Элсэлтийн ерөнхий шалгалтад ЦАХИМААР бэлдэхэд туслах 5 эх сурвалж


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2021-02-03

Цар тахлын онцгой нөхцөл байдалд ЭЕШ буюу Элсэлтийн ерөнхий шалгалтад бие даан бэлдэж буй төгсөх ангийн сурагчдадаа зориулан уг шалгалтад бэлдэхэд туслах эх сурвалжуудыг түүвэрлэн хүргэж байна. 

1. ECONTENT.EDU.MN

Энэхүү сайтад теле хичээл, сурах бичиг гээд танд шаардлагатай бүхий л материалууд байршсан учир шалгалтад бэлдэх цагийг тань хэмнэж өгнө. Хамгийн гоё нь уг сайтад "Интерактив хичээл" хэмээх цэс бий. Уг цэсээр дамжуулан өөрийн мэдлэгийг бататгаж авах боломжтой байдаг. Мөн энд байршсан теле хичээлийг гар утаснаас үнэ төлбөргүй үзэж болдгоороо онцлог. 

2. IMATH.MN

Математикийн хичээлээр шалгалт өгөх гэж буй суралцагчдад зориулагдсан уг сайт нь сорил явуулж бусадтай өрсөлдөх, алдсан бодлогынхоо зөв бодолтыг харах боломжтой зэргээрээ давуу талтай билээ. 

3. BAGSHIINTUSLAH800.MN

Өндөр ур чадвартай багш нарын бэлтгэсэн хичээлүүдийг энэхүү сайтаас хүлээн аваарай. Зөвхөн вэбсайт ч гэлтгүй гар утасны апликэйшний хувилбартай учир татаж аваад л хаанаас ч, хэзээ ч ашиглаж болох юм.

4. HELP.EEC.MN

Шалгалтад бэлдэхэд бидэнд маш олон асуудлууд тулгардаг нь нууц биш. Гэхдээ эдгээрийг шийдэх боломжтой юу гэвэл тийм. Уг сайт ЭЕШ-тай холбоотой мэдээ, мэдээлэл, зөвлөмж, видео хичээл, жишиг даалгавар, түгээмэл асуулт хариулт зэрэг маш олон шаардлагатай мэдээллийг агуулснаараа онцлог. 

5. БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ

Боловсролын үнэлгээний төвийн хамт олон маань YouTube сувагтаа ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан хичээлийг цувралаар бэлтгэн хүргэдэг бөгөөд өмнө жилийн жишиг даалгаврыг ч бодолт, тайлбартай нь хамт байршуулжээ. 

Бидний бэлтгэсэн энэхүү бяцхан зөвлөгөө сурагч танд бага ч болов мэдээлэл өгсөн гэдэгт итгэлтэй байна. Зорилго, мөрөөдлийнхөө төлөө нэг алхам урагшилж, шалгалтаа амжилттай өгөөрэй гэж хүсье! Хэрэв та ЭЕШ-д бэлэн бус байгаа бол бидний бэлтгэсэн мэдээллийг ЭНД дарж хүлээн аваарай.

 Та бүгдэд амжилт хүсье!

#Боловсрол #ЭЕШ #Шалгалт