ҮЗЭЭД ҮЗ: Marvel студийн цоо шинэ бүтээл “WandaVision”


“Avengers: Endgame” (2019) киноноос хойш “Marvel” студийн бүтээлээр цангаж байв уу? Хүлээлт өндөртэй байсан “Black Widow” киноны нээлтийн хугацаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсоноор уран зөгнөлт, тулаант киноны хорхойтнууд нэг хэсэгтээ л уйдсан байх.

Тэгвэл “Үзээд үз” цуврал нийтлэлийнхээ эхний дугаараар “Marvel” студийн энэ оны анхны уран бүтээл болох “WandaVision” (2021) богино хэмжээний цувралыг уншигч та бүхэнд санал болгож байна. Мөн энэхүү нийтлэлд ямар ч спойлер агуулагдаагүй гэдгийг дуулгахад таатай байна. 

1. “WANDAVISION” ГЭЖ ЮУ ВЭ?

“Marvel”-ийн кино ертөнц болон “Disney+” видео стрийминг үйлчилгээ хамтран “Marvel”-ийн зурагт номын дүрүүд болох Wanda Maximoff (Scarlet Witch), Vision нараас сэдэвлэсэн есөн ангит цувралыг бүтээгээд байгаа билээ.

Цувралын эх зохиолчоор Jac Schaeffer, ерөнхий найруулагчаар Matt Shackman нар ажилласан бол Wanda-гийн дүрийг жүжигчин Elizabeth Olsen, Vision-ий дүрийг жүжигчин Paul Bettany нар тус тус бүтээжээ. Цувралын нэг анги 29-36 минут үргэлжлэх бөгөөд эхний анги нь нэгдүгээр сарын 15-нд “Disney+” видео стрийминг үйлчилгээгээр олон нийтэд хүрсэн юм. Нэг анги нь ойролцоогоор 25 сая ам.долларын төсвөөр бүтжээ.

Найруулагч Matt Shackman, эх зохиолч Jac Schaeffer нар
Жүжигчин Paul Bettany, Elizabeth Olsen нар

2. “WANDAVISION” ЦУВРАЛЫГ ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ?

Уг цуврал танд “Marvel” студийн бусад киноноос тэс өөр зураглал, үйл явдал, мэдрэмжийг өгөх болно. Таамаглашгүй үйл явдал, дүрүүд нь таныг дэлгэцээс нэг хором ч холдуулахгүй ба эхний ангиудын зураг авалтыг Sitcom буюу Situational Comedy төрлөөр хийснээрээ онцлогтой. Sitcom нь үзэгчдийг үгээрээ инээлгэхээс илүүтэйгээр үйл явдлаар инээлгэдэг телевизийн кино бүтээлийн төрөл юм.

Мөн цаашид үйл явдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй, нууцлаг байгаа бөгөөд нэг ширхэг ч эд зүйлийг орхигдуулалгүй анхааралтай үзэхийг танд зөвлөж байна. Хэрвээ та энэхүү цувралыг үзэж амжаагүй бол яг одоо эхлүүлээрэй.

Харин одоо энэхүү цувралын тухай маш олон тооны баримтууд дундаас хамгийн сонирхолтой бөгөөд киноны спойлер агуулаагүй долоон баримтыг хүргэе.

1. VISION ЯАЖ АМЬД БАЙГАА ЮМ БОЛ?

“Avengers: Endgame” (2019) киноноос 21 хоногийн дараах үйл явдал энэхүү цувралд гардаг. Уг нь “Avengers: Infinity War” (2018) кинонд Thanos түүний оюун ухааны чулууг авснаар Vision үхсэн шүү дээ. Гэтэл тэр яаж амьд байгаа юм бол? Энэ асуултын хариуг та цувралаа үзээд мэдэж авч магадгүй л юм.

2. WANDA БОЛ ХҮЧИРХЭГ ДҮРҮҮДИЙН НЭГ

“Marvel” студийн Ерөнхийлөгч Kevin Feige түүнийг “Хамгийн хүчирхэг баатар” хэмээн тодорхойлж байжээ. Wanda-гийн хүч чадал Vision-тэй адил оюун ухааны чулуунаас үүсэлтэй ба тэрээр яг л Doctor Strange шиг шилжих, бодол удирдах, бодит байдлыг өөрчлөх гэх мэт чадвартай дүр юм. Түүний чадвар улам хөгжсөөр байгаа.

3. “AVENGERS”-ИЙН БУСАД КИНОГ ҮЗСЭН БАЙХ ШААРДЛАГАГҮЙ

Та энэ цувралыг яг одоо эхлүүлж болно. Учир нь энэ бол “шинэ зүйл”. Хэрэв та Wanda, Vision хоёрын өмнөх түүхийг мэдэхийг хүсвэл “Avengers: Age of Ultron” (2015), “Captain America: Civil War” (2016), “Avengers: Infinity War” (2018), “Avengers: Endgame” (2019) зэрэг кинонуудыг үзээрэй.

4. WANDAVISION БОЛ “ТЭС ӨӨР”

Тэнгэрээр нисэх супер баатрууд, ярьдаг мод, эсвэл өөр ертөнц рүү хүргэх гарц гээд бидний мэдэх уран зөгнөлт киноноос илүү энгийн хүний амьдрал, бодит цаг хугацааны тухай энэхүү цуврал үзүүлнэ.

5. “MARVEL”-ААС ИРСЭН ДУУДЛАГА

“Avengers: Infinity War” (2018) кинон дээр Vision-ий дүр үгүй болсноос хойш хэсэг хугацааны дараа “Marvel” студи жүжигчин Paul Bettany-тэй холбогдож түүнтэй уулзах шаардлагатай байгаагаа дуулгажээ. Тэрээр:

- “Би өөрийгөө ингээд л халагдаж байгаа юм байна гэж бодсон. Эхнэр рүүгээ хараад “Би ч лааз өшиглөх бололтой” гэж хэлээд тэдэн дээр очсон юм. Би тэднийг маш боловсноор “Бүх зүйл дууссан” гэж хэлнэ л гэж бодсон. Ингээд бид дөнгөж уулзаад л “Би үнэхээр зүгээр ээ. Өнгөрсөн хугацаа надад үнэхээр сайхан туршлага боллоо. Баярлалаа” гэж хэлтэл тэд “Чи ажлаа орхих гэж байгаа юм уу?” гэхэд нь би “Та нар намайг халах гээгүй юм уу?” гэж асуусан. Тэд өөдөөс минь “Бид шинэ телевизийн цуврал хийх гэж байна” гэж хэлэхэд л би ойлгосон” хэмээн хөгжилтэй явдлаасаа хуваалцжээ.

6. ОНЦГОЙ “WANDAVISION”

Заримдаа “Marvel”-ийн супер баатруудын тухай кино биш юм шиг санагдахуйц инээдмийн хэсэг олон байсан хэмээн жүжигчид ярьжээ. Мөн Wanda-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Elizabeth:

- “1970-аад оныг санагдуулах студийн тайз засал, үзэгчтэй шууд нэвтрүүлэг хэлбэрийн зураг авалтууд үнэхээр сонирхолтой байсан. Тэгээд бүр “Marvel”-ийн онцгой эффектийн ажилчид гал тогооны эд зүйл, хоол хүнс хөөргөх гээд нэг ч жижиг хэсгийг орхилгүй нухацтай ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай санагдсан. Ялангуяа агаарт аяга арчиж байгаа хэсгийн зураг авалтад тэд маш их хичээж ажилласан” хэмээн ярьсан байна.

7. PAUL: БИ КИНО БАГИЙНХНААРАА ҮНЭХЭЭР ИХ БАХАРХАЖ БАЙНА

Энэхүү цувралын зураг авалт 2019 оны арваннэгдүгээр сард эхэлсэн бөгөөд “COVID-19” цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сард түр зогссон юм. Ингээд мөн оны есдүгээр сараас зураг авалт үргэлжилсэн бөгөөд тэрээр:

- “Дэлхий нийтээр аюултай байдалд байсан тэр цаг үед кино багийн хамт олон цар тахлын үеийн зөвлөмжийг маш сайн дагаж мөрдөн, аюулгүй байдлыг хангаж ажилласан. Үүний ачаар бид зураг авалтаа амжилттай дуусгасан. Би кино багийнхнаараа маш их бахархаж байна” хэмээн ярьжээ.

Нууцлаг, уран зөгнөл, драм, хайр дурлал, инээдмийн өнгө аясыг багтаасан энэхүү цуврал танд шинэ мэдрэмжийг өгөх болно. Ингээд нийтлэлийн төгсгөлд киноны албан ёсны танилцуулга бичлэгийг хүргэж байна. Та нар минь зүгээр л “Үзээд үз”! wink

Эх сурвалж: Wikipedia, CBR, Screen Rant

#Кино урлаг #Marvel #WandaVision