Нийтлэл бичих, блог хөтлөх хүсэлтэй залууст тохиромжтой 6 вэб хуудас


Э. Тэгш-Амгалан | YOLO.MN
2021-02-08

Техник технологи хөгжин, хүссэн бүхнээ интернетээс хайгаад олох боломжтой болсон энэ цагт өөрийн бичвэрээ нийтлүүлэх чин хүсэлтэй залуу үеийн бичээчид үзэг цаас нийлүүлэн суухаас илүүтэй интернет орчинд өөрийн ертөнцөө бүтээх нь элбэг болжээ.

Тэгвэл өсвөр үеийн зохиолчдод хаант улсаа цогцлооход нь туслах зургаан вэб хуудсыг санал болгож байна.

1. WATTPAD

Та бүхэн Wattpad хуудсаас олон зуун мянган сонгодог зохиолыг үнэгүй унших боломжтойгоос гадна сонирхогчдын бичсэн зохиолуудаас туршлага судлах, мөн өөрөө ч бүтээлээ байршуулах боломжтой юм. 90 сая гаруй хэрэглэгчтэй энэхүү хуудсанд “The Handmaid’s Tale”, “Cat’s Eye” зэрэг зохиолоороо танигдсан зохиолч Margaret Atwood-ээс эхлээд маш олон алдартай зохиолчид өөрсдийн бүтээлээ байршуулдаг байна.

Давуу тал: Бичээчид уг хуудсан дээр нийтлэл, зохиолоо хүссэн хэл дээр уншиж бичих боломжтойгоос гадна нэг эхийг хэдэн ч хэсэгт хуваан бичиж болох юм.

Уг хуудсаар зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

2. TEEN INK

“Залуу бичээчдийн сан” ашгийн бус байгууллагаас санаачлан хөгжүүлсэн Teen Ink вэб хуудас нь залуу бичээчдийг төрүүлэх, хөгжүүлэх их үйлсэд зүтгээд нэгэнт 32 жилийг ардаа үджээ. Тэдний зүгээс өсвөр үеийнхний бичсэн зохиол, дарсан гэрэл зураг, бэлтгэсэн мэдээ, нийтлэлийг хүлээн авч, тэдгээрээрээ сэтгүүл, цуврал ном бэлтгэн гаргадаг байна.

Давуу тал: Энэхүү хуудаснаас залуу бичээчдийн зохиолоос гадна их сургууль, коллеж, зуны хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой юм.

Уг хуудсаар зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

3. ONE TEEN STORY

One Teen Story ашгийн бус байгууллагын хамт олон өсвөр үеийнхэнд зориулан сар бүр сэтгүүл бэлтгэн гаргадаг билээ. Харин залуу бичээчид өөрсдийн үеийнхэнд тулгардаг асуудал, өөрт тохиолдсон түүх зэргээрээ богино өгүүлэл бичин илгээснээр уг сэтгүүлд нийтлүүлэх боломжтой байдаг.

Уг хуудсаар зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

4. NANOWRIMO

“NaNoWriMo” нь Үндэсний Роман Бичих Сар /National Novel Writing Month/ хэмээх үгийн товчлол юм. Жил бүрийн арваннэгдүгээр сард уг хуудсанд 50’000 ба түүнээс дээш үгтэй зохиол бичих уралдаан зарлагддагаараа онцлог. Хэдийгээр энэхүү уралдаан нь бүх насныханд нээлттэй байдаг ч өсвөр үеийнхэн түлхүү оролцдог байна.

Давуу тал: Хэрэв та бүхэн үнэхээр зохиол бичих хүсэлтэй бол энэхүү уралдаанд эртнээс бэлдээд, өөрийгөө шалгаад үзэж яагаад болохгүй гэж?

Уг хуудсаар зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

5. TUMBLR

Блог хөтлөхөд зориулагдсан уг хуудас нь мэдээж өөрийгөө илэрхийлэх хамгийн гайхалтай ертөнц болж чадахаас гадна номын хорхойтон, уран зохиолд дурлагч, зохиол бичих хүсэл эрмэлзэл бүхий өсвөр үеийнхэнд ч мөн тохиромжтой билээ.

Давуу тал: Уг хуудсанд та өөрийн блогоороо дамжуулан зураг, бичлэг, зохиол, наргиа гээд хүссэн бүхнээ нийтэлж жинхэнэ л өөрийн “ертөнц”-өө бүтээх боломжтой юм.

Уг хуудсаар зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

6. MEDIUМ

Орчин цагийн залуусын хамгийн түгээмэл ашигладаг платформуудын нэг бол яах аргагүй Medium. Тэд улс төр, нийгэм, урлаг, соёл гээд байж болох бүхий л сэдвийн хүрээнд өөрсдийн нийтлэлүүдийг байршуулдаг.

Давуу тал: Бичээчид дагагчдын тооноосоо хамаараад цалинжих боломжтой байдгаараа давуу талтай.

Уг хуудсаар зочлохыг хүсвэл ЭНД дарна уу.

#Технологи #Зөвлөгөө #Нийтлэл