Өглөө эрт сэрэхийн тулд олон удаа сэрүүлэг тавих нь БУРУУ


Миау | YOLO.MN
2021-01-15

Эрт сэрэх шаардлагатай өдрийн өглөө сэрүүлэг дуугарахад таван минутаар хойшлуулчхаад унтах шиг сайхан мэдрэмж үгүй. Гэвч сэрүүлгээ тав таван минутаар хойшлуулан унтах нь бие махбодод тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй гэнэ. Яагаад гэдгийг энэхүү нийтлэлээрээ тайлбарлая.

Дэлхий дээр хоёр төрлийн хүн байдаг. Эхний бүлэгт багтах хүмүүс эрт сэрэхийн тулд ганцхан сэрүүлэг тавьж, сэрүүлэг дуугарсны дараа шуудхан босдог. Харин дараагийн бүлэгт хамрагдах хүмүүсийн тоо эхний бүлэгт хамрагдах хүмүүсээс хэд дахин их байх бөгөөд тав, арван минутын зайтай олон сэрүүлэг тавих, эсвэл нэг тавьсан сэрүүлгээ тав, арван минутын хугацаатайгаар хойшлуулдаг зуршилтай байдаг. Энэ төрлийн хүмүүс “За за, өнөөдөртөө өглөөний цайгаа алгасчихъя” эсвэл “нүүрээ будахгүйгээр явчихъя” хэмээн өөртөө тайлбар тавьж, сэрэх ёстой цагаасаа тээр сүүлд сэрнэ. 

Стэнфордын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор, нойрны мэргэжилтэн Rafael Pelayo-гийн үзэж буйгаар сэрүүлгээ хойшлуулах нь буцаад унтах таатай мэдрэмжээс гадна биеийн хэмээс ихээхэн хамаардаг аж. Өөрөөр хэлбэл хүн нойроо хангалттай хэмжээнд авч, өөрөөрөө сэрэхээс хэдхэн цагийн өмнө биеийн температур аажим аажмаар нэмэгдэж эхэлдэг байна. Хэрвээ та нойроо хангалттай хэмжээнд аваагүй байх үед буюу биеийн хэм нэмэгдэх энэхүү процессын эхэн үед сэрүүлэг дуугарвал ор тань өчигдөр нь унтах гээд хэвтэхэд мэдрэгдэж байснаас хэд дахин тухтай санагдах болно. Ийм учир ихэнх хүмүүс өөртөө “дахиад тавхан минут” хэмээн амлаад сэрүүлгээ хойшлуулдаг ажээ.

Угтаа бол хүний бие махбод гэдэг зүйл товчлуурыг нь дарахад асаж, дахин дарахад унтардаг техник хэрэгсэл биш шүү дээ. Сэрүүлгээ хойшлуулах нь харин ч сэрэх процессыг илүү удаашруулдаг тухайд мэргэжилтнүүд санал нэгддэг. Нэгдүгээрт, сэрээд буцаж унтаад дахиж сэрээд унтах энэ давтамж тайван унтах боломжийг тань үгүй хийнэ. Дьюкийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Dan Ariely-гийн үзэж буйгаар сэрүүлгээ хойшлуулах нь өдөөгч болон хариу үйлдлийн холбоог алдагдуулдаг аж. Энгийнээр тайлбарлавал эхэндээ сэрүүлэг дуугарахад шууд сэрдэг байсан бол “snooze” товчийг дарсаар байвал сүүлд нь сэрүүлгээ хойшлуулах үйлдэл тань ухамсаргүйгээр буюу автоматаар хийгддэг үйлдэл болж хувирсан байх болно.

Мөн сэрүүлгээ хойшлуулаад буцаад унтахад нойрны цикл шинээр эхэлдэг. Нойрны нэг цикл зүүрмэглэх, хөнгөн унтах, гүн унтах, зүүдлэх гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг бөгөөд ойролцоогоор 90 минутын турш үргэлжилдэг шүү дээ. Гэтэл хоёр дахь сэрүүлэг 5-10 минутын дараа буюу циклийн эхэн үед дуугарахад бие тань бүрэн сэрж чадалгүйгээр маш нойрмог байдалд ордог.

Судлаачдын үзэж буйгаар энэ нойрмог байдал дор хаяж 2-4 цагийн турш үргэлжлэх бөгөөд энэ үед танд өдөр тутамдаа хийдэг энгийн дадлуудаа хийхэд хүртэл хүндрэлтэй санагдах болно. Тиймээс нойрны мэргэжилтнүүд эхний сэрүүлэг дуугарсны дараа орноосоо шууд босохыг зөвлөдөг билээ.

Та бүхэндээ сонирхуулан хэлэхэд сэрүүлгээсээ өмнө сэрэх нь таны бие нойроо хангалттай хэмжээнд авч, сэрэхэд бэлэн болсны дохио гэнэ. Гэвч зарим тохиолдолд буюу сэтгэл гутралд орсон хүмүүс өглөө сэрдэг цагаасаа өмнө сэрэх нь бий. Тиймээс сэрүүлгээсээ өмнө сэрчихвэл сэрүүлгээ дуугарах хүртэл дахиад жоохон унтчихъя гэж хойшлуулалгүйгээр шууд орноосоо босож хэвшээрэй. 

Эх сурвалж: Slate

#Эрүүл мэнд #Нойр #Тархи #Зөвлөгөө