"Pixar" студийн цоо шинэ бүтээл "LUCA"


Г. Номин | YOLO.MN
2021-01-25

"Pixar" кино компани цоо шинэ адал явдлыг өгүүлэх "Luca" анимэйшнийхээ дүрийн зургуудыг танилцууллаа. 

Тус кино компаниас "Luca" бүрэн хэмжээний анимэйшн гарах талаар мэдээллийг өнгөрсөн оны долдугаар сард зарласан билээ. Бид бүгдийн сайн мэдэх "The Good Dinosaur" (2015) анимэйшнийг найруулсан найруулагч Enrico Casarosa-гийн дараагийн уран бүтээл болох уг анимэйшн бид бүгдийг Италийн үзэсгэлэнт далайн эргээр аялуулах бөгөөд Luca болон Alberto хэмээх найзуудын нууцлаг адал явдлын тухай өгүүлэх аж. Тэд угтаа бол далайн амьтад ч хуурай газар гарч ирэхээрээ хүний төрхөнд орж,  яг л хүмүүс бидэн шиг амьдардаг аж. 

Далайн амьдралыг өгүүлэх уг бүтээл нь ерөнхийдөө "The Little Mermaid" болон Японы алдарт найруулагч Hayao Miyazaki-гийн бүтээлийн хосолсон хувилбар гэж хэлж болно. Тиймдээ ч "Disney" кино компани болон "Ghibli" студийн бүтээлийг шимтэн үздэг хүмүүсийн хувьд заавал үзэх анимэйшн юм. Найруулагч Enrico Casarosa "Empire" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Италийн Генуя хотод төрж, 11 настайдаа дүрсгүй, үргэлж л хэрэг тарьж явдаг нэгэн хүүтэй танилцан нөхөрлөсөн тухайгаа ярьсан байдаг. Casarosa эсрэгээрээ их ичимхий хүү байжээ. Тэрээр "Luca" анимэйшнд яг ийм эсрэг тэсрэг төрлийн зан араншинтай хүүхдүүдийн нөхөрлөлийг харуулахыг хүссэн аж. 

Ингээд ирэх зургадугаар сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөж буй "Luca" анимэйшний дүр болон орчны зураглалыг хүргэж байна. 

Эх сурвалж: Collider

#Кино урлаг #Анимэйшн #Luca