Taylor Swift: Хамгийн ихээр итгэдэг хүн чинь хамгийн ихээр гомдоож мэднэ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-26

Өнгөрсөн онд гаргасан “Folklore” цомгоороо өөрийгөө тэс өөр өнцгөөс харуулж, Гиннесийн хэд хэдэн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон дуучин Taylor Swift-ийн Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.


EW: Бид хөл хорионд орсноор маш удаан хугацааг гэртээ өнгөрүүллээ. Эрүүл байхын тулд гэр бүл, найз нөхдөөсөө ч хол байсан шүү дээ. Гэхдээ ийм үед цомог гаргана гэдэг таны бүтээлч зан чанарын илэрхийлэл гэж бодож байна.

- Тийм ээ. Анх цомог гаргана гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Хөл хорио эхлэхэд кино үздэг болсон. Өмнө нь “Pan's Labyrinth” (2006) киног үзэж байгаагүйдээ их харамссан. Ингээд шөнө бүр л янз бүрийн кино үзсэн. Надад “Би яагаад өмнө нь ийм зүйл хийж байгаагүй юм бэ? Яагаад өөрийн гэсэн дүр бүтээж байгаагүй юм бэ?” гэж санагдсан. Хүмүүс миний цомгийг шууд утгаар нь хүлээж авч магадгүй юм. Гэхдээ би энэ цомгоо зөвхөн өөрийнхөө туршлагаас биш үзсэн кино, уншсан ном, аялсан газар, төсөөллөөрөө хийсэн.

EW: 17 настай хүүгийн нүдээр Betty шиг дуу бичээд суух ямар санагддаг вэ?

- Миний хувьд асар том зүйл байсан. Гэхдээ хамтран зохиосон William Bowery-гаас ихэнх санаа нь гарсан гэж бодож байна. Түүний дуулж байгааг сонсоод үнэхээр гоё дуу юм шиг санагдсан. Мэдээж надад эрэгтэй хүний хоолой байхгүй боловч эрэгтэй хүний өмнөөс дуулж болно гэж гэж бодсон. 


EW: Таны хийж байсан бусад уран бүтээлүүдтэй харьцуулахад “Folklore” цомог үнэхээр шинэлэг, дахин давтагдашгүй байсан. Өмнө нь хийж байсан зүйлээсээ тэс өөр зүйл хийхэд ямар санагдсан бэ?

- Анх цомгийн ажлаа эхлүүлэхдээ тэр талаар бодож байгаагүй. Энэ цомог бол хамгийн төгс хувилбар нь байсан. Манай багийнхан бүх зүйлийг урьдаас төлөвлөж, сайн хийхийг хичээсэн юм. Энэ бүгд миний хувьд шинэ сорил байлаа. Гэхдээ өөрийгөө юу хийж чаддаг вэ гэдгийг мэдрэх бүр ч хөгжилтэй санагдсан. 

EW: Эрх чөлөөг мэдэрсэн байх даа? 

- Мэдээж. Би бусад төслүүд дээрээ янз бүрийн хүмүүстэй хамтран ажиллаж байсан. Өмнөх цомгууд дээр стилист маань миний өмнөөс бодож, санаачилдаг байсан бол энэ удаад би өөрөө бүгдийг хийсэн. Folklore цомгийг хөл хорионы үеэр хийсэн болохоор олон хүн ажиллуулж, тэднийг энэ хүнд үед эрсдэлд оруулах шаардлага байгаагүй.


EW: “Folklore” цомогт таны хэв маяг гэмээр акустик чимээ багтсан юм шиг санагдсан. Гэхдээ энэ цомогт маш олон шинэлэг зүйл байсан л даа. Aaron-оос дуу хүлээж аваад, үгийг нь бичих ямар байсан бэ?

- Aaron бол миний хамтран ажиллаж байсан хамгийн бүтээлч хүмүүсийн нэг. Зүгээр л гайхалтай байсан. Тийм болохоор би таньдаг уран бүтээлчдэдээ Aaron-той хамтран ажиллахыг зөвлөдөг. Би цомог гаргах бүрдээ найзууддаа заавал хэлдэг. Гэхдээ энэ удаагийн цомгийг манай зохион байгуулалтын баг, гэр бүл болон найз залуу маань л мэдэж байсан. Тийм болохоор цөөхөн хэдэн хүнтэй л дуунуудынхаа талаар ярилцдаг байсан. 

EW: Нууцалж чадсан болохоор сайхан байсан уу?

- Энэ зөвхөн миний л өмч юм шиг санагдсан. Цомог гэхээс илүү бараг л миний дотоод ертөнц. Яагаад гэвэл дуу хийх үедээ “Өө бурхан минь, ингэж сонсогдож байна” гэж уулга алдах шаардлага байгаагүй. Яг үнэндээ дуунуудаа бичихдээ ч ямар нэг зорилгод нийцүүлэх гэж хичээгээгүй. Энэ бол миний мөрөөдлийн орон зай байсан. 


EW: Одоо ч гэсэн тэгж санагдаж байгаа юу?

- Тийм ээ. Яагаад гэвэл би энэ цомогтоо хайртай. Надад нэг хачин зан байдаг. Шинэ цомог гаргахдаа өмнөхөөсөө сайн байлгах гэж дайрдаг. Гэхдээ энэ цомогт тэгэх шаардлага байгаагүй. Би одоо болтол энэ цомгоо хайрласаар л байна. 

EW: Та Joe Biden, Kamala Harris нарын сонгуулийн ажилд оролцсон шүү дээ. Тэднийг ялалт байгуулахад та хаана байсан бэ?

- Сонгуулийн үр дүнг зарлах үеэр би зураг авалттай байсан. Тэр үед миний утас дуугараад “Biden бол бидний дараагийн ерөнхийлөгч. Тэр ялсан” гэж хэлснийг санаж байна. 

EW: Хамгийн анх Rebekah Harkness-ийн талаар яаж мэдсэн бэ?

- Би Рөүд Айлендад байдаг гэрийнхээ ойролцоо алхаж яваад анх түүний талаар мэдэж авсан. Миний сонирхлыг ихэд татсан болохоор түүний тухай маш их судалж, уншиж эхэлсэн. 


EWБусад дуунуудад байдаг ердийн жишгийг эвдэж чадсанд тань баяртай байна. Та эдгээр түүхүүддээ өөрийгөө багтаая гэж бодож байсан уу?

- Кантри хөгжим гэхээр миний толгойд ийм хувилбарууд орж ирдэг. Эхний хувилбар гэвэл ямар нэг зүйлийн тухай дуулна. Хоёр дахь хувилбар нь ойр дотнынхоо хэн нэгний тухай дуулна. Харин гурав дахь хувилбар гэвэл “би”. Ингээд шинэ цомогтоо өөрийнхөө дүрийг оруулбал хувийн амьдрал эсвэл намайг тойрсон дуулиан шуугианаас багтаана гэж боддог байсан. 

EW“Folklore” цомогт багтсан зарим дуунууд таны хувийн амьдралаас сэдэвлэсэн байсан. Ялангуяа Scott Borchetta, Scooter Braun нартай холбоотой юм шиг санагдсан. 

- Таны энэ хорвоо дээр хамгийн их итгэж байгаа хүн хэзээ нэг өдөр таныг хамгийн их гомдоож мэдэх нэгэн. Эхнэр нөхрийн харилцаа хоёр тийш болох үед төрдөг мэдрэмжийг төсөөлж “My Tears Ricochet” дууг би өөрөө бичсэн. Хамтдаа жаргалтай байсан бүх зүйл нэг л өдөр шаналал болж хувирна. Магадгүй хамгийн дотнын найз чинь хамгийн том дайсан чинь болохыг үгүйсгэхгүй. Би дуугаараа тиймэрхүү мэдрэмжүүдийг л гаргахыг хичээсэн. Хамгийн анх “Marriage Story” киног үзээд энэ дуу хийх санаа орж ирсэн. Тиймээс эдгээр дуунууд бол зарим талаараа төсөөллөөс бүтсэн гэхэд болно. Гэхдээ нөгөө талаараа зөвхөн төсөөллийн ертөнц ч биш.


EW: Бараг эхний оролдлогоор дуугаа бичүүлсэн анхны тохиолдол байсан уу?

- Тийм шүү. Дүрмийг зүгээр л хаясан. Миний толгойд олон дүрэм байдгийн нэг нь “чи урьд нь үүнийг хийж үзээгүй болохоор чадахгүй байх” гэдэг дүрэм. Яг үнэндээ хэн ч ийм байх ёстой гэж хэлээгүй байхад энэ дүрмийг дагах ёстой юм шиг л санагддаг байсан. Гэхдээ энэ цомог дээр ажиллахдаа хийхийг хүссэн зүйлээ л хийсэн. 

EW: Дахиад тоглолт хийх боломж гарвал “Lover Fest” шиг ямар нэг зүйл хийх бодол байгаа юу?

- Хариулахын тулд маш удаан хугацаанд бодох шаардлагатай байна. Яагаад гэвэл юу ч хийсэн шүтэн бишрэгчдээ баярлуулах нь чухал шүү дээ. Би илүү их хичээх болно. 

#Ярилцлага #Залуус #Алдартан