сайн хийж чаддаг зүйл байхгүй ээ" гэж бодож байгаа бол та тэр зүйлээ олж илрүүлээгүй байна гэсэн үг. 

БИЗНЕС САНАА

1. ГЭРИЙН БАГШ - Өсвөр үе, залууст хамгийн тохиромжтой бизнес, ажлын санаа бол гэрийн багш хийх. Дээр дурдсанчлан хүн бүрд сайн хийж чаддаг зүйл бий. Өөрийнхөө хамгийн хийх дуртай, хийж чаддаг хичээлээ энэ хичээл дээр хоцрогдолтой найзууддаа ч зааж болно. Хамгийн гайхалтай нь бусдад өөрийн сурсан мэдсэнээ зааснаар өөрөө тухайн мэдлэгээ бататгах боломжтой байдаг. Мэдээж чамд тухайн хичээлийн мэдлэгээ нотолсон баримт (хэлний онооны хуудас, олимпиадын шагналт байранд орсон өргөмжлөл гэх мэт) байвал давуу тал болдог. 

2. ХҮҮХЭД АСРАГЧ - Олон дүүтэй залууст хамгийн тохиромжтой ажлын байруудын нэг бол хүүхэд асрагч. Хичээлээ хийсний дараа эсвэл амралтын өдрүүдэд хөршүүд, хамаатнуудынхаа бага насны хүүхдийг нь харж өгч тусалж болох юм. Дүүгээ хооллож, дүүтэйгээ тоглодог байсны ач тус одоо л гарах нь байна шүү дээ. Ийм залуугаасаа хүүхэд асрагч хийнэ гэж үү хэмээн гайхаж магадгүй юм. Гэхдээ кинон дээрээс өсвөрийнхөн таньдаг айлынхаа хүүхдийг нь харж өгөөд цалинжих үзэгдлийг цөөнгүй харж байсан биз дээ? 

3. ГЭР ЦЭВЭРЛЭХ - Гэрийн ажилд сайн байна гэдэг ч бас л давуу тал шүү. Гэрийнхээ ажлыг хэний ч тусламжгүй хийчихдэг өсвөр насныхны хувьд энэ ажил их тохиромжтой. Гэхдээ цэвэрлэгээний бодисуудтай болгоомжтой харьцахаа бүү мартаарай. 

4. ГАР УРЛАЛ - Хэрэв та гарын ур дүйтэй бол өөрийн урласан бүтээлүүдийг энэ төрлийн зүйл сонирхдог залууст худалдаалж болох юм. Жишээлбэл, нэхэх авьяастай бол өвөл, хаврын улиралд гоёх загварлаг ороолт, бээлий, оймс гээд бүгдийг хийж болно. Сүүлийн үед интернетийг шуугиулж буй улс төрч Берни Сандерс өвлийн хүйтэнд бас л ноосон нэхмэл бээлий сонгосон байсан.

5. ХӨГЖИМЧИН - Хөгжим тоглох, дуу дуулах, дуу бичих сонирхолтой залуусын хувьд сонирхол нэгт найзуудтайгаа хамтлаг байгуулан гайхалтай бүтээлүүдийг туурвих боломжтой. Тодорхой хэмжээнд олонд танигдаж чадвал аливаа баяр ёслолын ажиллагаанд үзүүлбэрээ үзүүлэн цалинждаг. Гэхдээ мэдээж цаг сайхан болох үед шүү дээ. 

6. ХӨГЖМИЙН БАГШ - Харин бусадтай хамтлаг байгуулан нэгдэх сонирхолгүй ч хөгжимд дуртай залуусын хувьд хөгжмийн багш хийж болно. Мэдээж төгөлдөр хуур, гитар, хийл, болон хөгжмийн бусад зэмсгийг тоглох чадвартай байх шаардлагатай. 

7. НАРИЙН БООВ, АМТТАН - Хэрэв чи эклер, донат, аяган бялуу зэрэг амттан хийх дуртай бол энэ төрлөөрөө дагнаарай. 

8. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨ - Техник технологийн талаар чамгүй өндөр мэдлэгтэй залуусын хувьд онлайнаар энэ төрлийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх боломжтой. Заримдаа технологийн асуудлууд тулгарахад YouTube-ээс зааврыг нь үзээд ч ойлгохгүй, Google-ээс зөвлөгөө аваад ч үр дүнгээ өгөхгүй үе бий шүү дээ. Мөн шинэ компьютер эсвэл төхөөрөмж худалдан авсан хүмүүст ч туслан тохиргоо зэргийг хийж өгч болох юм. 

9. ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ - Загварын ертөнцийг юу юунаас илүү сонирхдог, мөн өөрийгөө тодорхой хэмжээнд "мэдрэмжтэй" гэж үздэг бол энэ чиглэл рүү ороод үзэхэд буруудахгүй. Өөрийн гараар бүтээсэн хувцас, өөрийн загвараар бүтээсэн үгс, зургийг богино ханцуйтай цамцан дээр хэвлээд худалдаалсан ч болохгүй гэх зүйлгүй. Нэн ялангуяа ирээдүйд загварыг салбарт хөл тавимаар байгаа ч гэр бүлийнхэн нь дэмждэггүй бол энэ ажил танд гайхалтай тохирно. 

10. АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ - Үүнийг уншаад хэтэрхий томоор хүлээн авч сүрдэх хэрэггүй шүү. Бусдад гэнэтийн бэлэг барих, баярлуулах санаагаар гачигддаггүй хүмүүс байдаг шүү дээ. Багшийгаа, найзыгаа тэмдэглэлт өдрөөр баярлуулах санаагаа ярилцах үед дандаа л сонин, содон санаа гаргаж байдаг төрлийн хүмүүс бий. Энэ төрлийн хүмүүсийн хувьд ойр дотнынхондоо хайртай хүмүүсээ баярлуулахад нь өөрийн хурц, шинэлэг санаагаараа тусалж бизнес хийх боломжтой. 

11. ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ГЭРЭЛ ЗУРАГЧИН - Зураг дарах авьяастай юу? Тэгвэл гэр бүлийн өхөөрдөм хөөрхөн "гишүүн"-ийхээ зургийг мөнхлөх хүсэлтэй хүмүүст зориулсан гэрэл зургийн бизнесийг эхлүүлж яагаад болохгүй гэж?. Сүүлийн жилүүдэд хүмүүс нохой, муур, үхэр зусаг, яст мэлхий, тоть зэрэг амьтдыг тэжээх нь ихэссэн шүү дээ. Тиймээс үйлчлүүлэгч олдохгүй байна гэж барагтаа л бол үгүй байх. 

12. АРГА ХЭМЖЭЭНИЙ ГЭРЭЛ ЗУРАГЧИН - Ур чадвар тань илүү өндөр түвшинд хөгжсөн бол төрсөн өдөр болон тусгай арга хэмжээнд гэрэл зургийн үйлчилгээгээ үзүүлж болох юм шүү. 

13. ОРГАНИК САВАН ХИЙХ - Чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хийх нь хүн бүрийн чаддаг зүйл биш ч шаардлагатай сургалтад хамрагдаж, дадлага туршлага олж авсан бол бүтээгдэхүүнээ гаргах бүрэн боломжтой билээ. 

15. НҮҮР БУДАГЧ - Хэрвээ чамд гоо сайхны өндөр мэдрэмж, нүүр будах авьяас байдаг бол нүүр будалтын бизнес эрхлэх талаар бодож үзээрэй. Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд бүгд л нүүрээ будах болсон ч өөрийн царайны онцлогт тохируулан будаж чаддаг нь цөөн шүү дээ. Тэгвэл тэдний онцгой өдрүүдэд нь зориулан нүүр будах үйлчилгээ үзүүлж болох юм. Мөн энэ талаар сонирхдог ч хангалттай хэмжээнд ур чадваржаагүй бол цар тахлын энэ нөхцөл байдлыг ашиглан онлайн сургалтад сууж, гэр бүлийн гишүүд дээрээ дадлага хийж ур чадваржаарай. 

16. YOUTUBER - Та өөрийн сувгийг нээж, сонирхолтой контентыг байршуулснаар үзэгч, дагагчтай болохын зэрэгцээ цалинжиж болно. Мөн подкаст, блог хөтлөх сонирхолтой бол контентоо бүтээж, зар сурталчилгаагаар дамжуулан цалинжих боломжтой. 

17. ГАР УТАСНЫ АПЛИКЭЙШН БҮТЭЭХ - Өнөө үед интернетийн тусламжтайгаар хүссэн хүн бүр гар утасны апликэйшн болон тоглоом бүтээх боломжтой болсон. Хэрвээ танд гайхалтай шинэ санаа байгаад, түүнийгээ бүтээх технологийн мэдлэг байвал яагаад хэрэгжүүлж болохгүй гэж?

Эх сурвалж: Small Biz Trends

#Зөвлөгөө #Бизнес санаа