"Raya and the Last Dragon" анимэйшн олон нийтийн сүлжээнд МАРГААН үүсгэв


Миау | YOLO.MN
2021-01-28

"Walt Disney Pictures" компанийн цоо шинэ уран бүтээл болох "Raya and the Last Dragon" анимэйшний албан ёсны трейлэр цацагдлаа. 

Эрт дээр үед Kumandra хэмээх гайхамшигт ертөнцөд хүмүүс луутай амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр Druun хэмээх муу ёрын мангас Kumandra ертөнцөд аюул учруулахаар заналхийлэхэд луунууд хүн төрөлхтнийг аврахын тулд өөрсдийгөө золиосолсон гэдэг. Харин одоо үед буюу энэ үйл явдал болсноос 500-аад жилийн дараа Druun мангасууд эргэн ирэх бөгөөд Луугийн эрдэнийн дайчин Raya сүүлчийн лууг олж, мангасуудтай тэмцэхээр аялалд гарна. 

Raya охины дүрд "Star Wars" франчайзын Rose Tico-гийн дүрээр олонд танигдсан залуу жүжигчин Kelly Marie Tran дуу оруулсан бол хүний дүрд хувирах чадалтай Sisu луугийн дүрд та бидний сайн мэдэх жүжигчин, комедиан Awkwafina дуу оруулсан аж.

Зүүн гар талаас жүжигчин Kelly Marie Tran болон комедиан Awkwafina нар

Үүнээс гадна Алтан бөмбөрцөг кино наадмын шагналт жүжигчин Sandra Oh, "Crazy Rich Asians" (2018) киноны Astrid-ийн дүрээр олонд танигдсан жүжигчин Gemma Chan нар дуу оруулснаараа онцлог юм.  

Зүүн гар талаас жүжигчин Sandra Oh болон Gemma Chan нар

Угтаа энэхүү анимэйшн нь Зүүн Өмнөд Азийн орнуудын соёл, онцлогийг шингээсэн бүтээл хэдий ч кино багийн бүрэлдэхүүн буюу дуу оруулж буй жүжигчдийн дийлэнх хувь нь Зүүн Азиас гаралтай жүжигчид байгаад зарим хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тухайлбал, гол дүрийн Raya охинд дуу оруулсан жүжигчин Kelly Marie Tran-аас бусад жүжигчид нь Зүүн Азийн орнуудаас гаралтай юм.

Ингээд трейлэрийг хүлээн авна уу. 

"Raya and the Last Dragon" анимэйшн нь ирэх гуравдугаар сарын 5-наас АНУ-ын кино театруудад нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байгаа юм. Мөн үүнтэй зэрэгцэн видео стрийминг үйлчилгээний Disney + сүлжээнд байрших аж. 

Эх сурвалж: CNN

#Кино урлаг #Анимэйшн #Raya and the Last Dragon