Код бичиж сурах яагаад ЧУХАЛ вэ?


Орчин үед технологийн салбарт ажилладаг байхаас үл хамааран хүн бүрийг компьютерын програмууд дээр ажиллах тодорхой хэмжээний чадвартай, кодинг буюу код бичих суурь мэдлэгтэй байхыг шаарддаг болсон.  Тэр бүү хэл 7 настай хүүхэд програмчлалын хэл судалж, компьютерыг загварчилдаг болсон шүү дээ. Ингээд код бичиж сурахын давуу талуудыг энэхүү нийтлэлээрээ танилцуулж байна. 

Хүүхдүүд яаж код бичих юм бэ гэж та асууж магадгүй. Код бичнэ гэдэг маш хэцүү зүйл юм шиг ч санагдаж байгаа байх. Гэхдээ хүүхдэд зориулсан програмчлалын тусгай хэл, цогц програмууд гэж бий. Scratch, Tynker гэх мэт програмчлалын хэлийг ашиглан маш сонирхолтой, амархан аргаар код бичиж сурах боломжтой байдаг. Код бичиж сурах нь дараах үндсэн дөрвөн давуу талтай. 

1. АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАР

Software engineer буюу компьютерын програм хөгжүүлэгч нарын гол ажил бол асуудлыг шийдвэрлэх. Аливаа төвөгтэй нөхцөл байдалд бүтээлч шийдэл гаргаж, шинэлэг гарц эрэлхийлэн түүнийгээ бүтээх нь тэдний гол ажил юм. Код бичих нь хүүхдэд асуудлыг олон жижиг хэсэгт хуваан олон талаас нь харж, бүтээлч, логикийн хувьд алдаагүй шийдэл олох чадварт сургадаг. Энэ нь дан код гэлтгүй амьдралын олон асуудалд хэрэг болдог ур чадвар юм. Тиймдээ ч үүнийг Дэлхийн эдийн засгийн форумаас хамгийн эрэлттэй ур чадвар хэмээн нэрлэсэн байдаг.

2. БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ

Кодинг нь хүүхдэд төрөл бүрийн зүйл туршиж үзэх боломж олгож, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Хүүхдийн бичсэн код нь сонирхолтой, үр дүн нь хурдан гардаг учраас үүндээ урамшиж, улам ихийг бүтээх, туурвих хүсэлтэй болдог. Ялангуяа сүүлийн үед блок суурьтай, зөвхөн хүүхдэд зориулсан програмчлалын хэлүүд үүсэж байгаа нь амархан аргаар тоглоом бүтээх, анимейшны код бичих боломжийг бий болгосон.

3. ТЭСВЭР ХАТУУЖИЛ

Компьютерын шинжлэх ухааныг сайн ойлгож, код сайн бичдэг болохын тулд олон цагийн хөдөлмөр, тэсвэр хатуужил шаардлагатай. Яагаад гэвэл код бичих явцад гарсан алдаа бүрийг олж, арилгаж байж бичсэн код маань ажиллана. Энэ нь хүүхдийг тэсвэр, хатуужилд сургаж байгаа үйл явц юм. Харин бүх алдаагаа олж, програмаа бүрэн ажиллуулах үед хүүхдэд асар их урам зориг, сурах эрмэлзэл төрдөг.

4. ЛОГИК СЭТГЭЛГЭЭ

Код бичих нь асуудлыг олон жижиг хэсгүүдэд хуваах, асуудлаа шийдвэрлэхийн тулд олон өнцгөөс нь харах, хийсвэрлэн сэтгэх, бүтээлч шийдлийг эрэлхийлэх зэрэг өдөр тутмын амьдралд маань дутагддаг оюунлаг сорилтуудаар дүүрэн байдаг. Мөн математикийн хичээлийн хэрэглээг илүү өргөн хүрээнд таниулж, логик ур чадваруудыг хөгжүүлдэг тул байгалийн шинжлэх ухааны хичээлд дургүй хүүхэд ч үр дүнтэй, сонирхолтой аргаар суралцдаг.

Тэгвэл хүүхдүүд код бичиж сурах боломж Монголд бий юу?

Дээр дурдсанчлан кодинг буюу код бичих ур чадварт бага наснаасаа суралцсанаар хүүхдийн бүтээлч байдал, технологийн ур чадвар хөгждөг. Гэхдээ энэ нь та заавал программист болох албатай гэсэн үг биш. Логик сэтгэлгээтэй, бүтээлч хандлагатай, тэсвэр хатуужилтай болохыг хүсэж байгаа, олон зүйлд өөрийгөө сорьж, туршиж үзмээр байгаа хэн бүхэн код бичиж чадна.

Та код бичиж сурмаар байгаа боловч хаанаас эхлэх учраа олохгүй байгаа бол Loopy Code Academy-д хандаарай. Тус академи нь 7-18 насны хүүхдэд зориулсан кодинг сургалтыг өмнө жилээс эхлэн тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд хөл хорионы үед ч цахимаар хичээллэх боломжтой байгаа аж.

Тус академийн “Minecraft Кодинг” сургалтад хамрагдсан сурагчдын сэтгэгдэл:

- "Код бичихийн хамгийн гоё зүйл нь хүссэн зүйлээ бүтээж болдог явдал. Юу вэ гэвэл төсөөллөө бодит болгодог гэсэн үг. Би анх утасны аппликейшн дээр код бичиж сурсан. Код бичихээр юмны цаад утгыг ойлгож, алдаагаа олж, төвлөрч ажиглаж сурдаг. Өмнө нь би чөлөөт цагаараа Minecraft тоглоом тоглодог байсан. Харин том болоод IT инженер болохын тулд одооноос ъшинэ код сурч, бичиж, ном уншиж чөлөөт цагаа өнгөрүүлдэг болсон. Кодыг бүх насны хүүхэд бичиж болох ч насан туршдаа суралцах шаардлагатай. Хэрвээ багаасаа код бичиж сурвал сэтгэн бодох чадвар нэмэгдэж, алдаагаа ухаарах чадвартай болдог".

 - Д.Тэлмүүн, 11 настай

- "Би Minecraft тоглоомыг зургаан жилийн турш тоглож байгаа. “Minecraft: Education Edition” буюу боловсролын хувилбар дотор химийн хичээл ч байдаг. Би үүгээр химийн шалгалтдаа бэлдээд 97А дүн авсан. Тоглоомоо тоглонгоо программист болох мөрөөдөл, боловсролдоо хөрөнгө оруулж байгаа нь сонирхолтой санагдсан. Заримдаа код бичихэд алдаа гаргадаг ч гэсэн тэрийгээ өөрөө засаж болдог. Инженер болох хүсэлтэй, тоглоом зохион бүтээх сонирхолтой найзуудыгаа энэ сургалтад суугаарай гэж зөвлөмөөр байна".

- Ц.Мөнхтүвшин, 12 настай

- "Энэ сургалтад суугаад ямарваа нэг аппликейшн, тоглоомын үйлдлийг яаж бүтээдэг талаар мэддэг болсондоо маш их баяртай байна. Орчин үед хүний гараар хийгдсэн цахилгаан, дижитал хэрэгслүүд хэрхэн ажилладаг, цаана нь ямар код байдаг талаар сурсан. Сургуулийнхаа мэдээлэл зүйн хичээлээр код бичих талаар судалж байсан ч бичиж үзээгүй. Харин одоо код бичихэд өмнө нь Minecraft тоглоом тоглодог байсан маань их тус болж байгаа. Гэхдээ нэг алдаа гаргачихвал эхнээс нь дахиж хийдэг нь их хэцүү байдаг".

- Б.Баатар, 12 настай

- "Би зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх талаар аав, ээжтэйгээ ярилцаад “Minecraft Бүтээлч Кодинг” сургалтанд хамрагдахаар шийдсэн.  Код бичих талаар сурснаар Minecraft дотор бүтээн байгуулалт хийх явцыг илүү зугаатай, хялбархан болгож өгдөг. Өмнө нь Minecraft-аар том байшин барих гэж 2-3 цаг болдог байсан бол код бичиж сураад  аравхан минутанд барьж чаддаг болсон".  

- Австрали улсын New South Wales мужаас цахим хичээлд хамрагдаж буй Б.Анар, 11 настай

#Боловсрол #Ур чадвар #Код бичих