Кпопын эргэн тойронд: 2PM хамтлаг цомог гаргана


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-18

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2PM ХАМТЛАГ ЦОМОГ ГАРГАНА

2PM хамтлаг энэ онд бүрэн хэмжээний цомог гаргаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна хэмээн мэдэгджээ.

JYP энтертайнментаас мэдээлснээр 2PM хамтлагаас цэргийн албаа хааж дуусгаж буй сүүлийн гишүүн Junho ирэх гуравдугаар сард халагдах аж. Ийнхүү 2PM хамтлагийн бүх гишүүд цэргийн албаа хааж дуусгаад бүрэн хэмжээний цомог гаргахаар төлөвлөсөн гэнэ.

Тус хамтлагийн хувьд 2008 онд анх “Hottest Time of the Day” хэмээх уран бүтээлээ гаргаж байжээ. Ийнхүү Кпоп хөгжмийн томоохон төлөөлөгчид болсон хэдий ч 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй юм.

2PM хамтлагийн гишүүд:

- “Бид бүрэн бүрэлдэхүүнээрээ чанартай уран бүтээлээр эргэн ирэх болно. 2PM-ээр дүүрэн 2021 оныг хүлээгээрэй” гэжээ.

YOO JAE SUK ОХИДОД ЗОРИУЛЖ 50 САЯ ВОН ХАНДИВЛАЛАА

Хөтлөгч Yoo Jae Suk “Won to the G” сангаар дамжуулж орлого багатай өрхийн охидод 50 сая вон хандивлажээ. Уг хандиваар охидод зургаан сар хэрэглэх ариун цэврийн хэрэглэл гараар бичсэн захидлын хамтаар очих аж. Тус сангийн захирал Park Chung Kwan:

- “Өсвөр насныханд халуун сэтгэлээ хуваалцсан Yoo Jae Suk-д талархал илэрхийлмээр байна. Ариун цэврийн хэрэглэл нь эмэгтэй хүн бүрд байх ёстой зүйл бөгөөд манай сангийн зүгээс ариун цэврийн хэрэглэлийг хэрэгтэй байгаа эмэгтэйчүүдэд нь хүргэхийн төлөө чадах бүх зүйлээ хийх болно” гэжээ.

Хөтлөгч Yoo Jae Suk өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ч мөн ийм хандив өгч байжээ.

IRENE ДАХИН УУЧЛАЛТ ГУЙЛАА

Red Velvet хамтлагийн гишүүн Irene энэ сарын 15-ны өдөр Lysn порталд дараах захидлыг нийтэлжээ.

- “Өглөөний мэнд. Irene байна.

Цас их орсон болохоор цаг агаар хүйтэрчээ. Та нар минь сайн байгаа биз дээ?

Хожимдсон хэдий ч бичгээр мэндчилгээ дэвшүүлж суухдаа чичирч байна. Юун түрүүнд өөрийн дутуу дулимаг байдлаасаа болж эргэн тойрныхоо хүмүүсийг зовоосонд уучлалт хүсье.

2009 онд 19 настайдаа дадлагажигч болсноос хойш өнөөдрийг хүртэл та бүхний өмнө Red Velvet хамтлагийн Irene-гийн дүрээр зогсож байсан нь миний амьдралын хамгийн сайхан мөч байв. Би урлагийн ертөнц дэх бяцхан орон зайдаа өөрийнхөө чадах бүхнийг хийж, ажил бол миний хувьд хамгийн чухал зүйл хэмээн боддог байлаа.

Эргэн тойрныхоо хүмүүстэй өөрийнхөөрөө харьцдаг байсан болохоор миний харилцаа бусдад асуудал үүсгэж байна ч гэж мэдсэнгүй. Би зүгээр л харилцаа болгон өөр гэж боддог байв. Өнгөрсөн хугацаанд зөвхөн олон нийтээс төдийгүй ойр дотнынхоо хүмүүсээс ч санаа зовж, зэмлэл сонссон. Энэ нь надад бүгдийг чимээгүйхэн эргэцүүлэх хугацааг өгсөн юм. Манай хамтлагийн гишүүд, шүтэн бишрэгчид, ажилтнууд минь анхаарал тавьж байсны ачаар би ажилдаа эргэж орох боломжтой гэдгээ ойлголоо.

Цаг хугацааг эргүүлж болохгүй учраас алдаагаа давтахгүйн тулд маш их хичээж байна. Үг, үйлдэл гэдэг үнэхээр хүчтэй гэдгийг ойлгосон учраас илүү төлөвших болно. Ирээдүйд Red Velvet хамтлагийн дуучин, ахлагчийн хувьд сайн талаа харуулаад зогсохгүй Bae Joo Hyun гэдэг хүний хувиар та бүхний урмыг хугалахгүй байхыг хичээх болно. Надаас болж хэн нэгэн шүүмжлэлд өртөхгүй байх гэж найдаж байна. Хожимдсон ч гэсэн шинэ оны мэнд хүргэе” гэжээ.

MNET ШИНЭ НЭВТРҮҮЛГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Mnet телевизийн сувгаас “Girls Planet 999” хэмээх өрсөлдөөнт нэвтрүүлэг хийхээр болжээ. Энэ нэвтрүүлэгт 16-гаас дээш настай, дуучин болох мөрөөдөлтэй Хятад, Солонгос, Япон улсын охид оролцох боломжтой аж.

“Girls Planet 999” нэвтрүүлэг нь хувиараа бэлтгэл хийдэг болон компанитай гэрээ байгуулж дадлагажигч болсон, өмнө нь дуучин байсан хэн бүхэнд нээлттэй аж.

A PINK ХАМТЛАГИЙН NAEUN КИНОНД ТОГЛОНО

A Pink хамтлагийн дуучин Naeun “No Longer Human” хэмээх олон ангит кинонд тоглохоор болжээ. Уг киноны талаар тодорхой мэдээлэл гараагүй боловч одоогоор Jeon Do Yeon, Ryu Jun Yeol, Park Byung Eun, Cho Eun Ji, Kim Hyo Jin болон Park Ji Young гэсэн жүжигчид дүр бүтээнэ гэдгээ мэдэгджээ.

Son Naeun 2011 онд A Pink хамтлагийн гишүүнээр олон нийтэд танигдаж, 2012 оноос кинонд тоглож эхэлжээ. Тэрээр өнгөрсөн онд MBC телевизийн сувгийн “Dinner Mate” олон ангит кинонд гол дүр бүтээсэн юм.

SM ЭНТЕРТАЙНМЕНТ ХӨВГҮҮДИЙН ХАМТЛАГТ ГИШҮҮН ШАЛГАРУУЛЖ АВНА

SM энтертайнментаас хөвгүүдийн шинэ хамтлаг байгуулахаа мэдэгдэж, дадлагажигч шалгаруулж авахаар болжээ.

“2021 Global SM New Boy Group Audition” нь 2002-2008 оны хооронд төрсөн, дуучин болох мөрөөдөлтэй хөвгүүдэд нээлттэй бөгөөд аль ч орноос оролцох боломжтой.

SM энтертайнментаас онлайн шалгаруулалтын материалаа нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 15 хүртэл хүлээж авах бөгөөд оролцохыг хүссэн хүмүүс өөрсдийн дуулж бүжиглэж буй бичлэгээ илгээх шаардлагатай аж.

Харин дараагийн шатанд тэнцсэн хүмүүсийг хоёрдугаар сарын 29-нөөс эхлэн зарлах ба гуравдугаар сарын 31-ний өдөр гэхэд дадлагажигчдаа эцсийн байдлаар сонгож авч дуусах юм байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд